Ардын зовлон дээр авлигачид зоолж байна

Хуучирсан мэдээ: 2021.07.01-нд нийтлэгдсэн

Ардын зовлон дээр авлигачид зоолж байна

Ардын зовлон дээр авлигачид зоолж байна

“Зуд болоход нохой зоолно, зовлон учрахад ноёд баяжина” гэсэн үг бий. Тяньжинд гацсан чингэлгүүдийн асуудал зөвхөн тээвэр зуучийн үйлчилгээ үзүүлдэг компаниудын асуудал биш болов. Хэдэн мянган тонн ачаа бараатай чингэлгүүдийн бөөгнөрөл улсын эдийн засаг, иргэдийн амьдралд хүчтэй дарамт болж эхэллээ.

БНХАУ-ын Тяньжин боомтод яг сарын өмнө вагон захиалгад орсон 72 галт тэрэг буюу 4000 орчим чингэлэг бөөгнөрөөд байгаа талаар Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадрал болон холбогдох албаныхан мэдэгдэж байв. Энэ нь цар тахлаас үүссэн нөхцөл байдал, БНХАУ экспортын чиглэлд их хэмжээний ачаа бараа гаргах шаардлага үүссэн, мөн Европын чиглэл рүү явах төмөр замын тээвэрлэлтийн эрэлт нэмэгдсэн зэрэг олон асуудлаас үүджээ.

Хятад-Европ чиглэлийн транзит ачааны экспортын тээвэрлэлтийн хувьд Хятадын 16 хотоос маршрутын галт тэрэг хөдөлдөг байна. “Улаанбаатар төмөр зам” ХНН галт тэрэгний хүрэлцээнээс хамааран ихдээ хоногт 4, сард 120, ердийн үед өдөрт 3, сард дунджаар 90 транзит чингэлгийн галт тэрэгний зөвшөөрөл олгодог байжээ. Өнгөрсөн тавдугаар сард дээрх зөвшөөрлийн тоог хоёр дахин бууруулж, 62 галт тэрэгний зөвшөөрөл Хятадын талд олгосныг УБТЗ-ын Гадаад харилцааны албаны орлогч дарга А.Анар мэдээлсэн юм. Үүсээд буй асуудалтай холбогдуулан хоёр талын төлөөлөгчид ойр ойрхон яриа хэлэлцээ хийж, галт тэрэгний тоог бага багаар нэмэгдүүлснээ мэдэгдсэн.

Хятад талын зуучуудаас авсан албан бус мэдээгээр, өнгөрсөн сарын эхний долоон хоногт нийт 9 галт тэрэг нэмсэн бол 2021 оны зургадугаар сарын 14-ний өдрийн байдлаар, Замын-Үүд өртөөгөөр өдөр бүр хоёр галт тэрэг орж иржээ.

Гадаад харилцааны яамнаас энэ талаар тодруулахад, өнгөрсөн зургадугаар сарын 9-нөөс 27-ны өдөр буюу нийт 19 хоногт Замын-Үүд өртөөгөөр, Эрээн өртөөнөөс Тяньжин боомтоос эхтэй импортын чингэлгийн 35 галт тэргээр нийт 1900 чингэлэг хүлээн авсан. Тяньжин боомтод хүлээгдэж байсан 3162 чингэлгийн 60 хувийг тусгай горимоор ийнхүү аваад байна гэсэн хариулт өгсөн юм.

Гэвч бодит байдал өөр байгаа бөгөөд Тяньжин боомт дээрх чингэлгийн бөөгнөрлийн улмаас эцсийн хэрэглэгчид хүрэх барааны үнэ өсч, ядруу эдийн засаг, цөхөрсөн иргэдийг улам “туйлдуулж” эхэлснийг эх сурвалжууд мэдээлэв.

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ "ТЯНЬЖИНД ГАЦСАН ЧИНГЭЛГҮҮДИЙН 60 ХУВИЙГ ТАТСАН" ГЭЖ
ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ӨГСӨН ҮҮ? 

Бид Тяньжинд гацсан чингэлгүүдийн улмаас иргэдэд ямар хүндрэл, бэрхшээл тулгарч байгаа талаар тодруулав. Өнөөдрийн байдлаар Хятад талаас машин олдохгүй байгаа аж.

Иргэн М хэлэхдээ “Бидний хувьд хоёр тонн ачаагаа Эрээний хил дээр ирснээс хойш авч чадахгүй хоёр сар болж байна. Түнш болох Хятад талаас машин олдохгүй байна. “Машин орж ирэхгүй маш, ховор байна” гэсэн тайлбар өгсөөр байсан. Би анх ачаагаа тус компанид захиалахдаа Улаанбаатар хот хүртэл каргоны төлбөр 5500 юань гэж тооцоогоо хийсэн байсан. Одоо ердийн машин олдохгүй байгаа болохоор тусгай машинд ачуулна гээд биднээс нэмээд 20000 юань нэхэмжилж байна. Бидний хувьд зуны гурван сард худалдаалах ёстой бараа, бүтээгдэхүүн байсан. Маш их өр зээл тавин авсан бараа. Эргээд төлөхөд үнэхээр хэцүү байдалд орж байна. Гаалийн асуудлаас болж дараа зунаас борлуулах асуудал тулгарлаа. Дараа зун хүртэлх гараж, агуулахын төлбөрт унана гэсэн үг. Үнэндээ хэлэх үг олдохгүй байна. Хятад талдаа хэл ам, хэрүүл болж байж бид Замын-Үүд хүртэл 10000 юань нэмж төлөөд, бараагаа авахаар болсон. Энэ долоо хоногт орж ирнэ гэсэн амлалт өгсөн. Гэвч орж ирэх эсэхэд нь үнэндээ эргэлзэж байна.

Цөөхөн орсон энэ хэдхэн машин үнэ хөөрөгдөж, хил гааль дээр танил талаараа хахууль өгч ачуулах гэх мэт маш их хүндрэл учруулж байна. Хахуулийн асуудал цэцэглэсэн байгаа шүү. Цар тахлын улмаас Замын-Үүд рүү иргэдийг нэвтрүүлэхгүй байгаагаас болж гаалийн бүрдүүлэлтийг зөвхөн Замын-Үүдийн харъяат хүнд л хийнэ гэсэн шийдвэр гарчихсан. Одоо түүнийг ашиглан, хэдэн сэргэлэн нөхдүүд мөнгө авч, бүрдүүлэлт хийж байна. Байцаагчид нь "Хэдэн төгрөг өгвөл машин чинь хурдан орж ирнэ" гэх мэт хээл хахуулийн асуудал ядарсан иргэдийг сөхрүүлж байна” гэв.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас "Дөрөвдүгээр сарын 7-ноос БНХАУ руу тээврийн хэрэгсэл бага багаар нэвтрүүлж эхэлсэн. Импорт багассаны улмаас жижиглэнгийн худалдаа 20 гаруй хувиар өссөн.

Эрээнээс Улаанбаатар хүртэлх тээвэрт энгийн үед жолооч сард 4-5 удаа тээвэр хийж, 3-3.5 сая төгрөгийн хөлстэй ажилладаг байсан. Гэвч импорт багассаны улмаас тээврийн хөлс нь 20-30 сая болж өссөн. Эдгээр хүмүүст шалгалт хийж, 38 сая төгрөгийн торгууль ногдуулсан. Замын-Үүдэд зургаан саяар очер зардаг зөрчил илэрсэн" гэж мэдээлсэн нь тэнд авлига, хээл хахууль цэцэглэснийг илтгэх нэгэн жишээ юм.

Иргэн Ш “Хадгалалтын горим, хугацаа шаардсан хүнсний бүтээгдэхүүнтэй чингэлэг өчнөөн олноороо гацсаар байна. 4, 5 сард Тяньжинд ирсэн хүнсээ явуулаагүй байж 5, 6 сард ирсэн машин, дугуй явуулсаар байна. Бүх юмыг ар, өврийн хаалгаар явуулдаг аргаа өөрчлөхгүй бол бид хэзээ ч хөгжихгүй, шударга нийгэм хүсээд ч бүтэхгүй. Худлаа мэдээллээ боль” гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлэв.

Иргэн Х “Юмны үнэ илт өсч байна. Өдөр ирэх тусам улам л дордож байна. Есдүгээр сар гэхэд эдийн засаг элгээрээ хэвтэх нь. Дорвитой шийд гаргахгүй бол жагсахад бэлэн” гэсэн бол иргэн М "Эрээний асуудлаа шийдэж өгөхгүй бол бичил бизнес эрхэлдэг хэдэн ээжүүд туйлдлаа шүү. Та бүхэн юмны үнэ судалсан уу, нэмэгдсэнийг нь мэдсэн үү? Сарын өмнө л ажлын хэсэг байгууллаа, Эрээний асуудлыг шийднэ гэж байсан, одоо бүр дордоод, хил хаагдчихлаа. Төр дундаж давхаргаа бүр үгүй хийхээр шийджээ” гэв.

Иргэд хил, гааль дээр төрийн зохицуулалт маш муу байгааг шүүмжилж байна. Тээврийн хөлс даган бүх юмны үнэ тэнгэрт хадаж, иргэдийн худалдан авах чадвар эрс муудаж, бизнесүүд дампуурч буйг ч онцгойлон анхааралдаа авахыг хүслээ.

Зарим эх сурвалжууд Гадаад харилцааны яам албан ёсны цахим хуудсаараа дамжуулан худал мэдээлэл өгч буйд бухимдаж байгаагаа илэрхийллээ. Тэд хэлэхдээ “Тяньжинд гацсан чингэлгийн бараг 60 хувийг татсан гэдэг нь худал мэдээлэл бөгөөд дийлэнх нь Монголын нутгаар дайран өнгөрч байгаа транзит ачаа. Гадаад харилцааны яам худал мэдээлэл өгснөөс болж харилцагч байгууллагууд бараагаа Улаанбаатарт ирснийг асууж, тээвэр зуучийн компаниуд болон иргэдийн хооронд маш их үл ойлголцол үүслээ” гэв.

ЗАМЫН-ҮҮДЭД 2000 АЧААНЫ АВТОМАШИНЫ БӨӨГНӨРӨЛ ҮҮСЭЭД БАЙНА

Замын-Үүдэд өнөөдрийн байдлаар 2000 ачааны автомашины бөөгнөрөл үүсээд буй бөгөөд 384 нь чөлөөт бүсийн хашаанд, үлдсэн 1500 гаруй нь гүний гаалийн хашаанд дугаарлаж байгаа аж. Хятадын талаас өдөрт 100 тээврийн хэрэгсэл хүлээж авна гэсэн шийдвэр гаргасны улмаас бөөгнөрөл үүсч, улмаар үнийн өсөлт нүүрлээд байгаа талаар эх сурвалж мэдээллээ.

Тус боомтоор орж ирэх, экспортод гарах ачаа эргэлтийн хурд саарсан нь хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээс эхлээд бүх зүйлийн үнэ өсөхөд нөлөөлж буй юм.

Урд хөрш рүү өдөрт ачааны 130 орчим автомашин хил нэвтэрч, бараа бүтээгдэхүүн  татан авч байгаа аж. Үүний улмаас тээврийн зардал огцом нэмэгдэж, Эрээнээс Замын-Үүд рүү ачаа татахад өмнө нь 2500-3000 юань байсан тариф өнөөдөр 7000-8000 болж өсчээ.

УОК-оос томилогдон тус боомтод ажиллаж буй Ажлын хэсгийнхэн ачаа тээврийн жолооч нарыг бөөгнөрүүлэхгүй байх зорилгоор Хятадын талд 54, Монголын хилийн зурваст мөн тооны жолооч байрлаж, бусадтай хавьталд орохгүй байхаар халдвар хамгааллын дэглэм баримтлан ажиллаж байгаа аж. Гаалийн Ерөнхий газраас гааль дээр ачаа бараа саатаагүйг мэдэгдсэн бөгөөд энэ оны хагас жилийн төлөвлөсөн орлого нь хэдийнэ биелжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
БурууБуруу
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж