Хүүхдийн эрхийн хамгааллын асуудлаар “Лантуун дохио” төрийн бус байгууллага Засгийн газрыг шүүхэд өгсөн талаар мэдээлэл цахим сүлжээнд тавигджээ. Энэ асуудлын талаар “Лантуун дохио” ТББ-ын тэргүүн У.Ганбаяраас тодрууллаа.
-Хүүхдийн эрхтэй хамааралтай асуудлаар Засгийн газрыг шүүхэд өгсөн гэлээ. Хэзээ, ямар асуудлын улмаас шүүхэд хандах болсон бэ?
-Шүүхэд 2021 оны зургадугаар сарын 29-нд албан ёсоор гомдол гаргасан байгаа. Учир нь хурдан морины уралдаан нь хүүхдийн аюултай хөдөлмөр буюу хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийн нэг. Мөн хүүхдийн эрхийн зөрчил болохыг Засгийн газар төдийгүй шүүхээс 2018 оны нэгдүгээр сарын 15-ны өдрийн 26 дугаар тогтоолоор хүлээн зөвшөөрсөн.
Гэтэл Монгол Улсын Засгийн газар энэ оны зургадугаар сарын 23-ны өдөр 171 дүгээр тогтоолыг баталж Үндэсний их баяр наадмыг тэмдэглэх хүрээнд хурдан морины уралдаан зохион байгуулахаар шийдвэрлэсэн нь санаатай үйлдлээр хүүхдийн аюулгүй байдал, эрүүл мэнд, амь насанд заналхийлж байгаа юм.
Тиймээс хүүхдийн эрх ашгийг харгалзаж тус тогтоолын зарим зүйл, заалтыг хүчингүй болгохыг шаардаж нэхэмжлэл гаргасан. Одоогийн байдлаар улсын баяр наадамд 9000 морь, 387 унаач хүүхэд оролцох албан бус статистик байна. Бидний зүгээс хурдан морины уралдааныг бүрэн хорих, орон нутгуудад зохион байгуулахгүй байх тал дээр төвлөрч байгаа.
-Засгийн газарт урьдчилсан байдлаар гомдол хүргүүлсэн үү. Ямар нэгэн хариу тайлбар, мэдээлэл өгөөгүй юу?
-Бидний хувьд Засгийн газарт гомдол, саналаа илгээсэн. Засгийн газрын зүгээс ямар нэгэн хариу өгөөгүй. Өчигдөр /2021.6.30/ “Лантуун дохио” ТББ-ын нэхэмжлэлтэй Засгийн газарт холбогдох Захиргааны хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн тов гарсан.
Шүүхээс Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргасан 171 дүгээр тогтоолын хоёр дахь заалтын “хурдан морины уралдаан” гэх хэсэг, гурав дахь заалтыг бүхэлд нь хүчингүй болгох шаардлага бүхий нэхэмжлэлд зургадугаар сарын 30-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа.
Нэхэмжлэгчээс “Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх” хүсэлт гаргасныг 2021 оны долдугаар сарын 6-ны өдөр хэлэлцэхээр товлон, хэргийн оролцогч нарт албан бичгээр мэдэгдсэн.
-Иргэний нийгмийн байгууллага, хүүхэд хамгааллын байгууллагууд идэвхтэй хандаж байгаа харагдлаа. Одоогоор хэчнээн газар нэгдэж байгаагаа илэрхийлсэн бэ?
-Хүүхэд хамгааллын байгууллагууд нэгдэж буйгаа илэрхийлж байна. Мөн эрхзүйч, хуульч, өмгөөлөгч нарын зүгээс бидэнтэй хамтарч ажиллахаар оролцож байгаа. Хуульчдын хувьд өмнө нь Засгийн газрын өвөл, хаврын хурдан морины уралдааныг хориглох асуудал дээр шүүхэд оролцож байсан туршлагатай хуульч нар ажиллаж байна. Уяач хүүхдүүдийн эрх ашиг, хүүхэд хамгааллын салбар дээр нилээд туршлагатай хүний эрхийн асуудал дээл анхаарал хандуулдаг хуульчидтай хамтарч байгаадаа таатай байна. Тухайлбал, н.Болортуяа болон н.Эрдэнэ-Очир хэмээх хоёр хуульч манай талаас голлон ажиллаж байгаа.
-Хүний эрхийн үндэсний комисс, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газартай энэ асуудлаар холбогдсон уу?
-Хүний эрхийн үндэсний комиссоос Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааныг цуцлах, хойшлуулах санал, зөвлөмжийг гаргаж, Засгийн газар хүргүүлсэн. Харин Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газарт шаардлагатай, эрсдэлтэй нөхцөл байдлын үнэлгээ хийсэн эсэхийг хариуцаж ажилладаг албаны байгууллагын хувьд тодорхой мэдээллийг өгнө үү гэдэг хүсэлтээ явуулсан байгаа. Холбогдох бүх байгууллага руу шаардлага, саналаа явуулсан. Мөн 21 аймаг руу албан бичиг хүргүүлээд байна. Одоогийн байдлаар найман аймаг наадам зохион байгуулахгүй байх захирамжийг гаргасан. Нэмэлтээр 3-4 аймаг захирамжаа гаргаж байгаа мэдээлэл байна. Мөн хүүхдийн эрх хамгааллын тал дээр олон улсын байгууллагуудтай хамтарч ажиллаж байгаа.
-Цаашид мөн хүүхдийн эрхийн асуудал дээр хэрхэн анхаарч ажиллахаар төлөвлөж байгаа вэ?
-НҮБ болон бусад олон улсын байгууллагатай хүүхдийн эрхийн асуудал дээр голчлон анхаарч ажиллана. Ингэснээр төр, нийгмийн байгууллагууд ч хүүхдийн эрх ашгийг анхаарч харна гэж бодож байгаа.
Гол тактик маань Засгийн газарт олон улсын байгууллагуудаар нөлөөлөл үзүүлэх тал дээр анхаарч байна. Мөн энэ саналын чухал зүйл нь урьдчилан сэргийлэлт юм. Хүүхэд хурдан мориноос унаж бэртэх, Covid-19 халдвараар өвдөх зэрэг эрсдэл тохиолдохоос өмнө нь сэргийлэх алхмыг хийж буйгаараа онцлог.
-Зөвхөн энэ жилийн тухайд ч биш өмнөх жилүүдэд унаач хүүхдүүд эрсдэх олон тохиолдол гарч байсан. Тэдгээр хүүхдүүд болон ар гэртэй нь холбогдсон уу?
-Хүмүүстэй холбогдох тал дээр ажиллаж байна. Хохирсон хүмүүстэй холбогдож баримтжуулах тал дээр ярьж байгаа. Энэ удаагийн асуудал бол Засгийн газар өөрөө хүүхдийн эрхийг ноцтойгоор зөрчсөн гэж үзэж байгаа учраас бидний зүгээс шүүхэд хандсан. Цаашид хүүхдийн эрхийг хангах тал дээр анхаарсаар байх болно.
Холбоотой мэдээ