Шийртийн гол шавраар урсаж, Орхон гол ширгэхдээ тулж байна

Хуучирсан мэдээ: 2021.07.01-нд нийтлэгдсэн

Шийртийн гол шавраар урсаж, Орхон гол ширгэхдээ тулж байна

Малчдаас ирсэн дуудлага…

Зуны эхэн сар хэдийнэ дундаа орж, Монгол орон даяар хүн, малгүй нуруу тэнийсэн энэ цагт Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг, Орхон багийн нутагт орших Шийртийн гол улаан шороогоор урсаж. Орхон голд цутгаж байгааг эс тооцвол коронагийн аюулаас өөр сэтгэл түгшээх юмгүй, нэг л сайхан…

Хангай нутгийн сор, тагт нутаглаж, байгалийн сайхан, өвсний сортой, усны тунгалагийг хөөсөн малчдын хувьд сүүлийн жилүүдэд хамгийн ихээр сэтгэлийг нь түгшээх болсон зүйл бол Шийртийн голын шар шавартай усны аюул гэнэ. Уудам монголын нутаг уул ус, өвс ногоо жигдэрсэн уулсын дунд орших Орхоны хөндий буюу Архангай аймгийн Цэнхэр сумын иргэдээс “…сэтгүүлчээ, нутагт маань ирээд нүдээрээ хараад, байгаа бүхнийг гоёл чимэглэлгүй, шийдвэр гаргадаг дарга нарт хүргээд өг. Өмнө олон сэтгүүлчийг бид авчирсан ч бидний үгийг гаргах бүү хэл, энд ирсэнээ ч мартчихаад байна… Үнэхээр шударга зүйл гэж байхгүй болчихоогүй юм бол, нутагтаа болгоод л амьдрах гэсэн малчдын үгийг сонсоод, дээр амьдардаг дарга нарт хүргээд өг” хэмээн хатуухан шаардсаны улмаас мянган сонсохоор нэг үзье хэмээн Цэнхэр сумын Орхоны  багийг зорьсон юм.

Нар жаргаж, бүрий болж байхад даваа өгсөж, сүглийлдсэн их ойн дундуур явж байхдаа “ийм сайхан хангайгаас, энэ хэцүү даваагаас сүрдэхгүй уул, усыг ухахад хүргэсэн зүйл нь дөчийн бидон дүүргээд ачдаг байсан тэр их алт байсан тухай. Их алт харсан хүнд нүгэл, буян хоёр нэг л шугаманд оччихоод маргаашаа мартдаг, магадгүй маш их шунаг, сувдаг сэтгэл нь хаачихдаг юм байхдаа…” гэх мэтээр өвөр зуураа өөрсдийн хэмжээнд мэдээллээ солилцсоор манай сурвалжилах багийнхан тэргэл сар голлосон шөнө дундын үед Орхон голын эх рүү орж ирлээ. Хөндий тэр чигээрээ нам гүм, хоточ ноход нь хүртэл хуцахаасаа залхуурсан мэт налайх аж. Мандах нарнаас түрүүнд донгодох хөхөөн дуунаар сэрсэн бид “сэрүүхэн тунгалаг агаар асгарах мэт амьсгал туучин бие рүү нэвтрээд байна уу гэмээр сайхан” гэдэгтээ санал нэгдсээр нутгийн малчнаар заалган шавар шиг зууралдсан голын эхийг олж, учрыг нь олж хужрыг нь тунгаахаар Шийртийн хөндий өгсөж давхилаа…

Шар шавраар урссан Шийртийн гол

Үнэндээ, хөндий өгсөх тусам зүрх, сэтгэл маш их өвдөж байлаа. Учир нь энэ уудам хөндийн салаа бүхэнд горхи, булаг урсаж, гурван аймгийн 10 гаруй сумын 100-гаад өрх зуны гурван сард энд зусан хүн малгүй жаргадаг байсан цаг ердөө л 30 хүрэхгүй жилийн өмнө гэж байгаа. Гэтэл өнөөдөр хамгийн их үржил шимтэй байсан Шийртийн хөндий тэр чигээрээ гаслан гашуудах мэт шавар нь зууралдсан шар шороог элгээрээ эргүүлүүлж, хаа сайгүй ухаж хаясан хиймэл шавар нууранд хаа нэг ангир амсхийхээс өөр бөртийх эзэнгүй аж.  Алтыг нь аваад авдрыг нь хаясан алт ухсан хүмүүсийн хайхрамжгүй үйлдэл, нөхөн сэргээлтгүй хаясанаас болж өнөөдөр алтнаас болж ухагдаж, угаагдсан шар шаврыг долоон хоногийн өмнө орсон ширүүн  бороо үер болгон өргөжүүлж Шийртийн гол шар шавраар урсаж, 30 км урсаад нийлдэг Орхон голыг ширгээхэд тулаад байгааг малчид сэтгэл нь зовинон өгүүлцгээж байлаа.

