Их Британийн эрүүл мэндийн сайд асан Мэттью Хэнкокийн туслах бүсгүйтэйгээ үнсэлцэж буй бичлэг нь задарснаар томоохон скандал үүсч, албан тушаалаасаа огцорсон. Тэгвэл найзуудынх нь мэдээлснээр Мэтт Хэнкок улс төрөөс бүр мөсөн яваагүй, эргэн ирэхээр бэлтгэж байгаа аж. Энэ удаагийн ХҮМҮҮС буландаа түүнийг онцолж байна.
Дуулиант бичлэг задарсны дараа Мэтт Хэнкокийг гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн гэхээс илүү Covid-19 халдвараас сэргийлэх журмыг зөрчсөн гэж шүүмжлэн буруутгасан. Мэтт анхандаа Ерөнхий сайд Борис Жонсоны дэмжлэгт тулгуурлан, тэсч үлдэхийг хичээжээ. Гэвч Консерватив намынхантайгаа зөвлөлдсөний дараа бодлоо өөрчилж, огцрох өргөдлөө өгсөн байна. Тэрбээр сайдын албан тушаалаас бууснаар олны хараанд өртөхгүй “нуугдаж”, скандалыг намжихыг хүлээж байгаа аж. Түүнчлэн Эрүүл мэндийн яамны хамгаалалтын албанаас Мэттийн ажлын байрны гадна хаалганы хяналтын камерын бичлэг хэрхэн задарсныг тодруулахаар шалгаж эхэлжээ. Уг хяналтын камер анхандаа өөр зүгт харсан байсныг хэн нэгэн албаар өөрчилсөн гэж үзэж байгаа аж.
ЭХНЭРЭЭ ОРХИЖ, АМРАГАА СОНГОВ
Түүний туслахыг Жина Коладангело гэдэг бөгөөд гэр бүлтэй, гурван хүүхэдтэй бүсгүй. Түүний нөхөр Оливер Тресс нь загвар, интерьерийн Оливар Бонас брэндийг үүсгэн байгуулагч юм.
Харин Мэтт, Жина хоёр их сургуулийн найзууд. Мэтт түүнийг Эрүүл мэндийн яамны нэг албаны даргаар томилон хажуудаа авч ажиллуулах болсон байна.
Бичлэг нь цацагдсны орой нь Мэтт эхнэр Марта руу утасдаж, болсон явдлыг тайлбарлажээ. Тэд 2006 онд гэрлэсэн ба хоёр хүү, нэг охинтой. Мэтт хүүхдүүдээ олон нийтийн сүлжээ ашиглахыг хориглодог. Тэрбээр дуулиан дэгдсэний дараа эхнэрээ орхиж, Жина дээр очсон байна.
Мэттийг Эрүүл мэндийн яамны сайдаар ажилласан 18 сарын хугацаанд цар тахалтай тэмцээд тун завгүй байсан тухай эхнэр Марта нь хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байдаг. Нөхрийнх нь янаг амрагийн явдал олонд ил болсны дараа Марта орон нутгийн номын клубын арга хэмжээнд оролцсон байна. Тэрбээр Уэст Саффолк дүүргийн төлөөлөгчөөр 2010 оноос ажиллаж буй.
МЭТТ ХЭНКОК ГЭЖ ХЭН БЭ?
Мэттью Жон Дэвид Хэнкок 1978 оны аравдугаар сарын 2-нд Английн Честер хотод гурван хүүхэдтэй айлын дундах хүү болсон төрсөн. Тэрбээр нэг эгч, эрэгтэй дүүтэй. Мэтт улс төр, философи, эдийн засгийн чиглэлээр их сургууль дүүргэжээ. Тэрбээр 1999 онд Консерватив намын гишүүнээр элссэнээр улс төрийн карьераа эхлүүлсэн аж. Улмаар 2010 онд Уэст Саффолк дүүргийн төлөөлөгчөөр сонгогдон 2012 оныг хүртэл ажилласан аж. Мэтт 2013 онд Бизнес, инноваци, ур чадварын яамд ажиллах болжээ.
Мөн Эрчим хүчний сайдаар ажиллаж байхдаа цаг уурын өөрчлөлтийн талаарх хуралд оролцохдоо хувийн нисдэг тэрэг хөлсөлж, Дэлхийн дулаарлын бодлогын сангаас мөнгө авсан зэрэг хэрэгт буруутгагдаж байв.
Их Британийн Европын холбооноос гарах санал асуулгын үеэр тэрбээр үлдэх байр суурийг баримталж байсан. Ерөнхий сайд асан Тереза Мэйн засгийн үед тэрбээр Соёл, мэдээлэл, спортын сайдаар ажилласан бол Ерөнхий сайд Борис Жонсоны дэмжлэгээр Эрүүл мэндийн сайд болжээ.
Холбоотой мэдээ