Халдварын тохиолдлын тоо буурахгүй, эмнэлгүүдийн ачаалал дээд цэгтээ хүрээд удаж байна. Гэтэл үүний хажуугаар Covid-19-ийн эмчилгээнд вирусийн эсрэг хэрэглэдэг "Арбидол" эм хомсдож, зарагдах нь ховордсон тухай мэдээлэл цацагдав. Тиймээс эм, эмнэлгийн хэрэгсэл бөөнөөр худалдаалах төвүүдээр орлоо. Урт цагаан, Алтжин Бөмбөгөрийн ойролцоо Монголын бүх том эмийн компаниудын бөөний төв, эмийн сангууд зэргэлдээ оршино. Иргэд гэрийнхээ ойролцоох эмийн сангаас олдоггүй эм, тангаа сураглаж энэ хавиар эргэлдэх нь цөөнгүй аж.
“Энто” эм ханган нийлүүлэх төвөөр орлоо. Кассанд оочерлосон хүмүүсийн цуваа үүдэнд тулжээ. Covid-19-ийн эсрэг эмийн нөөц хэр байгааг мөн иргэдийн эрэлтийн хэрэгцээ ихэссэн эсэхийг эм зүйчээс тодруулахад ‘Виферон’ болон ‘Арбидол’ эмүүд маргааш манай төвд ирнэ. Бусад амин дэм витаминуудын хувьд тасраагүй. Иргэдийн эрэлт их байгаа. Хүүхдэд зориулсан вирусийн эсрэг эм бэлдмэлүүд хангалттай байгаа. Том хүний вирусийн эсрэг эмүүд тасраад гурав, дөрөв хоносон” гэв
Монгол Улс "Арбидол"-ыг Украин, Хятад, Орос гэсэн гурван улсаас импортолдог.
“Энто” эмийн сангийн дэргэдэх “Омбол ХХК”-аар орлоо. Хөл хөдөлгөөн харьцангүй нам жим. Тус төвийн худалдааны менежер Ш.Баатар “Манай эмийн санд ‘Арбидол’-ын нөөц дууссан. Нийлүүлэлт тасраад долоо хонож байна. Хэзээ ирэх нь ч тодорхойгүй байгаа. Уламжлалт эм тангууд үйлдвэрээсээ гарахгүй, тасарсан. Эмийн нөөц хангалтгүй байна. Гэтэл иргэд өдөр бүр л асууж орж ирж байна” гэлээ.
Вирусийн эсрэг "Арбидол" эмийг насанд хүрсэн хүн өдөрт 2-3 ширхэг буюу 200-600 мг хэрэглэх заалттай.
“Энто” болон “Омбол” төвүүдэд ‘Арбидол’ эмийн нөөц дууссан нь үнэн байв. Зарим эмийн сангуудаар "Арбидол" болон уламжлалт тан зардаггүй аж. Учир нь “Арбидолыг Эрүүл мэндийн яамтай гэрээтэй байгууллагууд оруулж ирдэг. Харин уламжлалт танг дотоодын үйлдвэрүүдтэй гэрээ байгуулж, борлуулдаг” талаар эмийн санчид ярилаа. Гэтэл бөөний төвүүдэд олдохоо больсон өнөөх "Арбидол", "Виферон" зэрэг Covid-19-ийн эмчилгээнд шаардлагатай эмүүд жижиг эмийн сангуудад зарагдаж байв.
"Хүчилтөрөгч" бөөний төвийн эмийн сангийн ажилтны хэлснээр "Арбидол" хэд хоног тасарч байгаад саяхан ирсэн гэнэ.
"Арбидол"-ын адилаар уламжлалт анагаах ухааны “Мана-4”, “Норов-7” тангууд Covid-19-ийн эсрэг эмчилгээнд өргөн хэрэглэгддэг. Эдгээр танг үйлдвэрлэдэг “Aриун Монгол ХХК”-ийн эмийн сан болох “Армон”-оор ороход эхнэр нь халдвар аваад удаагүй байгаа залуу эм авч байв. Тэрбээр “Арбидолыг нь авсангүй. Энэ уламжлалт тангуудыг өрхийн эмнэлгээс зөвлөсөн болохоор нь аваад явж байна. Тийм ч олон газар зардаггүй юм шиг байна лээ. Би дам хүнээс сонсоод энд ирлээ” гэв.
Харин тус эмийн сангийн ажилтан “ ‘Мана-4’, ‘Норов-7’ зэрэг тангууд маань тасрахгүй байгаа. Өдөр өдөртөө нийлүүлэлтээ хийгээд явж байгаа. Иргэд ч сайн авч байгаа. Эмчийн зөвлөгөөг нь харгалзан бид өгдөг. Манай компани өөрсдөө үйлдвэрлэдэг учир хомсдол үүсэхгүй” гэлээ.
"МОНОС АРБИДОЛЫГ ОРУУЛЖ ИРЭХГҮЙ"
Эцэст нь “Тавин ус” болон “Монос” эмийн компанийн төвүүдээр орлоо. Моносын ажилтны хэлж буйгаар тус компани цаашдаа "Арбидол" эмийг оруулж ирэхгүй гэнэ.
Монос эмийн бөөний төвийн ажилтан Ш.Гульзада “Арбидол" манайд байхгүй ээ. Манайх ерөнхийдөө оруулж ирэхээ больж байгаа. Харин D витаминууд байгаа бол С витаминууд тасарчихсан. С витамины оронд манайх өөрсдийн найруулдаг ‘Витагриф’-ыг санал болгож байгаа. Арбидол тасраад долоо хоног болж байна. Иргэд энэ эмийг их асууж орж ирж байгаа. Бид вирусийн эсрэг үйлчилгээтэй эм санал болгож байна. Уламжлалт тангууд ч гэсэн жаахан тасралт үүсээд байгаа” гэв.
Харин “Тавин ус” компанийн захиалга хүлээн авагч Л.Батдэлгэр “Сүүлийн арван хэдэн хоног ‘Арбидол’ манайд тасарчихлаа. Хүмүүс их асууж байгаа. Гэхдээ Арбидол байхгүй ч гэсэн үйлчилгээ нь төстэй, нэр нь ондоо эмүүд бий. Тэднийг санал болгож байна” хэмээн ярилаа.
"Арбидол" эм нэг хэсэг тасарсан нь үнэн боловч эргэн нийлүүлэгдэж байгаа аж. Мөн иргэд "Арбидол"-ыг ихээр сураглаж байгаа нь дээрх хүмүүсийн ярианаас илхэн харагдаж байна. Гагцхүү хүмүүс эдгээр эмүүдийг хэрэгцээгүй олноор нөөцөлж, хадгалснаар хэрэгтэй хүндээ чухал үед хүрэхгүй бол харамсалтай.
Холбоотой мэдээ