Орхоны хөндийд нийлэх Орхон голд урдаас Шийртийн гол, араас нь Өлтийн гол урсаж нэгддэг юм байна. Харамсалтай нь хөрсөн доорхт алтны нөөцөөсөө болж 30 жилийн турш хэвлийгээ ухуулсан энэ хөндийд нөхөн сэргээлт хийгээгдээгүй хаягдсанаас болж өнөөдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн 90 гаруй өрхийн үхэр, адуу, хонь, ямаа энэхүү сайхан уудам хөндийд зусаж байгаа хэдий ч таваараа бэлчих бэлчээргүй, тухалж ундаалах усгүй болчихож. Хангайн малчид ундаалах усгүй, хариуцлагаа ухамсарласан зарим нэгэн хүмүүсийн хүчээр гүний худгаас ундаалж байгааг харахад үнэндээ дэндүү харамсалтай байсан юм.

2019 онд Монгол Улсын Ерөнхий сайд уг хөндийг үйл ажиллагаа эрхэлж байсан 11 компанийн олборлолтын эрхтэй 13 лицензийг цуцалсан гэнэ. Компаниудын үйл ажиллагааг цуцлахын өмнө Байгаль орчины сайд Н.Цэрэнбат болон албаны бусад хүмүүсийн хамтаар Орхоны хөндийд ирж, нөхцөл байдлыг нүдээрээ үзэж, танилцаад буцаж байж. Харин тэднийг ирэхээс хоёр хоногийн өмнө Шийртийн хөндийд олборлолт хийж байсан Монгол газар компанийн газар дээр ажиллаж байсан техникууд гэнэт л бужигналдаж, хот руу буцаж, зарим нь хөндий уруудан жалга ганганд нуугдаж, нинжа нараас өөр юмгүй болсон гэнэ. Хэдийгээр сайд энэхүү “айлчлал”-аараа уг хөндийд алтны компаниудын олборлолт явуулахыг хориглож, үйл ажиллагааг явуулах эрхийн лецзинзийг цуцалж “сайхан зүйл” хийсэн ч харамсалтай нь “олборлолтын лиценз цуцлагдсан” хэмээсэн компаниуд ухсан газраа тэр чигээр нь хаяж нөхөн сэргээлт хийлгүй орхисоны горыг өнөөдөр Орхоны хөндийд нутаглаж байгаа малчид, малтайгаа эдэлж байна. Асуудлыг олон гарцаар судалдаггүй, ард түмнийхээ үгийг сонсдоггүй шийдвэрийн горыг эдэлж байгаа малчдын хувьд машид бухимдалтай, зарим нь ярьж байхдаа нулимсаа барьж чадахгүй уйлж байсан нь даанч өрөвдөлтэй байлаа.

Гучин жил ухлаа, алтыг нь авч дууссан бол нөхөн сэргээгээд өгөөч!!!

Орхон багийн малчин А.Ганбат, ах нь энэ жил 53 хүрч байна. 23 наснаасаа өрх толгойлж, бие дааж мал малласан газар маань энэ Орхоны хөндий. 30-хан жилийн өмнө энэ ухаж төнхөөд улаан шороо болгочихсон байгаа Шийртийн хөндий тэр чигээрээ ферм байлаа шүү дээ. Маш олон айлууд энэ хөндий дүүрэн буучихаад идээ цагаагаа хийж, эвтэй найртай амьдардаг байлаа. Булган, Өвөрхангайн малчид манай нутагт ирж зусдаг, идээ цагаагаа хийдэг байсан. Гэтэл энэ сайхан хөндий маань өнөөдөр ийм болчихсон байна. Анх алт ухах гэж байна гэж ирэхээс эхлээд л өнөөдрийг хүртэл малчид зүгээр суугаагүй тэмцсэн юм. Даанч жирийн малчид бидний үг төрд, түмэнд ч хүрдэггүй юм байна. Харсаар байгаад нүдэн дээрээ нутгаа сүйрүүлсэндээ уйлмаар байдаг. Аргаа бараад сүүлийн жилүүдэд нөхөн сэргээлт хий гэж тэмцдэг болсон. Манай Орхоны хөндийд олон компани үйл ажиллагаа явуулж байна. Бага нь бага, их нь их гэхгүй нөхөн сэргээлт хийгээд явж байна. Өлт, Өлзийт тээл, Улз гол гээд алт ухсан ч нөхөн сэргээлтээ хийгээд явж байгаа компаниудтай нутгийн бид нар ярих зүйл байхгүй ээ. Харин энэ Шийртийн хөндий бол арай  л дэндүү байна.

Бүх зүйлд гарц байдаг. Энүүхэн ард орших Өлзийт тээлд байдаг компани нөхөн сэргээлтийн талбайдаа ногоон өвс тариалж байна. Тэднээс туршлага судламаар л санагддаг. Болдог бол энэ сайхан нутгийнхаа төлөө ажиллаж чадах, сэтгэлтэй, хариуцлагатай аймгийнхаа компаниудад зөвшөөрлийг нь өгөөд, нөхөн сэргээлтийг нь хийлгээсэй гэж хүсч байна даа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ХарамсалтайХарамсалтай
6
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж