Чуулган: Төсвийн орлого, зарлага тэр чигтээ халамж болчихлоо

Хуучирсан мэдээ: 2021.06.30-нд нийтлэгдсэн

LiveЧуулган: Төсвийн орлого, зарлага тэр чигтээ халамж болчихлоо

18 : 34
2021-6-30

Вакцины гурав дахь тунг судална

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: 2010 онд батлагдсан цагаас хойш хэрэгжүүлж чадаагүй Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг энэ жилээс эхлээд мөрдөж эхлэе. Та бүхэн төлөвлөгөө гаргаад ороод ир ээ. Төсвийн хатуу сахилга батыг нийтээрээ ярьж хөөрөх цаг болсон. Одоо л мөрдөж эхлэхгүй бол цаашдаа гарц шийдэл бараг харагдахгүй байна. Цар тахлын тодорхойгүй нөхцөл байдал үүнийг шаардаж байна. Үүн дээр ямар бодолтой байна вэ?

Сангийн сайд Б.Жавхлан: Халдварын улмаас л төсвийн тодотгол хийгдэх гэж байгаа болохоос өмнө нь төсвийн тогтвортой байдлын тусгай шаардлагуудыг маш сайн хангаад явж байна. Үүн дээр олон улсын байгууллагууд ч маш сайн үнэлгээ өгч байгаа. Таны хэлсэнчлэн хамтарч ажиллая. Эрсдэлийн төлөвлөгөөн дээр хамт сууя.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн: 2019 онд эрүүл мэндийн салбарын ажилчдын нийгмийн асуудлыг шийдэх том хөтөлбөр гарсан. Энэ хөтөлбөрийг үргэлжлүүлээд энэ салбарын ажилчдыг орон сууцжуулах боломжтой юу? Гурав дахь тунг эрүүл мэндийн ажилчдад хийх нөөц боломж бий юу?

Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Эрүүл мэндийн салбарын ажилчдад АстраЗенека вакцин хийсэн. Одоогоор аль ч улсад гурав дахь тунг хийж эхлээгүй судлагдаж байна. Олон улсад АстраЗенека вакцин хийлгэсэн хүмүүс гурав дахь тунгаа АстраЗенека вакцин хийлгэж болно гэсэн судалгаа бий. Бид гурав дахь тунгийн асуудлыг гадны судалгааны багтай хамтарч ажиллахаар гэрээ хийгдсэн. Монгол Улстай адилхан Синофарм компанийн вакцин хийлгэсэн улс орнууд гурав дахь тунг Файзер хийнэ гэх мэдэгдлүүдийг гаргаад байгаа.

