Өршөөлийн хуулийг хаалттайгаар хэлэлцэв | News.MN

Өршөөлийн хуулийг хаалттайгаар хэлэлцэв

Өршөөлийн хуулийг хаалттайгаар хэлэлцэв

Өршөөлийн хуулийг хаалттайгаар хэлэлцэв

Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганы өчигдрийн (2021.06.30) нэгдсэн хуралдаанаар гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв. 

Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа Засгийн газраас 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн  Монгол Улсын шүүхийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

Хууль зүйн байнгын хороо 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т  заасны дагуу хуулийн төслийг зүйл бүрээр нь хэлэлцсэн. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг явуулах үед Улсын Их Хурлын гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.22-т заасныг үндэслэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэдгийг онцолсон. 

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын саналыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Иймд  хуулийн төслүүдийг эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ. 

Энэ үеэр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсын Засгийн газраас  ирүүлсэн албан бичгийг танилцуулав. Уг албан бичигт 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг татан авснаа мэдэгдсэн байлаа. Мөн өнөөдөр Засгийн газраас “Монгол Улсын 2022 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг шинэчлэн боловсруулаад өргөн барьсныг мэдэгдэв. 

Монгол Улсын 2021 оны төсвийн тодотголын төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв

Хуралдаан Засгийн газраас  2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгээр үргэлжиллээ. 

Хуулийн төслүүдийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, дэлхийн эдийн засагт “КОВИД-19” цар тахал хүндхэн нөхцөл байдал учруулж байна. Дэлхийн улс орнууд цар тахлаас ард иргэдээ хамгаалахын тулд вакцинжуулалтад хамруулах арга хэмжээг нэн яаралтай зохион байгуулж байгаатай нэгэн адил манай Засгийн газар энэ оны 02 дугаар сарын 23-ны өдөр дархлаажуулалтыг эхлүүлснээс хойш өнөөдрийн байдлаар 18-аас дээш насны хүн амынхаа 96.8 хувийг I тунд, 84.3 хувийг II тунд бүрэн хамруулсан бол 12-17 насны хүүхдүүдийн 23 хувийг вакцинжуулаад байгааг дурдахын зэрэгцээ цар тахлын нөхцөл байдал амаргүй байгаатай уялдуулан ард иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалахад чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага үүсэж байгаа тул Засгийн газраас Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хуулийн төслүүдийг өргөн мэдүүлснийг онцоллоо.  

Түүнчлэн төсвийн тодотголоор эрүүл мэндийн салбарын нэн шаардлагатай зардлыг цаг алдалгүй санхүүжүүлэх замаар иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, айл, өрхийн орлогыг ядууралд өртөхөөс сэргийлэх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр болсныг дурдав. 

Коронавируст цар тахлын үед иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эрүүл мэндийн салбарын нэн шаардлагатай санхүүжилтэд зориулж төсвөөс  нийт 735.1 тэрбум төгрөгийг нэмж зарцуулна. Коронавируст цар тахлын бүсэд ажиллаж байгаа албан хаагчдад улсын төсвөөс нийт 45.6 тэрбум төгрөгийн нэмэгдэл урамшууллыг олгох, “КОВИД-19” цар тахлын вирусээр өвчилсөн иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний тарифыг нэмэгдүүлэх замаар цар тахлын улаан бүсэд ажиллаж, эмчилгээ үйлчилгээ үзүүлж байгаа эрүүл мэндийн  ажилчдын хөдөлмөрийн бодит гүйцэтгэл дээр үндэслэж цалин хөлсийг 50 хувиар нэмэгдүүлэн олгохоор тооцлоо. Цаашид цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан тус салбарын цалин хөлс, урамшууллын асуудлыг хангалттай нөөцлөх шаардлага бий болж байна. “КОВИД-19” цар тахлын тусламж, үйлчилгээ үзүүлэх эмнэлгийн тоног төхөөрөмж, худалдан авалт болон өвчтөний хэвтэн эмчлүүлэх ор хүрэлцэхгүй байгаа учир нэмэлтээр 2000 ор дэлгэхэд зориулж нийт 110 тэрбум төгрөг, тусламж үйлчилгээ хүргэх хүний нөөцийн хомсдолд орж байгаа тул резидент эмч нарыг дайчлан ажиллуулах цалингийн зардалд 3.7 тэрбум төгрөг, вакцины үр нөлөө болон манай улсад тархсан вирусын хэлбэрийг судлах судалгаанд 2.4 тэрбум төгрөг, ард иргэдэд коронавируст халдварын талаарх мэдлэг мэдээлэл олгох, халдвараас урьдчилан сэргийлэх болон халдвар авсан тохиолдолд гэрийн нөхцөлд эмчлэх талаар заавар, зөвлөмжийг бүрдүүлэхэд 6.6 тэрбум төгрөг, эрүүл мэндийн үйлчилгээг цахимжуулахад гурван тэрбум төгрөг, эрүүл мэндийн салбарын нэн шаардлагатай төсөл арга хэмжээний техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулахад нэмэлтээр найман тэрбум төгрөг, PCR шинжилгээ болон эмийн нөөц бүрдүүлэхэд 61.9 тэрбум төгрөг тус тус зарцуулахаар төлөвлөсөн гэж байлаа.     

Мөн “КОВИД-19” халдварт цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан гарч болзошгүй эрсдэлийг бууруулах, хариу арга хэмжээг цаг алдалгүй шуурхай хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын нөөц санг 60 тэрбум төгрөгөөр, аймгийн Засаг даргын  нөөц санг 20 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тооцоод байна. 

“КОВИД-19” халдварт цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан хүүхдийн мөнгөн тэтгэмж болон нийгмийн халамжийн тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлсэн хэлбэрээр нь, түүнчлэн айл өрх, аж ахуйн нэгжийн төлөх хэрэглээний төлбөрийн чөлөөлөлтийг он дуустал тус тус үргэлжлүүлнэ. Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулиар хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2021 оны 07 дугаар сарын 01-н хүртэл 100 мянган төгрөгөөр, 07 дугаар сарын 01-нээс он дуустал  20 мянган төгрөгөөр олгоход шаардагдах төсөв батлагдсан. Гэвч коронавируст цар тахлын нөхцөл байдал хүндэрч байгаа нь бага, дунд орлоготой өрхийн орлогод хүндээр тусахаар байна. Өмнөх онд хэрэгжүүлсэн цар тахлын үеийн нийгмийн хамгааллын мөнгөн дэмжлэгийн хэлбэр нь олон мянган өрхийн орлогыг ядуурлаас урьдчилан сэргийлж чадсан оновчтой арга хэмжээ болсныг Олон улсын байгууллагууд онцолсон. Иймд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг он дуустал сар бүр 100 мянган төгрөгөөр тооцож үргэлжлүүлэн олгоход 576 тэрбум төгрөг, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өнчин хүүхдүүдэд олгодог халамжийн тэтгэвэр болон байнгын асаргаа шаарддаг 16 хүртэлх насны хүүхдэд олгодог амьжиргааг тэтгэх мөнгөн тэтгэмжийг он дуустал сар бүр 288 мянган төгрөгөөр тооцож олгоход 42,9 тэрбум төгрөг нэмж зарцуулна гэдгийг Сангийн сайд танилцуулгадаа дурдлаа. 

Түүнчлэн айл өрх, аж ахуйн нэгжүүдийн дулаан, цахилгаан, дулааны уур, ус, хогны төлбөрийг төрөөс хариуцан төлж байгаа нь өрхийн амьжиргаа болон бизнесийн үйл ажиллагаанд цагаа олсон дэмжлэг болсон. Иймд "КОВИД-19" халдварт цар тахлын нөхцөл байдал хүнд, цаашид хэрхэх нь тодорхойгүй байгаа энэ үед төрийн өмчит уул уурхайн аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлагын хүрээнд өөрийн ашгаас айл өрх, аж ахуйн нэгжийн цахилгаан дулаан, дулааны уур, ус, хогны төлбөрийг хариуцан төлж байгааг он дуустал, сайжруулсан түлшний үнийг 50 хувиар хөнгөлөх арга хэмжээг 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд сунгахад 700 орчим тэрбум төгрөг зарцуулна гэдгийг Б.Жавхлан сайд танилцуулгадаа онцлов.

Төрийн байгууллагууд төсөв хэмнэх горимд ажиллах, төлөвлөсөн арга хэмээг зайлшгүй хэрэгжүүлэх хэрэгцээ, шаардлага, үр дүн, ач холбогдлоор нь эрэмбэлж хэрэгжилтийг нь хойшлуулах, цуцлах зэргээр төсвийн урсгал зардлыг 132.9 тэрбум төгрөгөөр, хөрөнгө оруулалтын зардлыг 90 тэрбум төгрөгөөр, гадаад зээл ашиглалтын зардлыг 60 тэрбум төгрөгөөр нийт 282.9 тэрбум төгрөгөөр зардал танахаар тооцоолсон. Хэмнэгдсэн зардлыг “КОВИД-19” цар тахлын хариу арга хэмжээнд зарцуулна гэж байлаа. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Б.Бат-Эрдэнэ, С.Чинзориг, О.Цогтгэрэл, Т.Доржханд, Г.Тэмүүлэн, Ж.Чинбүрэн, Ё.Баатарбилэг, Б.Баттөмөр, М.Оюунчимэг, Ц.Туваан, С.Одонтуяа, Д.Сарангэрэл, Х.Булгантуяа, Ж.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд, Г.Тэмүүлэн, Х.Булгантуяа нар санал хэллээ. Гишүүдийн зүгээс төсвийн тодотголын хүрээнд эрүүл мэндийн салбарт үзүүлэх дэмжлэгийг шаардлагатай техник хэрэгсэл, тоног төхөөрөмж авахад хэрхэн зарцуулахаар төлөвлөсөн болон цар тахлын эрсдэлийг удирдахад Засгийн газар төлөвлөлт хийх эсэхийг илүүтэй тодруулав. Мөн халамжийн арга хэмжээнүүдийг 12 дугаар сар хүртэл сунгахдаа цаана нь тодорхой бодлого баримталж буйг лавлахын зэрэгцээ төсвийн хөрөнгө оруулалтад таналт хийсэн шалтгааныг  тодруулж байлаа. 

Эрүүл мэндийн сайд С.Энхболд хариултдаа, Эрүүл мэндийн даатгалын санд 1.2 их наяд төгрөг байгаа. Төсвийн тодотголоор 237 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн салбарт нэмсэн бөгөөд даатгалын сангийн үлдэгдэл нь 492 тэрбум төгрөг байна. Үүнийг эрүүл мэндийн байгууллагаас иргэддээ үзүүлэх цар тахлын үйлчилгээний гүйцэтгэлийг санхүүжүүлэхэд зарцуулна гэдгийг онцлов. Мөн тэрбээр, төсвийн тодотголоор орж ирэх хөрөнгөөр эрүүл мэндийн салбарт шаардлагатай тоног, төхөөрөмж, цар тахлын эсрэг цаашдын бэлэн байдлыг хангахын тулд эм болон оношлуурын нөөц бүрдүүлэхэд зарцуулна гэв. Тухайлбал, уушги орлуулагч аппарат улсын хэмжээнд 3 байгаа бөгөөд нэмж нэг аппаратын захиалгыг өгөөд байна. Уг аппаратын дагалдах хэрэгсэл нь нэг хүнд хэрэглэх өртөг 35 сая төгрөг. Тодорхой хэмжээнд дагалдах хэрэгслийг нөөцөлсөн ч цар тахлын халдвар хүндэрсэн хүмүүстээ хэрэглэж дууссан. Төсвийн тодотголын хүрээнд энэ аппарат болон дагалдах хэрэгслийг нэмж захиалсан байгаа ч үйлдвэрлэхэд багагүй хугацаа шаарддаг гэж байлаа. 

2020, 2021 оны ковидын үеийн эдийн засгийн нөхцөл байдлыг амжилттай дуусгах, дараагийн  эдийн засгийн шинэ нөхцөл байдалд хэрхэн ажиллах, зөв шилжилт хийхэд макро бодлогуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Энэ хүрээнд цаашид төлбөрийн тэнцэл, өрсөлдөх чадвараа сайжруулах, томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг хийхээр төлөвлөөд байгааг Сангийн сайд Б.Жавхлан хариултдаа онцлоод эрсдэлийн төлөвлөгөө гаргаж, УИХ болон гишүүдтэй  хамтарч ажиллахад бэлэн гэж байлаа. Мөн тэрбээр, хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгох, цахилгаан, дулааны мөнгийг чөлөөлж байгаа нь халамжийн арга хэмжээ мэт боловч дотоодын эдийн засгийн эргэлт сул хэвээр байгаа тул үүнийг дэмжих давхар бодлого явуулж байна гэв. Харин төсөвт суусан хөрөнгө оруулалтуудад хасалт хийгээгүй, тэглээгүй гэдгийг хариултдаа онцолсон. 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар тендер нь зарлагдаагүй, гэрээ нь хийгдээгүй болон дэд бүтэц, газар нь шийдэгдээгүй ийм төслүүдийн гүйцэтгэл жилийн эцэст 100 хувьд хүрэхгүй гэсэн эрсдэлийн үнэлгээ хийсэн. Иймд 22 төслийн нийт 90 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт дээр таналт хийж байна. Энэ жилийн хувьд 457 төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтыг явуулж, нийтдээ гүйцэтгэл нь 77 хувьтай байгаа бөгөөд Засгийн газраас төсвийн ерөнхийлөн захирагч нарт 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор хөрөнгө оруулалт, худалдан авалтаа зохион байгуулах чиглэл өгсөн гэсэн нэмэлт тайлбарыг хийлээ. 

Ингээд Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороо болон бусад Байнгын хороо, Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд шилжүүлэв. 

Дараа нь Засгийн газраас 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн. Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт уг хуулийн төслийг хаалттай хэлэлцэх горимын санал гаргав. Тэрбээр хэлсэн үгэндээ, Ардын хувьсгалын 100 жилийн ой болон коронавируст халдвар цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн болон бусад шийтгэлээс нэг удаа өршөөх, ял шийтгэлээс чөлөөлөх, ялын эдлэх хугацааг хасах зэрэг зохицуулалтыг тусгасан хуулийн төслийг өргөн барьсныг дурдаад Хууль зүйн байнгын хороо уг хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүдээс хаалттай хэлэлцэх горимын санал гаргасан гэдгийг онцлон тэмдэглэсэн.  

Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх горимын саналыг дэмжсэн тул чуулганы нэгдсэн хуралдаан хаалттайгаар үргэлжлэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-07-01 202.126.89.43

Huuramch nuatiin asuudal yu bolj bn .yaraltai urshuuld hamruulaad vgvi bol aj ahui erhlwgchidee yaraltai shorond yavuulmaar bn .

Avatar

Зочин 2021-07-01 66.181.183.125

Цагаан захтнуудаа болохоор өөд уруугүй л суллаад л байгаа шүүүү дээ, ард түмэндээ ингэж хатуу хандмааргүй байна.

Avatar

Зочин 2021-07-01 66.181.183.125

Үндсэн хуулийн өмнө бүх хүн тэгш эрхтэй. Өршөөл үзүүлж байгаа бол хүн амь, хүчин, мансууруулах бодисын хэргээс бусад хэрэгтнүүддээ хугацааг нь бууруулах гэх мэт хөнгөлөлт, өршөөлийг адил үзүүлээч!!!!!!!!!!

Avatar

Дорж 2021-07-01 202.9.46.188

Нямбаатар сайдаа та мөн л Үндсэн хууль зөрчих гээд зүтгээд байх юм. Үндсэн хуулинд хүр хуулийн өмнө тэгш эрхтэй байна гэсэн заалт хаана байна?? Урдах хийсэн алдаагаа дахин давтах гээд байна!!!

Avatar

Зочин 2021-07-01 202.131.239.34

Хуулиа хэрэгжүүлж чаддаггүй хууль зүйн сайдыг огцруулах хэрэгтэй. Ер нь Нямка нэртэй хүний хуулийн сайдаар томилохыг 100 жилийн ойгоос хойш хориглосугай. Дүрмээрээ явдаггүй ЗТОсол гаргадаг хүмүүсээ өршөөгээд байхаар яах болж байнаа? одоо цагдаа нар зөрчил гаргагчдыг торгох нүүргүй боллоо. 100 жил өнгөрсөн ч бүдүүлэг хэвээрээ байх юм даа. морио уначихаад л хошуу багтах зайгаар чихээд байдаг шигээ чихэлдээд байцгаая.

Avatar

Зочин 2021-07-01 103.80.210.183

ялтангууд ялтангаа суллах гээд л байна даа. буцаад бүгдээрээ нэг камерт орох бий вий.

Avatar

Зочин 2021-07-01 202.126.88.183

Занданшатараа гэж…… яана даа? Хайрм Ерөнхийлөгчийнхөө ч тангараг өргөх ёслолыг ч зөв удирдаад явж чадахгүй . Ичээч!!!! Суудлаа өгөөч

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж