“Санхүүгийн хөтөч” сэтгүүл хөрөнгийн зах зээлийн хөгжилд хувь нэмэр оруулна | News.MN

“Санхүүгийн хөтөч” сэтгүүл хөрөнгийн зах зээлийн хөгжилд хувь нэмэр оруулна

“Санхүүгийн хөтөч” сэтгүүл хөрөнгийн зах зээлийн хөгжилд хувь нэмэр оруулна

“Санхүүгийн хөтөч” сэтгүүл хөрөнгийн зах зээлийн хөгжилд хувь нэмэр оруулна

Эдийн засгийн чиглэлээр мэргэшин, дагнан бичдэг сэтгүүлчид хамтран “Санхүүгийн хөтөч” (Financial Inclusion) сэтгүүлийг англи, монгол хэлээр гаргажээ. Энэхүү сэтгүүлийг “Санхүүгийн зах зээлийн үндэсний зөвлөл”-өөс санаачилж, үүсгэн байгуулсан байна. Сэтгүүлчид хувийн хэвшил, төрийн хооронд мэдээллийн гүүр болох, иргэдийн санхүүгийн боловсролыг сайжруулахад хувь нэмэр оруулахыг зорилгоо болгон ажиллаж байгаа аж.

Тус сэтгүүлийн хамт олон анхны дугаараа өнгөрсөн оны долдугаар сард туршилтаар гаргаж, хөрөнгийн зах зээл, банк, даатгал, хөрөнгө оруулалтын сан, банк бус санхүүгийн байгууллагууд зэрэг санхүүгийн зах зээлийн мэдээллийг олон эх сурвалжтай, бие даасан хараат бус байдлаар мэдээллэхийг чухалчилдаг байна.

“Санхүүгийн хөтөч” сэтгүүлийн ерөнхий эрхлэгчээр И.Отгонжаргал ажилладаг бөгөөд 2000 оны эхнээс эдийн засгийн чиглэлээр дагнан мэргэшсэн цөөн сэтгүүлчдийн нэг юм. Тус сэтгүүлийн редакц мэргэжлийн, туршлагатай сэтгүүлчид, орчуулагч, гадаад редактор гэсэн багаас бүрддэг аж.

“Санхүүгийн хөтөч” сэтгүүл 2020 оны долдугаар сард гаргасан анхны дугаартаа Covid-19 цар тахал эхэлж байх үеийн эдийн засаг, санхүүгийн зах зээлд гарч байгаа өөрчлөлт нөлөөлөл болон банкны зээлийн хүүг сарын нэг хувь болгох стратеги зэргийг гол сэдвээ болгон хөндөж бичжээ.

Энэ оны эхний улиралд гаргасан хоёр дахь дугаартаа Монголыг нэгэнт нөмөрсөн цар тахалтай хэрхэн үр дүнтэй тэмцэж, цаашид хэрхэн дасан зохицож, “хамт амьдарч”, Covid-19-ийн дараах шинэ дэглэмд яаж ажиллаж, амьдрах вэ гэдгийг эдийн засаг, санхүүгийн талаас нь дотоод, гадаад зах зээлтэй холбон бичсэн байна. Түүнчлэн хөрөнгийн зах зээл, даатгал, банк, банк  бус санхүүгийн  байгууллагын талаарх үндсэн сэдвүүдээ ч хөнджээ.

Мөн энэ сарын 24-нд гарсан тус сэтгүүлийн гурав дахь дугаарт Банкны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр 2022 оны зургадугаар сарын 30 гэхэд Монголын системийн таван том банк (ХААН, ХАС, Худалдаа хөгжлийн банк, Голомт, Төрийн банк) дотоодын хөрөнгийн биржид хувьцаа гаргаж, олон нийтийн компани болох асуудалд анхаарал хандуулж, онцлох сэдвээ болгон олон талаас нь бичсэн байна.

Монголд зах зээл эхэлснээс хойш олон хувийн компани бий болж, өдгөө цөөнгүй нь эдийн засагт ихээхэн хувь нэмэртэй, үндэсний том корпораци болон хөгжиж чадсан билээ. Эдгээр амжилттай бизнесийн тэргүүнд эрэмбэлэгддэг банкууд хувьцаат компанийн хэлбэрт шилжих дээрх түүхэн үйл явдал нь цаашид Монголын олон том компани олон нийтийнх болох үүд хаалгыг нээж байгаа гэдгээрээ онцлогтой аж.

Нөгөө талаас Монголын 20, 30 жил амжилттай хөгжсөн, ашиг орлого, хөгжил нь тогтворжсон хувийн хэвшлийн магнайд Монголын том банкууд байдгийг бид бүхэн мэднэ. Тиймээс ийм ашиг орлого сайтай, тогтвортой хөгжилтэй банкны хувьцаанаас  иргэд, олон нийт мэдээ мэдээлэлтэй байж хоцрохгүй авах нь чухал  учраас “Санхүүгийн хөтөч” сэтгүүл ийнхүү онцлон олон талын мэдээллийг өгсөн байна.

Уг сэтгүүл нь “Интер ном”, “Аз хур” зэрэг номын дэлгүүрээр худалдаалагдаж байгаа бөгөөд нэг бүрийн үнэ нь 13.900 төгрөг, захиалгын үнэ нь жилээр 35.600 төгрөгийн үнэтэй аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-06-30 203.91.112.133

Магадгүй зөвхөн хөрөнгийн зах зээлийг сурталчлах ухуулах зорилготой байх л даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж