Бээжингийн "мэдэлд" нэг жилийг үдсэн Хонгконг

Хуучирсан мэдээ: 2021.07.01-нд нийтлэгдсэн

Бээжингийн "мэдэлд" нэг жилийг үдсэн Хонгконг

Бээжингийн "мэдэлд" нэг жилийг үдсэн Хонгконг

Одоогоос яг нэг жилийн өмнө буюу 2020 оны долдугаар сарын 1-ний шөнө дунд Бээжингийн баталсан үндэсний аюулгүй байдлын тухай хууль Хонгконгод хэрэгжиж эхэлсэн билээ. Хятадын Засгийн газрын сарын өмнө танилцуулсан шинэ хуулийн төлөвлөгөөг хонгконгчууд чухам ямар заалттай байх, тэр нь хотын хууль, улс төр, мэдээллийн дэд бүтцийг хэрхэн өөрчлөхийг сэтгэл түгшин хүлээцгээж байлаа.

Тус хууль хүчин төгөлдөр хэрэгжиж эхлээд нэг жил болохдоо улам чанга, хатуу болж, Бээжинд төсөөлснөөс илүү эрх мэдлийг олгож байна.

Хонгконгод зориулсан эл хуулийн төслийг бараг бүх шатанд хаалттай хэлэлцэж, Хонгконгийн удирдагч Кэрри Лэмийг ч оролцуулахгүй байсаар баталсан юм. Шинэ хуулийн талаар сонссон хонгконгчууд эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж, цаашлаад эмх замбараагүй байдал үүсгэн зургаан сарын турш цагдаа нартай мөргөлдөж, тэмцээд амжилт олоогүй дарагдсан билээ.

Үр дүнд нь Хонгконгод салан тусгаарлах, хорлон сүйтгэх, алан хядлага, үндэсний аюулгүй байдалд халдах зорилгоор гадаадын хүчнүүдтэй хуйвалдах зэргийг гэмт хэрэгт тооцож, аль нэг заалтыг нь зөрчсөн хүнд ямар ч өршөөлгүй насаар нь хорих ял оноох чанга хууль хэрэгжиж эхлэв. Тун удалгүй хүмүүс дээрх хуулийн нэрийг ямар ч төрлийн эсэргүүцлийг дарахад ашиглаж болохыг ухаарч, түгшүүрийн харанга дэлдсэн юм.

Гэхдээ тухайн үед Бээжингийн болон Хонгконгийн удирдагчид тус хуулийг зөвхөн сайн сайхны төлөө, цөөхөн “гэмт хэрэгтнүүдэд” чиглэсэн, хагас автономит Хонгконг хотын эрх чөлөөнд халдахааргүй аюулгүй хууль хэмээн сурталчилж байлаа.

Харин өдгөө нэг жил өнгөрөхөд Хонгконгийн зарим иргэд хуулийг хүлээн зөвшөөрч, 2019 оны эмх замбараагүй байдлын шархыг нөхөж, дахин тогтвортой байдлыг цогцлооход хэрэгтэй хэмээн хүлээн авах болжээ. Гэтэл нөгөө хэсэг нь хамгийн аймшигтай хар дарсан зүүд нь биелсэн мэт мэдрэмж тээж амьдарсан хэвээр байгаа гэнэ.

Өмнө нь төсөөлөхийн аргагүй байсан зүйлс маш хурдан газар авч, шинэ хуулийн дагуу зургадугаар сарын 27-н гэхэд нийт 117 хүн баривчлагдаж, тэдний 64 нь ял сонссон байна. Нэгэн цагт хэвлэлийн бүрэн эрх чөлөөтэй, хагас ардчилсан, жагсаал цуглаанаар буруу зүйлсийг залруулдаг, олон улсын бизнес, аялал жуулчлал, эдийн засгийн төв явсан эл хот өдгөө Бээжингийн хатуу хяналт, чанга хууль, хязгаарлалтад захирагдан Хятадын бусад хотоос төдийлөн ялгарахааргүй болжээ.

Чөлөөт хэвлэлүүд бүгд хаагдаж, олон нийтийн жагсаал цуглаан хориотой болж, хотын ардчиллыг дэмжигч идэвхтнүүд, улстөрчид зарим нь шоронд орж, зарим нь суудлаасаа буун амаа таглуулсан байна. Мөн хэдэн арван мянган иргэд Нэгдсэн Вант улс, Канад, Австрали зэрэг орогнол амласан ардчилсан орнууд руу дүрвэх болж.

Тэр байтугай дунд, их сургуулиуд, номын сангууд, кино урлаг, цахим орчинд ч шинэ хууль багагүй нөлөөлжээ.

2019 ОНЫ БОСЛОГО

Бээжингийн дарамт шахалтаар Хонгконгийн удирдлагууд өмнө нь хэд хэдэн удаа үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг батлахаар оролдож байв. Жишээлбэл, 2003 онд тус хуулийг батлахаар хэлэлцэж эхлэхэд хэдэн зуун мянган иргэд гудамжинд жагсч, үзэл бодлоо илэрхийлж, хуулийг эсэргүүцсэнээр хэсэгтээ дарагдаж байжээ.

Дээрх жишгээрээ хонгконгчууд 2019 онд хотыг нь Хятадад нэгтгэх тухай ярилцаж эхлэхэд жагсаал хийж үзэл бодлоо илэрхийлсэн ч энэ удаад бүх зүйл өөрөөр өрнөсөн билээ. Жагсаал маш богино хугацаанд олон мянган залуусыг хамран томорч, ардчиллыг дэмжих, засгийн газрыг эсэргүүцэх хөдөлгөөн болон өргөжиж, цаашлаад эмх замбараагүй байдал, ширүүн мөргөлдөөнөөр үргэлжилсэн. Ардчиллыг дэмжигч залуус хотын хууль тогтоох байгууллагыг эзэлж, их сургуулийн цогцолборыг хэдэн өдрийн турш хяналтандаа авсан юм. Тухайн үед  жирийн иргэд цагдаагийн суманд оногдож, амьдаараа шатаж, хүнд шархадсан тохиолдол ч гарч байв.

Эмх замбараагүй байдал хяналтаас гарч, зохицуулахад дэндүү бэрх болсноор Бээжин шийдвэр гаргах эрхийг хотын удирдлагуудад үлдээгээд ухарсан юм. Гэтэл удалгүй цар тахал дэгдэж олон хүн цугларах боломжгүй болсныг эрх баригчид овжин ашиглаж Хонгконгийн үндсэн хуулийн жижигхэн цоорхойгоор маргаантай хуулиа батлаад авсан билээ.

ХОНГКОНГИЙН ТҮҮХЭН ДОЛДУГААР САРЫН 1

Хонгконгчууд Хятадын мэдэлд эргэн орсны 23 жилийн ойгоороо ийнхүү үндэсний аюулгүй байдлын шинэ хуультай нүүр тулжээ. Хуулийг эцэслэн баталсан явдлыг хэдэн зуун хүн эсэргүүцэж, дахин жагсаал хийсэн боловч цагдаа нарын нулимс асгаруулагч, резинэн суманд эрхгүй дарагдсан юм. Чухам тэр л өдөр цагдаа нар шинэ хуулийн дагуу анхны баривчилгаануудаа хийж, түүнээс хойш зогсоогүй юм.

Эхний сард сургуулиуд хуулинд харш гэж үзсэн бүх ном, сурах бичгүүдийг устгаж, эрх баригчид үндэсний аюулгүй байдлын оффис байгуулснаар анх удаа Хятадын төлөөлөгч нар Хонгконгод ажиллах боломжтой болсон байна. Цаашлаад оюутан залуус ардчиллыг дэмжсэн үзэл бодлоо цахим орчинд илэрхийлсний төлөө баривчлагдаж, ардчилсан үзэлтнүүд сонгуульд өрсөлдөх боломжгүй болжээ.

