🔴 ШУУД | ШӨХТГ-аас дараах асуудлаар мэдээлэл хийж байна #NewsMN #NewsAgency
ШӨХТГ-аас дараах асуудлаар мэдээлэл хийж байна• Тендерийн гомдол• Замын-Үүдийн ачаа тээврийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүгнэлт• Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд хийгдсэн хяналт шалгалт• Хаяг шошго ба зөгийн балны хяналт шалгалт• Хүчит шонхор захын эрүүл ахуйн үйл ажиллагаанд хийсэн шалгалт• Эмийн сангийн шалгалт• Шатахууны шалгалт• Лифт
Posted by News.mn on Wednesday, June 30, 2021
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газраас найман асуудалд хийсэн хяналт шалгалтын ажлын талаар өнөөдөр /2021.7.1/ мэдээлэл хийлээ.
ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ:
-Засгийн газрын 291 дүгээр тогтоолоор хохирлын үнэлгээний гэрчилгээтэй оруулах барааны жагсаалт гэж байдаг. Мөн аюулгүй байдлын гэрчилгээг үндэслэн нэвтрүүлэх ёстой. Тухайлбал лифтийг задалж оруулж ирээд Монгол Улсад угсарч ашиглалтад оруулж байна. Гэтэл техникийн дүгнэлт хийдэг байгууллага манайд байдаггүй. Оруулж ирсэн лифтийг таван жил болоод солих тохиолдлууд гарч байна.
Шатахуунтай холбоотой асуудлаар бүх шинжилгээний дүн гарсан байна.
Шатахуун түгээх, худалдан борлуулж буй бүх компанийг шалгалтад хамруулсан. Хуурамч шатахуунтай холбоотой хяналт шалгалтыг нарийн хийж байгаа. Иргэний нисэхийн лабораторид мөн давхар шинжилж байгаа. Одоогоор Петростар компанийн А92 шатахуунаас механик хольц илэрсэн.
Зөрчил илэрсэн аж ахуйн нэгжүүд асуудлаас бултаж байна. Тухайлбал, тээврийн асуудлыг Зам тээврийн яам хариуцах ёстой. Гэтэл нэг нэг рүүгээ шилжүүлж, бултаж байна. Дугаар урдуур оруулж өгнө гээд 6 сая төгрөг авсан хэрэг гарсныг АТГ-т шилжүүлсэн. Очер зардаг асуудлууд байсан. Үүнийг Хил хамгаалах газраас зогсоосон.
Үнэт цаасны цэнхэр, ягаан тасалбартай холбоотой хэргийг ЦЕГ-т шилжүүлсэн байгаа. Харин Covid-19-тэй холбоотой вирусийн эмүүдэд мөн хяналт тавьж ажилласан. Арбидол болон бусад эмүүдэд дээд үнийг тогтоосон.
Арбидол эмийн хувьд нөөцгүй байсан учир хяналтын дүнг ЭМЯ болон бусад холбогдох байгууллага руу явуулсан. Эмийн үйлчилгээ ижил Арбивир, Афлодол гэж төстэй хоёр эм бий. Энэ эмүүд нөөцтэй.
Тендерийн болон Замын-Үүдийн ачаа тээвэртэй холбогдох гомдлын талаар өрсөлдөөний бодлого, зохицуулалтын газрын дарга Т.Батцэцэг:
-Энэ оны хагас жилийн байдлаар нийт 170 орчим тендерийн гомдол хүлээж авсан. Үүнээс 45 тендер нь хууль зөрчсөн байна. Ирүүлж байгаа гомдлын дийлэнх нь эрүүл мэнд болон уул уурхайн салбартай холбоотой ирж байна. Мөн гадаадын зээл, тусламжийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа төсөл хөтөлбөр, худалдан авалтын ажилтай холбоотой ирсэн. Гомдлоос авч үзвэл Эрдэнэт үйлдвэртэй холбоотой 30 тендер ирснээс 14 нь хууль зөрчсөн дүгнэлт гарсан.
Дөрөвдүгээр сарын 7-ноос БНХАУ руу тээврийн хэрэгсэл бага багаар нэвтрүүлж эхэлсэн. Импорт багассаны улмаас жижиглэнгийн худалдаа 20 гаруй хувиар өссөн.
Эрээнээс Улаанбаатар хүртэлх тээвэрт энгийн үед жолооч сард 4-5 удаа тээвэр хийж 3-3.5 сая төгрөгийн хөлстэй байсан. Гэвч импорт багассаны улмаас тээврийн хөлс нь 20-30 сая болж өссөн. Эдгээр хүмүүст шалгалт хийж 38 сая төгрөгийн торгууль ногдуулсан.
Үгсэн хуйвалдаж үнээ нэмсэн учир торгуулийг жолооч болон байгууллагад ногдуулахаас өөр сонголтгүй. Одоогийн байдлаар Улаанбаатараас Эрээн рүү дөрвөн шаттай тээвэр хийж байна. Бараа бүтээгдэхүүн, хүнсний тээврийг дугаарлахгүйгээр нэвтрүүлэх, ачаа тээврийн машиныг нэмэгдүүлэх саналыг Онцгой комисст өгсөн байгаа.
Үнэт цаасны зах зээлд буюу үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд хийгдсэн хяналт шалгалтын талаар Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндулам:
-ШӨХТГ, СЗХ-ны даргын удирдамжийн дагуу хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр дамжуулан хувьцаат компанийн хувьцааг эзэмшиж байгаа иргэдийн бичиг баримтад үндэслэн хяналт шалгалт хийсэн. Тухайлбал, 2018 онд их хувьчлалтай холбоотой 2.4 тэрбум төгрөгийн асуудлыг шалгасан байгаа. Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд 2021 оны байдлаар 29061 иргэний мөнгө байршиж байна.
Цэнхэр, ягаан тасалбарын хувьцаа эзэмшигчдийн хувьцаа болон байгууллага, аж ахуй нэгжийн үйл ажиллагаатай холбоотой дутагдалтай зүйл байгааг тогтоосон. Үнэт цаасны компани холбогдогч байгууллагын хамтын ажиллагаа дутмаг байна. Иймд харилцагчийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр хуулийн хүрээнд шуурхай зохион байгуулалт хийхийг үүрэг болгосон. Хоёрдугаарт иргэдийн дансыг тулгаж, хувьцаа ногдол ашиг тараахдаа төлөвлөгөө боловсруулж тодорхой үе шаттай өгөхийг тус тус үүрэг болгосон.
Мөн нэр бүхий сүлжээ дэлгүүрүүд, ТҮЦ бусад нэгжүүдэд хийсэн шалгалтаар нийтлэг 33 зөрчлийг тогтоож, тухайн аж ахуй нэгжүүдэд стандартад нийцүүлэх шаардлага тавьсан. Хүнсний үйлдвэрлэл эрхлэгчид болох “Газар шим”, “Баясах Хульж” зэрэг компаниуд зөгийн бал нэртэйгээр хуурамч бүтээгдэхүүн гаргасан учир таван сая төгрөгийн торгууль ногдуулж, хиймэл зөгийн бал нэртэйгээр худалдан борлуулахаар болсон байгаа.