100 жилийн цагийн урсгалд хатуужсан 100 жилийн үүрэг хариуцлага

Хуучирсан мэдээ: 2021.07.01-нд нийтлэгдсэн

100 жилийн цагийн урсгалд хатуужсан 100 жилийн үүрэг хариуцлага

100 жилийн цагийн урсгалд хатуужсан 100 жилийн үүрэг хариуцлага

Энэ оны долдугаар сарын 1-нд Хятадын Коммунист Нам үүсэн байгуулагдсаныхаа 100 жилийн ойг угтан авна. ХКН бол БНХАУ-ын засгийн эрх баригч нам, БНХАУ-ыг удирдах гол цөм улс төрийн хүчний хувьд ХНК-ыг сайн ойлгож байж Хятад улсыг илүү сайн  ойлгох болно. Энэ завшааныг ашиглан Монгол улсын анд нөхдөдөө ХКН-ын түүхэн замналаас товчхон дурдахыг хүсэж байна.

ХКН нь улс орон харийн түрэмгийлэлд өртөж ард түмэн асар хүнд бэрхшээлд унаж тэсвэрлэх аргагүй цаг мөчид үүсэн байгуулагдаж энэ үеэс эхлэн Хятадын ард түмэнд аз жаргалтай амьдрал авчрах, Хятадын үндэстнүүдийн сэргэн мандуулах үүрэг хариуцлагыг хүлээсэн юм. ХКН байгуулагдахаас өмнө болон хожид Хятад улсад хоёр гурван зуу гаруй улс төрийн намтай байсан хэдий ч зөвхөн ХКН Хятадын ард түмнийг манлайлан 28 жил халуун цусаа урсган тэмцэж Японы империалистуудийг ялж, Гоминданы эзэрхэг засаглалыг түлхэн унагааж ард түмэн өөрсдөө төр улсдаа эзэн суусан бүгд найрамдах улсыг байгуулсан юм.

ХКН нь шинэ Хятад улсыг удирдан өөрсдийн социалист хөгжлийн замаар замнаж социализмын үндсэн тогтолцоог батжуулан хамгийн анхны нисэх онгоц, анхны авто машиныг үйлдвэрлэж, анхны хиймэл дагуулаа хөөргөж, хэдэн зуун сая хүний амьдралын суурь хэрэглээг хангах асуудлыг шийдвэрлэж 20 гаруй жилийн уйгагүй хөдөлмөрийн үр дүнд бие даасан харьцангуй иж бүрэн аж үйлдвэрийн тогтолцоо, улс ардын эдийн засгийн тогтолцоог анхнаас нь цогцлоон байгуулж ирсэн.

ХКН нь социализмыг байгуулах явцдаа 10 жил үргэлжилсэн “Соёлын их хувьсгал” зэрэг алдаа ч гаргаж байсан. Үүссэн асуудалтай нүүр тулж аливаа алдаатай зүйлд гүнзгий дүгнэлт хийж үзэл санаагаа ямагт шинэчилж, асуудалд ажил хэрэгч бодитойгоор хандаж ирсэн бөгөөд 1978 онд хуралдсан ХКН-ын 11 дэх удаагийн Төв Хорооны III бүгд хурлаар намын ажлын гол цөмийг эдийн засгийн бүтээн байгуулалтад шилжүүлж өөрчлөлт шинэчлэлт, нээлттэй бодлогыг хэрэгжүүлэн Хятадын онцлогтой социализмыг амжилттайгаар байгуулсан юм. Өөрчлөлт шинэчлэлт, нээлттэй бодлого хэрэгжсэнээр Хятадын эдийн засаг хурдтайгаар өсөн нэмэгдэж улс орны бүх талын бодит хүч, ард түмний амьдралын түвшин богино хугацаанд дээшилж чадлаа. 2010 он гэхэд БНХАУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ дэлхийд II байранд орж “Дэлхийн үйлдвэрлэгч орон” “Дэлхийн хамгийн том экспортлогч улс” болсон байна.

2012 он хуралдсан ХКН-ын XVIII Их хурлаас хойш Ши Жиньпинээр төв болгосон Намын Төв Хороо төр улсыг засах цогц шинэ үзэл санаа шинэ чиглэлийг дэвшүүлж Ши Жиньпиний шинэ эрин үеийн Хятадын онцлогтой социализмын үзэл санааг бүрдүүлэн Хятадын онцлогтой социализм шинэ эрин үед урагшлан орсон. Хятад улс 2020 онд чинээлэг нийгмийг иж бүрнээр цогцлоон байгуулж, цаашдаа 2035 онд социалист орчин үеийн улс, 2050 онд чинээлэг, ардчилсан, соёл иргэншсэн, эе найрсуу, социалист орчин үеийн хүчирхэг улс болох шинэ хөгжлийн замын зураг, зорилтыг дэвшүүлжээ.

Ши Жиньпиний шинэ эрин үеийн социализмын үзэл санааны удирдлагаар БНХАУ-ын эдийн засгийн хүч шинэ шатанд дэвшин гарч 2020 оны эдийн засгийн нийт хэмжээ 100 их наяд юанийг давж дэлхийн эдийн засагт эзлэх харьцаа 17 хувь орчим болоод байна. Хятад улсын шинжлэх ухаан технологи, инновацын хүчин чадал тасралтгүй үсрэн хөгжиж, сансрын уудмыг ашиглах, сарны судалгаа хийх, 5G технологи зэрэг маш олон үлгэр жишээ болохуйц үр дүнгүүд гарч байна. Хятад улсын хүрээлэн буй орчныг хамгаалах, үзэсгэлэнт Хятад улсыг байгуулах ажил тасралтгүй урагшлан “Хөх уулс хөхөмдөг гол мөрөн нь бидний алтан мөнгөн уул” гэсэн үзэл ард түмний сэтгэл зүрхэнд улам гүнзгийрч байна. Хятадын ард түмний амьдралын түвшин мэдэгдэхүйц дээшилж ядуурлаас ангижруулах тууштай тэмцэл, үнэмлэхүй ядуурлыг устгах тэмцэлд түүхэн шинжтэй ялалт байгуулав. Шинэ хэлбэрийн коронавирусийн цар тахал дэгдсэнээс хойш ХКН ард түмний амь насыг нэгдүгээрт тавьж, тогтолцооны болон удирдлагын давуу талаа ашиглан улсын өнцөг булан бүр дэх эвлэлдэн нэгдсэн ард олныг нэгэн чигт удирдан цар тахлаас хамгаалах тэмцэлд маш том ялалтыг байгуулсан бөгөөд Хятад улс нь дэлхийн голлох эдийн засгийн хувьд эдийн засгийн өсөлтөөр тэргүүлж байна.

ХКН бол зөвхөн Хятадын ард түмэнд аз жаргалыг авч ирэгч нам төдийгүй, мөн хүн төрөлхтний дэвшилтэт үйл хэргийн төлөө тэмцдэг нам юм. ХКН бие даасан энх тайванч гадаад бодлогыг тууштай баримталж, хөгжиж буй улс орнуудын эрх ашгийг тууштай сахин хамгаалж, улс орнуудыг том жижиг, хүчирхэг буурай, баян ядуу гэж үл ялган эрх тэгшээр хандах бодлогыг тууштай баримталдаг. Шинэ Хятад улс байгуулагдсанаас хойш идэвхтэй санаачлан тууштай хэрэгжүүлж ирсэн энх тайвнаар зэрэгцэн орших таван зарчим, энх тайван, хөгжил, хамтын ажиллагаа, хамтаар хөгжих үзэл санаа болон ХКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний дэвшүүлсэн хүн төрөлхтний хувь заяаны хамтын нэгдлийг цогцлоон бүтээх, шинэ хэлбэрийн олон улсын харилцааг бэхжүүлэх, “Бүс ба зам”-ыг хамтаар цогцлоон байгуулах зэрэг санаачилга нь дэлхийн энх тайвныг бэхжүүлж хөгжлийг дэмжих, олон улсын дэглэмийг сахин хамгаалахад асар том хувь нэмрээ оруулсан юм. ХКН болон Хятадын ард түмэн урт хугацааны турш хөгжиж буй улс орнуудад их хэмжээний буцалтгүй тусламж хөнгөлөлттэй зээлийг олгож, тэдний эдийн засаг нийгмийн хөгжил, ард иргэдийн амьдралыг сайжруулахад тусалсаар ирсэн. Шинэ хэлбэрийн коронавирусийн цар тахал дэгдсэнээс хойш БНХАУ хүн төрөлхтний хувь заяаны хамтын нэгдлийн үзлийг хэрэгжүүлж, олон улсын цар тахалтай тэмцэх хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэн 150 гаруй улс орон, 13 олон улсын байгууллагад цах тахалтай тэмцэхэд нь эд материалын тусламж үзүүлэн 88 улс орон 4 олон улсын байгууллагад вакцины тусламж олгож, 50 гаруй улс оронд вакцин экспортолж, том гүрний үүрэг хариуцлагаа үргэлж харуулсаар ирлээ.