УИХ-ын гишүүн Т.Доржханд: Төсвийн тодотгол ярьж байгаа нь зөв. Гэхдээ дахин дахин тодотгол хийх нь төсвийн сахилга батад муу. Нийт урсгал зардлын 2 төгрөг тутмын 1 нь халамж боллоо. Цаашид яах вэ. Төсвийн шинэчлэл гэж үе үеийн сайд нар ярьдаг. Төсөв уул уурхайгаас орж ирсэн хөрөнгийг тараадаг зүйл боллоо. Хавтгайруулсан халамжаа хөдөлмөр рүү шилжүүлнэ гэж сонгуулийн өмнө баахан шоу хийсэн. Эдийн засгийн үзүүлэлтийг яаж хараад байна вэ. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өсөхөөр төлбөрийн баланс сайн гээд хараад байх шиг байна. Гэхдээ нөгөө талдаа ажил эрхлэлт байхгүй болж, аж ахуйн нэгжүүд үүдээ барьж байна. Халамжийн бодлогоос болж ажил хөдөлмөр эрхэлдэг хүн байхгүй боллоо. Төсвийн сахилга батыг бий болгох хэрэгтэй. Хүүхдийн мөнгийг нийтэд нь хавтгайруулж тарааж болохгүй. Халамж шаардлагатай хэсэгтээ 100 мянган төгрөгөө өгөөд бусад халамжуудаа больё. Эдийн засгаа тэлэхгүй бол төсвийн хэдэн тоон дээрээ эргэлдсээр байгаад энэ жилийг өнгөрөөх нь. Дотоодын бондоо нээж, хөрөнгийн зах зээлээ нээх хэрэгтэй. Төсвийн орлого, зарлага нь тэр чигтээ халамжийн мөнгө болчихлоо. Тиймээс төсвийн шинэчлэлээ зоригтой хийе.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Төсвийн тодотголыг хийхдээ илүү томоор хийх шаардлагатай. Төсвийн алдагдал улсын өрийг нэмэгдүүлж байгаа. Нөхцөл байдлыг аргацаасан, хэмнэлтийн байдлаар явна гэвэл улсын төсөв болоод улс орны эдийн засаг даахгүй хэмжээнд хүрнэ. Тиймээс төсвийн шинэчлэлийг УИХ-аас дэмжээд Засгийн газар ирэх намартаа багтаад гал унтраах байдлаар биш эрсдэлийг удирдсан төлөвлөлтийг хамтдаа хийцгээе. Цаашдаа шийдийг зоригтой гаргахгүй бол нөхцөл байдал биднийг хүлээхгүй. Магадгүй 2-3 жил аргацаагаад явдаг 2024-2025 онд хэрхэхийг хэн ч мэдэхгүй. Улсын өр зээл нэмэгдэнэ. Төсвийн алдагдал их хэмжээгээр нэмэгдэнэ. Эдийн засгийг сэргээх бодлого, төсвийн сахилга батыг дагаж мөрдөөд явъя. Сангийн сайд бодлогоо зоригтой гаргаад ороод ир. Төсвийн реформоо хийе. Бид олон жил шинэчлэлийн асуудлыг ярьсан. Төсвийн тогтвортой байдлын хуулийг 2010 онд баталсан. Тэр цагаас хойш ярьсаар өдийг хүрсэн. 2022-2023 оны төсвийг реформын жил болгоё. УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлж дууслаа.

Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр төсвийн болон бусад байнгын хороонд шилжүүлэв.

16 : 59
2021-6-30

Эрүүл мэндийн салбарт 735 тэрбум төгрөг зарцуулна

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын 2021  оны төсвийн тухай  хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Хуралдааны эхэнд Сангийн сайд Б.Жавхлан хэлэлцэх асуудалтай холбоотой танилцуулга хийлээ. 

Тэрбээр "2021 оны эцэст эдийн засгийн бодит өсөлт 6.5 хувьд хүрэхээр төсөөлж байна. Гэсэн ч эдийн засгийн өсөлт болон нүүрсний экспорт, зэсийн үнийн өсөлтөөр орлого 572 тэрбум төгрөгөөр нэмэгдэх боловч дийлэнх нь тогтворжуулалтын сан, ирээдүй өв санд төвлөрч улсын төсөвт 242 тэрбум төгрөгийн орлого хуваарилагдана. Тиймээс төсвийн тодотголыг зайлшгүй хийх шаардлагатай байна. Тодруулбал, нэгдүгээрт  эрүүл мэндийн салбарын нэн шаардлагатай санхүүжилтэд зориулж  төсвөөс нийт 735.1 тэрбум төгрөг нэмж зарцуулна. 

Эрүүл мэндийн ажилтнуудад улсын төсвөөс нийт 40 гаруй тэрбум төгрөгийн нэмэгдэл урамшуулал олгоно. Улаан бүсэд эмчилгээ үйлчилгээ үзүүлж байгаа эрүүл мэндийн ажилчдын цалин хөлсийг хамгийн багадаа 50 хувиар нэмэгдүүлнэ.  Цаашид цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан  тус  салбарын цалин хөлс, урамшууллын асуудлыг хангалттай нөөцлөх шаардлага бий болж байна.

  • Зайлшгүй шаардлагатай байгаа эмнэлгийн тоног төхөөрөмж болон хэвтэн эмчлүүлэх ор хүрэлцэхгүй байгаа учраас нэмэлтээр 2000 эмнэлгийн ор дэлгэхэд зориулж нийт 110 тэрбум төгрөг,
  • Резидент эмч нарыг дайчлах цалингийн зардалд 3.7 тэрбум төгрөг,
  • Вакцины үр нөлөө болон манай улсад тархсан вирусийн хэлбэрийг судлах судалгаанд 2.4 тэрбум,
  • Ард иргэдэд халдварын талаарх мэдээлэл олгох халдвараас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн заавар зөвлөмжийг хүргүүлэхэд 6.6 тэрбум төгрөг,
  • Эрүүл мэндийн үйлчилгээг цахимжуулахад гурван тэрбум төгрөг,
  • Эрүүл мэндийн салбарын нэн шаардлагатай төсөл, арга хэмжээний техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулахад нэмэлтээр найман тэрбум төгрөг,
  • PCR шинжилгээ болон эмийн нөөц бүрдүүлэхэд 61.9 тэрбум төгрөгийг тус, тус зарцуулахаар төлөвлөсөн. Эрсдэлийг тооцоолж Засгийн газрын нөөц санг 60 тэрбум, аймгийн Засаг даргын нөөц санг 20 тэрбум төгрөгөөр тус, тус нэмэгдүүлэхээр тооцоод байна.

Хоёрдугаарт хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нэмэгдүүлсэн хэлбэрээр нь иргэд, аж ахуй нэгжийн  хэрэглээний төлбөрийн чөлөөлөлтийг он дуустал үргэлжлүүлнэ. Цар тахлын нөхцөл байдал амаргүй байгаа учраас ард иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалахад чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага үүссэн. Тиймээс Засгийн газраас төсвийн тогтвортой байдлын  тухай хуульд өөрчлөлт оруулах, нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэлд 2022-2023оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчөлт оруулах, 2021 оны төсөвт өөрчлөлт оруулах,нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг болон бусад дагалдах хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлээд байна.

Монгол Улсын эдийн засаг 2020 оны эхний улиралд 10.7 хувиар агшиж байсан бол 2021 оны нэгдүгээр улиралд цэвэр дүнгээр гурван хувиар өсч, эдийн засагт V хэлбэрийн сэргэлт гарч байна. Улмаар төлбөрийн тэнцэл 2021 оны дөрөвдүгээр сарын эцэст 245 сая ам.долларын ашигтай гарч, гадаад валютын нөөц 4.9 тэрбум ам.доллар буюу түүхэндээ дээд хэмжээнд хүрсэн. Гэхдээ ажиллах хүчний оролцооны түвшин 2021 оны эхний улиралд 54.9 хувь байгаа нь 2019 оны түвшинтэй харьцуулахад 138 мянган хүнээр  багассан байна. Оны эхний таван сарын байдлаар төсвийн тэнцвэржүүлсэн орлого 5.3 их наяд төгрөгт хүрч  төлөвлөгөөний гүйцэтгэл 98 хувьтай гарсан. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад хоёр их наяд төгрөг буюу 58.7 хувиар өссөн үзүүлэлт юм. Үүнд Оюутолгой компанийн татварын актын дагуу төлсөн нэг их наяд төгрөг багтсан.

Төсвийн нийт зарлага 6.1 их наяд төгрөгт хүрч, төсвийн алдагдал 866.3 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 2.1 хувьтай тэнцүү байна. Засгийн газрын зүгээс Covid-19 цар тахлаас ард иргэдээ хамгаалах, нийгэм эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулахад бүхий л боломжит арга хэмжээг авч ажиллаж байна. 2020 онд 2.7 их наяд төгрөгийн арга хэмжээг авч хэрэгжүүлсэн бол  2021 онд гурван их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 7.1 хувьтай тэнцэх хэмжээний арга хэмжээг хэрэгжүүлж байна. Эдийн засгийн сэргэлтийг түргэсгэхийн тулд “Эрүүл мэндээ хамгаалж эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөө”-г Засгийн газар, Монголбанк хамтран хэрэгжүүлж байна. Тус төлөвлөгөөний хүрээнд ажлын байрыг дэмжих гурван хувийн хүүтэй зээлд 20.3 мянган зээлдэгчдэд 1.5 их наяд төгрөгийн зээл олгож 79.6 мянган ажлын байрыг хамгаалж үлдсэн. Мөн ипотекийн зээлийг 6000 хүнд 447.1 тэрбум төгрөг, хөдөө аж ахуйг дэмжих зориулалтаар 18.6 мянган зээлдэгчдэд 273.6 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон" гэдгийг онцлов. 

Дараа нь хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж байна. 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Төсөвт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өчигдөр өргөн барьсан. Хуультай танилцах боломж олгохгүй юм.  Сүүлдээ бүр хуулийн төслөө танилцуулахгүй байж алх цохьдог болох нь ээ.  Улсын төсөвт тодотгол хийхдээ  нийт зарлагыг хэдэн төгрөгөөр тооцсон, орлогыг хаанаас ямар арга замаар бүрдүүлэхээ тодорхой хэлсэнгүй. Үүнд хариулт авмаар байна.  Ерөнхийдөө хойд хормойгоороо урд хормойгоо нөхөөд явах юм. Зээлээр амьдармааргүй байна. Энэ их өр зээлийг монгол дийлэх үү. Үүнийг зохицуулахдаа ард түмнээ бодох хэрэгтэй. Ард түмнээ бод гэхээр сонгуулийн өмнө баахан мөнгө тараах юм. Танай нам, манай намдаа биш Монгол Улсын татвар төлөгчдийн мөнгө. Татвар төлөх аж ахуй нэгж бараг үлдсэнгүй.

Сангийн сайд Б.Жавхлан: Төсвийн тодотгол энэ удаа маш товчхон орж ирж байгаа. Эрүүл мэндийн салбарт нийтдээ 735 тэрбум төгрөг зарцуулна. Үүнээс төсвийн урсгал зардлаас 321 тэрбум төгрөг, бусад 400 гаруй тэрбум төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулна. Хүүхдийн мөнгө болон бусад тэтгэмжид 618.9 тэрбум төгрөг зарцуулна. Ингээд нийтдээ 940 тэрбум төгрөгийн цэвэр нэмэлт зардал гарч байгаа. Үүний эсрэг төсвөөс урсгал зардал болон хөрөнгө оруулалтаас 282.9 тэрбум төгрөгийн таналт хийсэн. 

УИХ-ын гишүүн С.Чинзориг: Улаан бүсэд ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилчдын цалин хөлсийг нэмэх асуудал яригдаж байна. Улаан ногоон хэмээн ялгах хэрэг байна уу. Одоогийн нөхцөлд хот хөдөөгүй улаан бүс боллоо шүү дээ. 440 тэрбум төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргана гэнэ. Ийм хэмжээний хөрөнгө мөнгө байгаа юу. Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг захиран зарцуулах эрх нь төрд байгаа шүү дээ. Эрүүл мэндийн даатгалын сангийн хуульд өөрчлөлт оруулаагүй байж ийм заалт оруулж ирэх нь зөв үү.

Сангийн сайд Б.Жавхлан: Эрүүл мэндийн даатгалын санд энэ жил 1.2 их наяд төгрөг хуримтлагдах ёстой. Үүнээс 580 тэрбум төгрөгийг улсын төсвөөс татаас хэлбэрээр өгдөг. Одоогоор зарцуулалт нь 40 гаруй хувьтай байгаа. Үлдсэн 470 гаруй тэрбум төгрөгийг зарцуулах бүрэн боломж бий.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Өнөөдрийн байдлаар улаан бүсэд ажиллаж буй 13016 хүн бий. Бусад хүмүүс үндсэн тусламж үйлчилгээнд ажиллаж байгаа. 

УИХ-ын гишүүн Т.Доржханд: Төсвийн тодотгол ярьж байгаа нь зөв. Гэхдээ дахин дахин тодотгол хийх нь төсвийн сахилга батад муу. Нийт урсгал зардал буюу 2 төгрөгийн 1 нь халамж боллоо. Цаашид яах вэ. Төсвийн шинэчлэл гэж үе үеийн сайд нар ярьдаг. Төсөв уул уурхайгаас орж ирсэн хөрөнгийг тараадаг зүйл боллоо. Хавтгайруулсан халамжаа хөдөлмөр рүү шилжүүлнэ гэж сонгуулийн өмнө баахан шоу хийсэн. Эдийн засгийн үзүүлэлтийг яаж хараад байна вэ. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өсөхөөр төлбөрийн баланс сайн гээд хараад байх шиг байна. Гэхдээ нөгөө талдаа ажил эрхлэлт байхгүй болж, аж ахуйн нэгжүүд үүдээ барьж байна. Халамжийн бодлогоос болж ажил хөдөлмөр эрхэлдэг хүн байхгүй боллоо. Төсвийн сахилга батыг бий болгох хэрэгтэй. Эрүүл мэндийн салбарт 2 их наяд төгрөгийг оруулж өгч байна. Энэ хөрөнгийг ашиглаж эрүүл мэндийн салбараа босгож чадах уу.

Сангийн сайд Б.Жавхлан: Эдийн засгийн нөхцөл байдал ер нь хүнд байна. Амаргүй үед бид том сорилттой нүүр тулж байна. Хагас жилийн байдлаар төсвийн гүйцэтгэлийн татварын орлого үндсэндээ 100 хувь биелж гарсан. Энэ нь чамлахаар үзүүлэлт биш. Гол экспортуудын хилээр нэвтрэн өнгөрүүлэх чадвар алдагдсаны улмаас төсвийн орлого цөмрөх эрсдэл бий. Гэсэн хэдий ч бусад боломжуудаа бүрэн дайчилснаар татварын орлого ийнхүү өндөр гарлаа. Цаашид хил  боомтуудын асуудал шийдэгдэхгүй бол бид удаан тэсэхгүй. Гэсэн ч өнөөдөр бидний хамгийн том сорилт Covid-19. Цар тахлыг дарж авах, эргээд богино хугацаанд нийгэм эдийн засгийг хэвийн амьдралд шилжүүлэх нь хамгийн том зорилт. Тиймээс энэ удаагийн төсвийн тодотголын гол зорилго нь тэвчих ёстой зардлуудаа тэвчиж, танаж болох бүгдийг танаад бүх боломжоо Covid-19-ийн эсрэг эрүүл мэндийн салбарт зарцуулна.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд: “Халдварын өвчин хүндэрвэл уушгины эд эсийг гэмтээж, цусыг хүний биед хүрэлцэх хэмжээний хүчилтөрөгчөөр баяжуулж чадахгүйд хүрдэг. Ингэж уушги бүрэн ажиллагаагүй болтлоо Covid-19-ийн халдварт өртсөн хүнийг уушги орлуулах Экмо аппаратад оруулах шаардлага гардаг. Тус аппаратын нэг хүнд хэрэглэх гуурс нь 35 сая төгрөгийн өртөгтэй. Бид тодорхой хэмжээний нөөцөө бэлдсэн хэдий ч биеийн байдал нь хүндэрсэн хүмүүст хэрэглэж дууссан. Төсвийн тодотголоор Экмо аппарат болон дагалдах хэрэгслийг хангалттай захиалсан. Нэг багц нь 35 сая төгрөгийн өртөгтэй. 20-30 багцыг захиалсан бөгөөд үйлдвэрлэлд тодорхой хэмжээний хугацаа шаардагдах учир хүлээх шаардлага гарч байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж