1,5 сая хүнтэй нийслэлийн асуудлыг шийдэх ХУУЛЬ

Хуучирсан мэдээ: 2021.07.01-нд нийтлэгдсэн

1,5 сая хүнтэй нийслэлийн асуудлыг шийдэх ХУУЛЬ

1,5 сая хүнтэй нийслэлийн асуудлыг шийдэх ХУУЛЬ

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаас хойш түүнийг дагаж олон хууль, тогтоомжид өөрчлөлт оруулж буй. Энэ дундаас хамгийн чухал, хүн амынх нь дийлэнх нь амьдардаг нийслэлчүүдийн эрх зүйн байдлыг шинэчлэх, эдийн засгийн хувьд чадамжтай болгох чухал хууль бол Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль. Энэ хуулийг шинэчлэн найруулж, УИХ-д өргөн барьсан бөгөөд УИХ хэлэлцэхийг нь дэмжээд явж буй. Өөрөөр хэлбэл, эхний босгоо давлаа.

Монгол Улс 1994 оны долдугаар саын 5-ны өдөр Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан байдаг. Энэ хугацаанд тус хуульд нэг л удаа нэмэлт, өөрчлөлт оруулж байжээ. Гэтэд 1994 оноос хойш нийслэлийн хүн амын өсөлт, эдийн засгийн чадамж, өргөжин тэлэх, бүтээн байгуулалт өрнөхийн хэрээр хуулийг өөрчлөх ёстой хэмээн үзэж, шинэчлэн найруулжээ.

Энэ хууль анх батлагдахад нийслэл 117 хороо, 609 мянган оршин суугчтай байсан бол өнөөдөр 173 хороо, 1,5 сая орчин хүн амтай, улсын хэмжээнд нийт аж ахуй нэгжийн 63 хувь, Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 64,5 хувийг үйлдвэрлэж байна. Нийслэлийн хүн ам эрчимтэй өсч, эдийн засаг, нийгмийн үйл ажиллагаа идэвжиж, хот төлөвлөлт, бүтээн байгуулалт, байгаль орчны асуудал хөндөгдөх болж.

Аливаа улсын нийслэл хот нь бие даасан хот гэхээсээ илүү тухайн улсын өнгө төрх болж, гадаадын жуулчдын сонирхлыг татдагийн хувьд түүний эдийн засгийн хөгжлийн бодлогыг тусгайлан авч үзэж, онцлог зохицуулалтын хүрээнд дэмжих олон улсын жишгийн дагуу Монгол Улсын нийслэл хотын хөгжлийг дэмжих төрийн үүргийн талаарх зохицуулалтыг бий болгох шаардлагатай байна. Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулиар олгосон Монгол Улсын иргэний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн баталгааг хангах нь нийслэл хотын удирдлагын үүрэг боловч нийслэл хот нь иргэний энэхүү эрхийг бүрэн хангахад чиглэсэн нийгэм, эдийн засаг, санхүүгийн асуудлаа бие даан шийдвэрлэх эрх зүйн боломж зарим талаар хязгаарлагдмал байна. Ийнхүү нийслэлд шинэ тутам үүсэж байгаа хүндрэл бэрхшээл, тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх, нөгөө талаас нийслэл дэх давуу талыг ашиглан хөгжүүлэх замаар улс орны эдийн засаг, нийгмийн амьдралд эерэг нөлөө үзүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх нь зүйтэй байна. Түүнчлэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжүүдийн онцлогт нь тохирсон эрх зүйн зохицуулалт, чиг үүргийг нь тодорхойлохгүйгээр аймгийг нийслэлтэй, сумыг дүүрэгтэй адилтгах байдлаар удирдлагын бүрэн эрхийг хэрэгжүүлж байгааг зарим тодорхой харилцаанд өөрчилж, нийслэл хотын эдийн засаг, нийгмийн амьдралын онцлогт тохирсон зохицуулалтыг бий болгох нь зүйтэй гэж хууль санаачлагчид үзсэн.

Хуулийн төсөл долоон бүлэг, 51 зүйлтэй.

НИЙСЛЭЛ ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН АСУУДЛАА БИЕ ДААЖ ШИЙДДЭГ БОЛНО

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдах шалтгаан:

  • Нийслэл эдэлбэр газартай, эдэлбэр  газар нь бүсчлэл, дүрэмтэй  байх бөгөөд  бүсчлэл, дүрмийг Засгийн газраас тогтоосон шалгуур үзүүлэлтийг үндэслэн нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас батлахаар тусгажээ.
  • Түүнчлэн нийслэл хот нь хотын аж ахуйн асуудлаарх тодорхой чиг үүрэг буюу нийслэлийг хөгжүүлэх сангийн менежмент, авто замын  түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, нийслэл хотын хүний нөөцийн бодлого, төлөвлөлт, түүний хэрэгжилт, орчны аюулгүй байдал, хүнсний хангамж, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагаа, хүн амын ундны болон ахуйн хэрэглээний төвлөрсөн усан хангамж, хэсэгчилсэн инженерийн хангамж, ус, дулаан, цахилгаан хангамж, гадна болон явуулын зар сурталчилгааны зохицуулалт, хяналт зэрэг бусад чиг  үүргийг бие даан  хариуцан хэрэгжүүлэх.
  • Мөн нийслэл хот өөрийн дүрэмтэй байх бөгөөд дүрмийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батлахаар тусгав. Хотын дүрэмд тусгах асуудлыг хуульд тодорхой болгожээ. Тухайлбал,  ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн, авто зогсоол, автозамын арчлалт хамгаалалт,  шашны, соёлын үйл ажиллагаа, аялал жуулчлалын байгууллага, зочид буудлын үйл ажиллагааны бүртгэл, зэрэглэл тогтоох, мал, тэжээвэр амьтны зохицуулалт, такси, хүргэлтийн үйлчилгээ, нисгэгчгүй нисэх төхөөрөмж буюу дроны ашиглалт зэрэг нийслэл дэх нарийвчилсан зохицуулалт шаардлагатай  үйл ажиллагааг зохицуулалт оруулжээ. Түүнчлэн дүрмийн төслийг боловсруулахдаа олон нийтийн саналыг заавал авах, баталсны дараа иргэдэд таниулах боломж олгох зорилгоор гурваас доошгүй сарын дараа дагаж мөрдөхөөр зохицууллаа.
  • Нийслэлийн эдийн засгийн харилцааны талаар тусгасан бөгөөд  нийслэл хот нь Монгол Улсын Үндсэн хуулиар тодорхойлсон “эдийн засаг, нийгмийн цогцолбор”-ын хувьд тусгай болон хотын аж ахуйн асуудлаарх бусад чиг үүргийг хэрэгжүүлэхдээ эдийн засаг, нийгмийн асуудлаа бие даан шийдвэрлэх бодит боломжийг бүрдүүлэх ёстой гэж үзжээ. Ингэхдээ нийслэл хотын эдийн засгийн үндэс, нийслэлийн өмч, түүний харилцаа, нийслэлийн үнэт цаас гаргах, концесс олгох, нийслэл хотын албан татвар, түүнчлэн нийслэлийг хөгжүүлэх сантай байж болохоор, сангийн хөрөнгийн эх үүсвэр болон зарцуулах үйл ажиллагааг тодотгожээ. Харин нарийвчилсан харилцааг Өрийн удирдлагын тухай, холбогдох татварын болон бусад хууль тогтоомжоор зохицуулахаар дагах хуулийн төсөл боловсруулжээ.  Түүнчлэн нийслэл хотын чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотой ажил, үйлчилгээг нийслэлийн өмчит  болон нийслэлийн өмчийн оролцоотой хуулийн этгээдээр  гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлдэг байх зохицуулалтыг тусгаж, нийслэлд хөрөнгө оруулах боломжийг нэмэгдүүлэх үүднээс нийслэл дэх хөрөнгө оруулалтыг тусгайлан дэмжих зохицуулалтыг нарийвчлан тусгасан байна.
  • Нийслэлийн оршин суугчийн эрх, үүргийг хуульчилж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, орчноо тохижуулах, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг засч сайжруулах, орчны аюулгүй байдлыг хангах, замын түгжрэл, хог хаягдал, орчны бохирдол, тулгамдсан  бусад асуудлыг шийдвэрлэх зэрэг нийслэл хотыг хөгжүүлэх үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулсан иргэн, хуулийн этгээдийг урамшуулах зохицуулалт бий болно.
  • Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, хөгжлийг дэмжих, иргэдийн таатай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх, нийслэл хотод болон иргэн аж ахуйн нэгж байгууллагад эдийн засгийн хувьд эерэг нөлөө үзүүлэх зорилгоор нийслэл хотын дагуул хот болон эдийн засгийн тусгай бүс байгуулна. Нийслэлийн дагуул хот нь эдэлбэр газартай, хүн ам, эдийн засаг, дэд бүтэц, тээвэр, логистикийн нэгдмэл тогтолцоог бүрдүүлж, газар зүйн байрлал болон нийслэл хотын тусгай чиг үүргийг гүйцэтгэхэд стратегийн ач холбогдолтой, дэд бүтэц бүхий төвлөрсөн суурин газар байхаар хуульд тодорхойлжээ. Дагуул хотыг байгуулах, түүний чиг үүрэг,  удирдлага, зохион байгуулалтын талаар нарийвчлан тусгасан. Дагуул хотыг засаг захиргааны бусад нэгжийн нутаг  дэвсгэрт дамнан байгуулж болох бөгөөд дагуул хотыг УИХ-ын шийдвэрээр байгуулна.

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг өөрчлөх, шинэчлэн батлах санаачлагыг үе үеийн Хотын дарга гаргадаг ч УИХ дээр гацах, улс төрийн дэмжлэг авч чадахгүй явсаар өдийг хүрсэн. Энэ удаад Хотын дарга Д.Сумъяабазарт Засгийн газар, УИХ дээр аль алин дээр нь улс төрийн дэмжлэг байгаа учраас ийн Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг батлуулах  санаачлагад идэвхтэй ажиллаж байна.

Дүүрэг, нийслэлийг хөгжүүлэхэд эрх зүйн орчин байхгүйгээс ажил явдаггүй, урагшилдаггүй байдлыг нийслэлээс сонгогдсон гишүүд хамгийн сайд мэднэ. Үүнд нийслэлээс сонгогдсон УИХ-ын гишүүд ч идэвхтэй оролцох хэрэгтэй.

Энэ хууль нь Хотын даргын амбиц гэхээс илүү 1,5 сая хүн амьдарч байгаа нийслэлчүүдийн эрх зүйн орчин, нийгэм, эдийн засагт том дэвшил авчрах чухал хуулийн төсөл юм.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж