Гадаад орнуудад шинээр томилох элчин сайд нарын нэрсийг хэлэлцэж дэмжсэнээ Засгийн газар өнөөдөр төрийн тэргүүнд өргөн мэдүүлж, улмаар энэ асуудал УИХ-ын чуулганаар орно. Өмнөх ерөнхийлөгчийн үед хугацаанаас өмнө эргүүлэн татахыг нь татаж, томилгоонуудыг гацаахыг нь гацаан хүнд байдалд оруулаад байсан Монгол улсын дипломат албаны эрэг шураг ийнхүү ном ёсоороо ажиллаж эмхрэх шатандаа орох нь. Ерөнхийлөгч нь дипломат албаа багалзуурдаж байсан ийм явдал урьд өмнө Монгол улсын түүхэнд гарч байсангүй.
Элчин сайдуудын нэрсийг нэг дор ийм олноор дэвшүүлж байсан явдал мөн өмнө нь гарч байгаагүй юм. Энэ нь өмнөх элчин сайдуудын ажиллах хугацаа дуусгавар болсонтой холбоотой гэхээсээ илүү Гадаад харилцааны яаманд эрчимтэй өрнөж буй шинэчлэл, дипломат албыг цэвэршүүлэх бодлогын хэрэгжилтийн нэг тод томруун илэрхийлэл болов уу. Ээлжит нэг томилгоо ч төдий бус, Монгол улсын дипломат албаны үйл ажиллагааг зохих гольдрилд нь оруулах алхам, цаашилбал реформын шинжтэй үйл явцын нэг хэсэг гэсэн үг. Сайд нь энэхүү томилгоог улс төрийн эрх ашгаас ангид байлгахыг чармайж энэ байр сууриа тууштай хамгаалсан бөгөөд Засгийн газар ч энэ зарчмыг нь талархан хуваалцаж, шийдвэрийг нь нэгэн дуугаар хүлээн зөвшөөрсөн талаар уг хуралдаанд ойр байсан эх сурвалж мэдээлж байна.
Дэлхийн аль ч оронд улс төрийн эрх ашиг элчин сайдын томилгоонд зохих хувийг эзэлж байдаг бичигдээгүй хуультай. Гэхдээ энэ хувь хэмжээ их бага байх нь тухайн улсын төр засгийн бодлогын эрүүл саруул байгаа эсэхийн шалгуур ч болох нь бий. Монгол улсын дипломат албаны томилгоонд улс төрийн эрх ашиг ихээхэн жин дарж байсан үе саяхных. Харин энэ удаагийн томилгоонд мерит зарчим баримтлахыг чармайсан байдал 25 элчин сайдын нэрсийг үзэхэд их л тодорхой харагдаж байх аж. Насны хувьд идэр залуу, мэргэжлийн шалгуур хангасан, гадаад хэлний өндөр мэдлэгтэй, ГХЯ-ндаа ажиллаж буй арвин туршлагатай дипломатчидыг дэвшүүлсэн нь тэдгээрийн дийлэнх хувийг эзэлж байх бөгөөд Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгчийн өчигдөр мэдэгдсэнээр, цэвэр мэргэжлийн хүмүүс нийт томилгоондоо даруй 72 хувийг эзэлж байгаа ажээ. Энэ нь дэлхий нийтийн жишгээр ихээхэн өндөр хувь бөгөөд Гадаад хэргийн сайд анхны томоохон энэ томилгоогоороо элчин сайдад мэргэжлийн хүмүүсийг түлхүү ажиллуулах, дипломат албанд дипломат ажилтнуудыг л дайчлах бодлогоо тунхагласан хэрэг төдийгүй энэ түвшний томилгоонд мэргэжлийнхний оролцоог хангах хувь хэмжээ буюу доод босгыг ийнхүү өндөр тогтоож Монгол улсын гадаад бодлогод хөдөлшгүй жишиг буй болгохыг чармайж байгаа харагдана. Энэ нь бас хараахан шинэ зүйл ч бус, сайдаар томилогдоод удаагүй байхдаа буюу өнгөрсөн 4 дүгээр сард тэрбээр Монгол улсаас хилийн чанадад ажиллах дипломат болон консулын ажилтнуудыг томилохдоо ондоо салбараас хүн орж ирэх бололцоог дангинатал хаасан юм. Өөрөөр хэлбэл эдгээр албадад ГХЯ зөвхөн мэргэжлийн дипломат ажилтнуудыг суух орны хэлийг эзэмшсэн байдал, төвд ажилласан хугацаа, газар нэгжээс нь ирүүлсэн санал зэрэг олон талын үзүүлэлтийг харгалзан томилсон бөгөөд мөн л эрс шинэчлэлийн шинжтэй энэ арга хэмжээ нь олон нийтийн сонорт төдийлэн хүрэлгүй өрнөсөн билээ. Дөрөвдүгээр сарын энэ томилгоогоор ГХЯ-нд тодорхой илэрсэн шинэчлэл гүнзгийрэн өрнөсөөр эдүгээ харин дараагийн шийдвэрлэх шатандаа гарсан нь 25 элчин сайдын энэ томилгоо болов уу.
Энэ удаагийн томилгоо тухайн эрэмбээсээ шалтгаалан олон нийтийн анхаарлыг ихээхэн татаж байна, энэ нь ч зүйн хэрэг. Олон нийт энэ томилгооны тухайд сэтгэл дундуур байх өнцөг булан цөөн боловч бий нь мөн зүй. Гэхдээ дээр дурдсанчлан, бодит амьдрал дээр мэргэжлийн хүмүүсийн оролцоо энэ томилгоонд өндөр түвшинд хангагдсан нь илэрхий баримттай зүйл бөгөөд энэ хувь хэмжээ нь дэлхий нийтийн тогтсон жишгээс өчүүхэн ч гажаагүй, харин ч харьцангуй өндөр үзүүлэлт болох нь мөн л бодит баримт юм. Нөгөөтэйгүүр энэ томилгоо нь өөрөө Монгол улсын дипломат албанд амжилттай өрнөж буй эрс шинэчлэлийн чухал илэрхийлэл, нотолгоо болохыг ойлгоход тийм ч хэцүү биш төдийгүй ийн ойлгох нь дипломат алба шинэчлэгдэж цэвэршин Монголын нэр нүүр олон улсад сүүл барилгүй явахыг хэзээнээс хүсч ирсэн олон нийтийн хувьд олзуурхууштай зүйл чухам мөн. Засгийн газарт буй эх сурвалжийн мэдээлснээр Ерөнхий сайд элчин сайдад нэр дэвшигчдэд худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтад гол анхаарлаа хандуулахыг даалгасан байна. Энэ нь эцсийн бүлэгт монголчуудын эрх ашигт л чиглэсэн алхам болох нь тодорхой бөгөөд гадаад бодлогын амжилт, эцсийн үр дүн явж явж иргэн бүрийн амь амьжиргаанд очиж тусдагийг бодолцвол бид гадаад харилцааны институтийнхээ үйл ажиллагааг энэчлэн эрбхиш мэддэг, алдаа оноог нь ялган хардаг, амжилт олж урагшилж буйг нь талархан дэмжих нь өөрөө монгол хүний л эрх ашигт нийцсэн хандлага мөнөөсөө мөн.
Элчин сайдуудын томилгоо өнөөдөр шинэ Ерөнхийлөгчид өргөн баригдана. Томилогдсоноосоо хойш түүний хамгийн түрүүнд шийдвэрлэж буй асуудал нь энэ болох бөгөөд гадаад харилцаанд онцгой анхаарч байгаагийнх нь илрэл мөн. Монголын дипломат албанд сэвэлзэж буй шинэчлэлийн салхийг ард түмний эв нэгдлийн илэрхийлэл болсон Ерөнхийлөгч талархан сайшааж, уухайлан дэмжинэ гэдэгт итгэнэ.
Холбоотой мэдээ