Эдгээр өөрчлөлтүүд олон улсаас ихэд шүүмжлэл сонсох болж, АНУ, Нэгдсэн Вант улс, Канад, Австрали, Шинэ Зеланд, Герман тэргүүтэй орнууд Хонгконгтой байгуулсан худалдааны гэрээнүүдээ даруй түдгэлзүүлсэн байна.

Удалгүй 200 гаруй цагдаагийн алба хаагч Бээжинг эсэргүүцэж, ардчиллыг дэмждэг “Apple Daily” сонины байранд нэвтэрч, Жимми Лай тэргүүтэй хэд хэдэн удирдах албаныхныг нь баривчилсан билээ. Мөн наймдугаар сарын 12-нд 16 болон түүнээс дээш настай 12 иргэн завиар Тайвань руу зугтах гэж байсныг илрүүлж баривчилсан аж.

Мөн арваннэгдүгээр сард Бээжин Хонгконгийн эрх баригчдад Хятадын бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөөгүй “үнэнч бус” авирласан хууль тогтоогчийг шууд огцруулах эрх олгосон юм. Тэр даруйд дөрвөн ч хууль тогтоогч суудлаасаа буужээ. Тус үйл явдлын дараа удалгүй үлдсэн бүх ардчиллыг дэмжигч хууль тогтоогчид зэрэг ажлаа өгсөн билээ. Энэ бол үндсэндээ Хонгконгийн зохион байгуулалттай улс төрийн эсэргүүцэл бүрмөсөн дуусч байгаагийн тэмдэг байв.

ШИНЭ ОНД НАЙДВАР БҮРЭН УНТРАВ

Хэдийгээр зарим хүмүүс шинэ онд бүх зүйл хэвэндээ орно гэдэгт итгэж байсан ч тэдний найдвар тун удалгүй тасарсан юм. Тухайлбал, энэ оны нэгдүгээр сарын 6-нд сөрөг хүчний 53 хууль тогтоогч эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр баривчлагджээ. Тэд өмнөх зунаас эхлээд ардчиллыг дэмжигч улстөрчдийг дэмжиж, сонгуульд оролцуулахаар бэлдэж байсан боловч цар тахлын нөхцөл байдлаас болж бүтэлгүйтсэн байлаа.

Харин хоёрдугаар сард Бээжин Хонгконгийн бүх сургууль, цэцэрлэгүүдийн сургалтын хөтөлбөрийг өөрчилж, түүх, биологи, хөгжим зэрэг хичээлээр дамжуулан хятад боловсрол олгохоор болсон байна. Түүний дараа гуравдугаар сард Хонгконгийн сонгуулийн тогтолцоог шинэчилж, парламентын олонх суудлыг Бээжингээс томилогдсон хүмүүст өгч байхаар тохируулсан юм. Үндэсний аюулгүй байдлын тухай хууль Хонгконгод батлагдсаны нэг жил Хятадын эрх баригч Коммунист намын 100 жилийн ойтой өнөөдөр /2021.07.01/ давхцаж байгаа билээ. Гэтэл энэ чухал өдөрт саад болж болзошгүй хүчтэй, байр суурьтай нэг тэмцэгч үлдээд байсан нь “Apple Daily” сонин байсан юм.

Тиймээс ч зургадугаар сарын 17-нд 500 орчим цагдаа сонины байранд дахин нэвтэрч сэтгүүлч нарын бүх материалыг хураан авч, захирлуудыг нь баривчилсан юм. Түүнчлэн сонины хөрөнгийг царцааж орхисонд долоо хоногийн дотор “Apple Daily” үйл ажиллагаагаа зогсоохоо мэдэгджээ.

Эх сурвалж: CNN, BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
4
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж