1921 ОН. КОММУНИСТ НАМ БАЙГУУЛАГДАВ
Хятадад 1920-иод оны эхээр цагийн байдал ороо бусгаа байлаа. Учир нь Чин гүрний сүүлчийн эзэн хаанаас төрийн эрх мэдлийг хүлээж авсан анхны Бүгд найрамдах засгийн газар 10 хүрэхгүй жилийн дотор нуран унаж, улмаар ард түмэн нэгдсэн нэг захиргаагүй, “гүйдлээ олохгүй” зүдэрч байв. Хүч чадал, эрх мэдлээ авч үлдсэн ноёд жанжид тэр л самуун үеийг ашиглан төрийн эрхийг булаацалдаж, өөр өөрсдийн эзэмшил нутаг, цэрэг армиа удирдан тулалдаж эхлээд байлаа. Гэвч энэ утга учиргүй их дайн тулааны хөлд энгийн номхон ард олноор өртөн амь үрэгдэж, өлсгөлөнд нэрвэгдэж байв.
Түүний зэрэгцээ Коминданы нам төв засгийн газрын удирдлага дор улс орноо нэгтгэх олон оролдлого хийсэн ч тухай бүрдээ бүтэлгүйтлийн гашуун амтнаас өөрийг олж долоосонгүй.
Чухам энэ нөхцөл байдлаас төрсөн жижиг бүлгэмүүд социалист зохиолч Карл Маркс, Оросын хувьсгалч Владимир Лениний коммунист үзэл санааг орон даяар ухуулан сурталчилж эхэлсэн юм. Бүлгэмүүд анх 1921 оны долдугаар сарын 23-ны өдөр Шанхайд цугларч нүүр нүүрээ харцгааж байжээ. Албан ёсны түүхэн баримтыг сөхөж үзвэл тухайн үед ердөө 50 орчим залуус “Хөрөнгөтний үзэл суртлыг пролетариат ажилчин ангийн хувьсгалч армийн үнэт зүйлээр даран зайлуулахын төлөө” үзэл санаагаараа нэгдэж байв.
Тэрхүү 50 орчим залуусаас ердөө хоёрынх нь нэр л 1949 онд Бүгд Найрамдах Хятад Ард улсыг байгуулсан гавьяатай хэмээн дурсагддаг билээ. Тэд бол Мао Зедун, Дон Бивү нар. Учир нь намын бусад залуус үхэж үрэгдэж, намаасаа гарч, их үйлсэд гар бие оролцохоос татгалзсаар замын дундаас орхигдоцгоосон байжээ.
Гэвч өдгөө намын анхны хурал, зөвлөгөөнүүдийн талаар албан ёсны баримт хомс учир ерөнхийд нь тооцож, долдугаар сарын нэгэнд намын ойн баярыг тэмдэглэдэг болсон аж. Ийнхүү өнөөдөр/2021.7.1/ Хятадын Коммунист нам 100 нас хүрч байна.
1934 ОН. УРТ ЖАГСААЛ ЭХЛЭВ
10 мянган км замыг туулсан урт жагсаал зөвхөн Коммунист намын түүхэн дэх чухал үйл явдал болохоос гадна Маог намын хосгүй удирдагч болоход хамгийн ихээр нөлөөлсөн хүчин зүйл байв.
Коммунист намын түүхийг судлаачдынхаар бол урт жагсаал боломжгүйг боломжтойд хувиргаж, алдар суугаа мандуулсан баатарлаг үе юм. Харин шүүмжлэгчдийн ярьдгаар урт жагсаал хэдэн арван мянган хүний амь насыг зольсон цэрэг, дайны их сүйрэл аж.
Тухайн үед Чан Кайшигийн удирдсан Коминданы нам Хятадыг бараг л эрхшээлдээ байлгаж байсан хэдий ч Коммунист намыг дэмжигч ард түмний байгуулсан зэвсэгт бүлэглэлүүдийн ширүүн эсэргүүцлийг дарж чадаагүй байлаа.
Чан Кайши тухайн үед төв талбарын дайн гээчийг эхлүүлж, Коммунистуудыг бүслэн хааж, бүрмөсөн дарах зорилго тавьжээ. Түүний тулд нийт таван удаа дайны ажиллагаа зохион байгуулсан гэдэг. Эхний хоёр ч ажиллагаа тэр дороо бүтэлгүйтэж, гуравдугаар ажиллагаа ажиллагаа бүтэлгүйтэж, 3-р ажиллагаа нь Орос, Японы хооронд болсон Мукдений тулаанаас болж хэрэгжсэнгүй. Түүнчлэн дөрөвдүгээр ажиллагаа 1932 онд эхлээд, эхэндээ амжилт олж байсан ч жилийн дараа мөн л бүтэлгүйтжээ. Эцэст нь 1933 оны сүүлээр тавдугаар ажиллагаа эхэлж, Чан Кайши Зөвлөлт Жианши мужийг тойруулан найман км тутамд уйгагүй бэхлэлт босгон бүсэлж эхлэв. Улмаар Коммунист намынхны хангамж, хоол хүнс тасалдахын эрхэнд хүмүүстээ ухрах тушаал өгсөн аж.
Тэд ийнхүү Хятадын өмнөд нутгийн байраа орхин умардын байр хүртлээ нийт 12500км зам туулан ухарсан бөгөөд энэ үйл явдлыг түүхэнд урт жагсаал хэмээн тэмдэглэн үлдээжээ.
Энэ замд Мао цэргүүдээ удирдан Чан Кайшигийн цэргүүдтэй тулалдангаа 18 уул давж, 24 гол гаталж, замдаа тааралдсан тариачдыг эгнээндээ элсүүлэн зэвсэг бариулж, газрын эздээс дээрэмдэхдээ дээрэмдэж, гуйхдаа гуйж хүчээ сэлбэсээр Ян Ань хотод хүрчээ. Анх 75 мянган цэрэг, 20 мянган ардтай, нийт 100 мянга орчим хүнтэй эхэлсэн урт жагсаал Ян Аньд ердөө долоон мянган хүн болж ирсэн гэдэг.
Ийнхүү амь гарч чадсан ч ихэнх хүнээ алдсан Коммунист нам ерөнхийдөө өрсөлдөөнөөс хасагдаад байсан юм. Намын дотоодод гэвэл бусад удирдагч нарын манлайлал эцэс болж, зөвхөн Маогийн нэр хүнд өндөрт мандаж, Коммунист намын цор ганц, хосгүй удирдагч болон мандаж байлаа. Гэхдээ удалгүй Маогийн удирдлага дор Коммунист нам Ян ань хотод Хи Жиньпин тэргүүтэй шинэ хүмүүсийг элсүүлэн дахин сэргэсэн юм.
1949 ОН. БНХАУ БАЙГУУЛАГДАВ
Коммунист намыг бүрмөсөн дарах Коминданы намын төлөвлөгөөг Японы эзлэн түрэмгийлэл тасалдуулжээ. Улмаар Мао, Чан хоёр тал 1937 онд галаа зогсоож, Японы эсрэг тулаанд хүчээ нэгтгэн байлдсан түүхтэй. Тус дайн 1945 онд Япон дэлхийн хоёрдугаар дайнд бууж өгснөөр өндөрлөсөн юм.
Тийнхүү дайнд ялсны дараа төр улсаа засах ажил эхэлж, Маогийн тал Засгийн газарт бугласан авлига, хүнд суртал, цэргийн дарангуйллыг илчилж, олон нийтийн хундэтгэл, дэмжлэгийг хүртсээр байлаа. Харин Коминданы нам цуст иргэний дайнд ялагдсанаа хүлээж, Чан Кайши үлдсэн цэргүүдээ аван Тайваньд дүрвэсэн гэдэг. Түүнээс хойш одоо ч Тайпэй, Бээжингийн маргаан үргэлжилж, Тайвань өөрсдийгөө бие даасан, тусгаар тогтносон Бүгд Найрамдах Хятад улс хэмээн тунхаглах боловч, түүнийг Бээжин үл хүлээн зөвшөөрч, Бүгд Найрамдах Хятад Ард улсын нэгэн хэсэг хэмээн зүтгэсээр буй.
Мао Зедун 1949 оны аравдугаар сарын 1-нд Бээжингийн Тянь Ань Миний орой дээр зогсоод, шинэ эрин үеийг эхлүүлж, БНХАУ-ыг байгуулж байгаагаа зарласан юм.
1958 ОН. МАОГИЙН ИХ ҮСРЭЛТИЙН БОДЛОГО
Дэлхийн олон орон хоёрдугаар дайны дараах эдийн засгийн хямралыг даван туулахаар эрвийх дэрвийхээрээ хичээж байсан үе. Мао Зедун ч мөн Хятадын эдийн засгийг хэрхэн богино хугацаанд эрс өсгөх талаар ихийг бодож, төлөвлөж явжээ. Тэрбээр 1957 онд Зөвлөлтийн удирдагч нартай ярилцахдаа 15 жилийн дотор Нэгдсэн Вант улсын дээр гарна хэмээн амлаж байв.
Гэвч Маогийн хөдөө аж ахуйгаас аж үйлдвэржилт рүү шилжих огцом өөрчлөлт эхэндээ сүйрэл дагуулж байлаа. Учир нь тариачид, фермерүүд тариан талбайгаа орхиод, аж үйлдвэржилтэд ашиглах гол түүхий эд төмрийг боловсруулах ажилд, зарим нь ухуулах, нэгдэл байгуулах зэрэг ажилд дайчлагдав. Улмаар хүнсний хомсдол үүсч, ард иргэд өлсгөлөнд нэрвэгджээ.
Буруу тооцооллоос болсон их өлсгөлөн Хятадыг нөмөрч, зарим эх сурвалжийн тооцоолсноор 30 сая орчим хүн өлбөрч үхсэн гэдэг.
Гэвч Коммунист намын түүхэнд өлсгөлөнгийн шалтгааныг их үсрэлтийн бодлого бус байгалийн гамшигтай холбон тайлбарладаг билээ.
1966 ОН. СОЁЛЫН ХУВЬСГАЛ
Их үсрэлтийн бодлого бүтэлгүйтсэн нь Маогийн их хүч чадал, нэр хүндийг сулруулж эхэлжээ. Тиймээс тэрбээр арга барилаа өөрчлөн, суудлаа алдахгүйн тулд улс төрийн өрсөлдөгчдөө дарж, ард түмний Коммунист намд үнэнч сэтгэлийг бататгах кампанит ажил өрнүүлсэн юм.
Тийнхүү Мао огт сануулга өгөлгүйгээр Коммунизмын эсрэг бүлгэмүүдийг муу муухай, атгаг санаатан хэмээн зарлаж, бүгдийг нь “цэвэрлэх” хэрэгтэй гэжээ.
Түүний энэ үг олны чихэнд маш хурдан тарж, хяналтаас гарчээ. Өөрсдийгөө улаан хамгаалагчид хэмээн нэрлэсэн оюутан сурагчдын бүлгүүд нотлох баримт зэргийг үл харгалзан хувьсгалын эсрэг, хүний эрхийг дээдлэгч, хөрөнгөтний, империалист үзэлтэн гэж сонсогдсон хэнийг ч хамаагүй залхаан цээрлүүлж байлаа.
Орон даяар сурагчид багш нарыгаа капиталист, урвагч хэмээн буруутган зодож, нүдэж, тамлаж, эрүүдэн шүүж, нийтийн өмнө шившиг болгож, түр хуарангууддаа хорьж байв. Тэр их дарамт, тамлалыг зарим нь давж чадалгүй амь үрэгдэж, зарим нь амиа егүүтгэж байсан гэдэг. Байдал арай намжсаны хойно улаан хамгаалагчдын өөр бүлгүүд гарч, ардын чөлөөлөх армиас зэвсгийн дэмжлэг аван өмнөх улаан хамгаалагчдыг дарж эхэлсэн байна.
Энэ үймээн самуун 1976 онд Маогийн үхлээр өндөрлөсөн юм. Соёлын хувьсгалыг өдгөө олонх түүхчид олон сая хүний амиар тоглосон их сүйрэл хэмээн дүгнэдэг аж.
Харин 1981 онд Коммунист нам соёлын хувьсгалыг “БНХАУ-ын түүхэн дэх хамгийн том ухралт, Коммунист намын хамгийн их хохирол амссан үйл явдал” гэж тодорхойлсон билээ.
1979 ОН. ТӨР УЛСЫГ ЗАСАН БАЙГУУЛЖ ЭХЭЛСЭН НЬ
БНХАУ хамгийн ядуу буурай улсуудын эгнээнээс Дэлхийн хоёр дахь том эдийн засаг болтлоо дэвшсэн нь 1979 онд эхэлсэн төр улсыг засах бодлогын ач гавьяа юм.
Маог үхсэний дараа түүний доод албан тушаалыг хашиж байсан Хуа Гуофен намын дарга болж дэвшжээ. Гэвч тун ч удалгүй намын өөр нэг ахмад Ден Шиаопин түүний суудлыг булаасан юм. Соёлын хувьсгалын үеэр Хуа Гуофен Ден Шиаопинг албан тушаалаас нь огцруулж байсныхаа хувьд нэгэн өртэй үлдсэн байв. Харин Ден дээрх явдалд хорсон байсаар хувьсгалын дараа намд дахин элсэж, хүч чадал, эрх мэдлээ бататгасаар Хуаг түлхэн унагасан нь тэр байж.
Дений гол бодлогуудын нэг нь төр улсын засах бодлого бөгөөд үүгээрээ тэр засгийн газрын эдийн засаг, хувийн эрх чөлөөнд тавих хяналтыг сулруулж, хэдийн тогтсон нэг намын социалист бодлогыг зах зээлийн бодлоготой хослуулан хөгжүүлэх байв. Ингэснээр Хятад улс хатуу төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас хөндийрч, илүү капиталист гэмээр эдийн засагтай болов.
Эхлээд фермерүүд бараа бүтээгдэхүүнээ чөлөөтэй зарж борлуулах боломжтой болсон бол удалгүй шинийг санаачлагчид өөрсдийн гэсэн бизнес нээж болохоор болов. Улмаар чөлөөт зах зээлийн онцгой бүсүүд бүрэлдэн тогтож эхэлжээ.
Гэвч Дений энэ бодлого намыг чухал асуултанд унагаж орхисон юм. Коммунист улс зах зээл, капитализмын эдийн засгийн үр шимийг харамгүй хүртэнгээ ард түмнээ хатуу гараар захирах боломжтой юу?
1989 ОН. ТЯНЬ АНЬ МИНИЙ ТАЛБАЙН ХЯДЛАГА
Хятадын эдийн засаг нээлттэй болохын хэрээр авлига газар авч, зарим хүмүүс бүүр их эрх чөлөөнд тэмүүлэх болов.
Эдийн засгийг либералчилсан нь Хятадыг аажмаар баян болгож байсан ч Коммунист нам олон нийтийн амьдралын олон чухал зүйлийг захирч, үг хэлэх эрх чөлөө, олон улсын аяллыг боож хаасаар байлаа.
Гэтэл 1989 оны дөрөвдүгээр сард Хятадын алдартай либерал улстөрч нас барсан нь үндэсний хэмжээнд ардчиллын төлөөх том жагсаал, хөдөлгөөн эхлүүлсэн юм. Хамгийн том жагсаал Тянь Ань Миний талбайд өрнөж байв.
Жагсагчдыг хэрхэх тухай намын удирдлагуудын яриа тавдугаар сарын 20-нд цэргийн хууль баталснаар өндөрлөлөө. Улмаар хоёр долоо хоногийн дараа Хятадын арми буугаа ард түмэн рүүгээ шагайсан юм.
Засгийн газрын албан ёсны тайланд жагсаалыг дарахад 241 энгийн иргэд болон цэргүүд амь үрэгдсэн хэмээдэг. Гэвч олон улсын хүний эрхийн төлөөх байгууллагууд зөвхөн Бээжинд л гэхэд мянга мянган хүн амиа алдсан хэмээн тооцоолдог.
Жагсаалыг цэргийн хүчээр дарсан нь Коммунист намын амжилт, нэр хүндэд маш том саад болжээ. Олон улс Хятадыг харах өнцгөө өөрчилж, хориг арга хэмжээнүүдийг давхардуулан авч эхэлсэн байна. Дээрх хядлагаас хойш эдийн засгийн либералчлал улам эрчтэй үргэлжилсэн ч Коммунист нам ардчилал, эрх чөлөө гэж дуугарсан бүгдийг сэмээрхэн цэвэрлэсээр байв.
2001 ОН. БНХАУ ДЭЛХИЙН ХУДАЛДААНЫ БАЙГУУЛЛАГАД НЭГДЭВ
Хятадын эдийн засаг эрчимтэй тэлсээр байсан ч олон боломжууд нэг л хүчин зүйлээс болж хязгаарлагдаж байлаа. Бээжин дэлхийн худалдааны байгууллагад элсээгүй байсан юм.
Дэлхийн худалдааны байгууллага гишүүн орнуудынхаа худалдаа наймааг зохицуулж, илүү ашигтай гэрээ байгуулах боломж олгодог билээ.
Гэхдээ 1990-ээд онд шинэ бодлогоос үл хамааран Хятад улс зах зээлийн эдийн засагт хүрч чадахгүй л байлаа. Эцэст нь 15 жил хэлэлцсэний дүнд Вашингтоны ивээлээр Бээжин цаашид эдийн засгаа улам либерал болгож, зарим татварыг бууруулан оюуны өмчийг хамгаалахаа амлан дэлхийн худалдааны байгууллагад гишүүнээр элсжээ.
Тийнхүү 2001 оны арванхоёрдугаар сард Хятад улс албан ёсоор дэлхийн худалдааны байгууллагын гишүүн болж, эдийн засаг нь үсрэнгүй хөгжиж эхэлсэн байна.
2000 онд Хятадын нийт ДНБ-ийн өсөлт 8.5 хувь байсан бол 2007 он гэхэд 15 хувь болтлоо өссөн аж.
2008 ОН. БЭЭЖИНГИЙН ОЛИМП
Бээжин 2008 оны зуны олимпыг зохион байгуулснаараа дэлхийн тавцанд хамгийн нөлөө бүхий орнуудын нэг гэдгээ эргэлзээгүйгээр батлан харуулсан юм.
Барууны зарим орнууд Хятадыг Төвөдөд хүний эрхийг ноцтой зөрчсөн, олимп зохион байгуулахын тулд иргэдийг хүчээр нүүлгэн шилжүүлсэн зэрэг шалтгаанаар хориглохыг шаардацгааж байлаа. Харин зарим нь Хятадад боломж олгосноор цаашид олон улсын хууль дүрмүүдийг мөрдүүлэхэд амар болно гэдэгт итгэж байжээ.
Олимп төлөвлөгөөний дагуу зохион байгуулагдаж, гэхдээ Хятадыг баруунтай ижил болгох гэсэн горьдлого тасарлаа.
Харин ч Хятад улс олимп зохион байгуулахдаа барууны орнуудыг дуурайхын оронд түүхэнд байгаагүй хамгийн өндөр өртөгтэй наадам хийж, бусад улс орон эдийн засгаар хямарч байхад Бээжин өдий чинээ их мөнгө зарцуулах чадалтай байгааг батлан харуулснаар цаашид өөрсдийн гэсэн замаар манлайлал хүрэх замыг тов тодорхой нээсэн юм.
Чухам энэ үйл явдал Коммунист намын өмнө тулгараад удсан чухал асуултанд хариулт өгч, агуу их амжилтын баталгаа болсон билээ. Үнэхээр либерал бус улс төрийн тогтолцоо эрх мэдлээ сулруулалгүйгээр либерал эдийн засгийг цогцлоож, асар их ашгийг нь хүртэх боломжтой гэж үү?
2008 оны Зуны олимпын нээлтийн үеэр Бээжингийн тэнгэрт гэрэл цацруулан буй галын наадмыг үзэж зогсохдоо дэлхий дээрх асуултын хариулт “Тийм” гэдгийг ухаарсан юм.
2012 ОН ШИ ЖИНЬПИН ТӨРИЙН ЭРХИЙГ АТГАВ
Ши Жиньпин Коммунист намын ерөнхий нарийн бичгийн дарга болж, зарим хүмүүсийн сэтгэлд горьдлого төрүүллээ. Тухайн үеийн АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтон тэргүүтэй зарим хүмүүс Ши Жиньпинийг либерал өөрчлөлтийг авчрах улстөрч гэдэгт итгэж байв. Жишээлбэл, Сингапурын Ерөнхий сайд Ли Куан Ев “Би Ши Жиньпинийг Нелсөн Мандала шиг хүн гэж биширдэг” хэмээж байв.
Гэвч бодит байдал дээр Ши Жиньпин БНХАУ байгуулагдсанаас хойш төрийн эрхийг авсан хамгийн хүчирхэг удирдагч болж, намыг зөвхөн өөрийн удирдлага, засаглал дор хураан атгасан юм.
Тэрбээр Маогоос хойш хэний ч хүртээгүй олон нэр алдрын эзэн болов. Ши зөвхөн намын дарга, улсын удирдагч, цэргийн командлагч болоод зогсохгүй үндэсний аюулгүй байдлаас эхлээд эдийн засгийн байгуулал хүртэл бүх салбарын удирдах хорооны эрх мэдлийн эзэн болсон аж. Тэр ч байтугай Хятадын үндсэн хуулинд “Ши Жиньпиний санал” гэж хүртэл бичигдсэн байна.
2021 ОН. 100 ЖИЛ
Ши Жиньпиний удирдлагаар Хятад улс түүхэндээ байгаагүйгээр хүчирхэгжиж, геополитик, эдийн засгийн манлайлагч хүчин боллоо. Гэвч энэ бүхэн үнэгүй олдсонгүй.
Ши Жиньпин бүх либерал үзлийг дарж, хүний эрхийн төлөө тэмцэгч, хуульч, идэвхтнүүдийг шоронд хорьж, намын эсрэг дуугарсан ам болгоныг хамхиж хаяв.
Тийнхүү Коммунист нам хувийн бизнес, улс төр, цэрэг арми, тэр байтугай хүн бүрийн гар утсанд эзэн сууж, бүхнийг удирддаг болжээ.
Өдгөө Коммунист нам төрийн эрхийг үхэн үхтлээ атгах ард түмний удирдагч Шигийн засаглал доорх шинэ эрин үеийн тухай ярих болж. Ши Жиньпиний гол зорилго бол Коммунист намын агуу эрх мэдлийг дараагийн зуунд ч хэвээр нь байлгахаар болгон бататгах юм. Тиймээс цаашид бид Ши Жиньпинийг энэ зорилгоо хэдий хүртэл биелүүлж чадахыг харах л үлджээ.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