ХКН байгуулагдан 100 жил болохдоо анхлан байгуулагдах үедээ 50 гаруй гишүүнтэй байсан бол одоо 95 сая гаруй намын гишүүнтэй, дэлхийн хамгийн том нам болон өргөжиж урт хугацааны туршид ямагт ард иргэдийн чин сэтгэлийн дэмжлэгийг хүлээсээр ирсэн. Үүнд ХКН-ын зөв бодлого, түүчээлэгч үзэл санаа гол үүрэг гүйцэтгэж үргэлж амжилтанд хүргэж байна. ХКН-ын гол туршлагаас хуваалцахад Нэгдүгээрт, үндэстнээ, ард түмнээ гэсэн анхны үүрэг зорилгодоо хэзээд ч үнэнч, үүнийхээ төлөө бүхнээ зориулахад бэдэн байдаг. ХКН үндэстнийхээ сэргэн мандалтын төлөө мянга түмэн бэрхшээл зовлонг амсаж, амь насны аюул заналхийлэл, бартаат урт аяны өмнө хэзээ ч ухарч байгаагүй. Олон сая ХКН-ын гишүүн хувьсгалын үйл хэрэг, улс орны ирээдүйн төлөө үнэт амь насаа өргөсөн юм. Энх тайвны цаг ирсэн ч гэсэн ХКН-ын гишүүд улс орон ард иргэдийн нэн шаардлагатай цаг үед амь биеэ үл хайхран үер усны гамшиг, цар тахал, ядуусыг туслан дэмжих зэрэг асар том үүрэг хариуцлага бүхий тэргүүн фронтод дайчлагдан зүтгэдэг юм. Хоёрдугаарт, шинжлэх ухаанч онолыг удирдлага болгон, марксизмын үндсэн онолыг Хятадын бодит байдалтай нягт уялдуулан өөрийн улсын бодит байдалд бүрэн нийцсэн Хятадын онцлогтой социализмын замаар тууштай урагшилж байна. Гуравдугаарт, намын сахилга батыг тууштай чангатгаж намын улс төр, үзэл санаа, зохион байгуулалт, ажлын арга хэлбэр, хяналт шалгалт, авлигал ялзралтай тэмцэх ажлыг бүх талаар чамбайруулж байна. ХКН асуудалтай зоригтой нүүр тулж, төрийн эрх барих явцдаа тулгарч байгаа үзэл санаа сулрах, чадвар хүчгүйдэх, олон түмнээс тасрах, авилгалд идэгдэх зэрэг аюулаас ямагт өндөр түвшинд сэргийлж, өөрийгөө тууштай цэвэрлэж, сайжруулж, төрийг жолоодох хүч чадамжаа тасралтгүй дээшлүүлж явдаг. Дараагийн 100 жилд ХКН зохион байгуулалтаа тасралтгүй чадавхжуулж шинэ гэрэлт ирээдүйг цогцлоох болно гэдэгт бүрэн итгэлтэй байна.

Хятад Монгол хоёр улс нь уул усаараа холбогдсон сайн хөрш, сайн анд нөхөд, сайн түншүүд билээ. ХКН нь Монгол улсын голлох улс төрийн намуудтай найрамдалт хамтын ажиллагаа харилцаагаа хөгжүүлж, хоёр улсын харилцааны хөгжлийг урагшлуулахад идэвхийлэн оролцдог юм. ХКН Монголын талтай намын байгуулалт, улсын засаглалын туршлагаа харилцан солилцож, харилцан итгэлцэл, ойлголцлоо нэмэгдүүлж, бүх хүрээний ажил хэрэгч хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд бэлэн байна. Хоёр талын хамтын хүчин чармайлтаар Хятад Монгол хоёр орон цэцэглэн хөгжиж, харилцаа хамтын ажиллагаа тасралтгүй өргөжин шинэ шатанд хүрч, хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа илүү их хөгжил дэвшлийг угтан авч хамтаараа илүү үзэсгэлэнт төгөлдөр эх дэлхийг цогцлоон байгуулах үйлсэд идэвхтэй хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд

Цай Вэньруйгийн нийтлэл

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж