Монголын уран бүтээлчид бүтээлүүдээ дижитал хэлбэрт шилжүүлэн олон улсын зах зээлд худалдан борлуулах, үндэснийхээ түүх соёл, ёс заншлыг түгээн дэлгэрүүлэх боломж нээгдлээ. Өнөөдөр/2021.06.30/ “Монгол брэнд” холбооны зүгээс энэхүү төслийн нээлтийн арга хэмжээг зохион байгуулсан бөгөөд монгол уран бүтээлчид маань АНУ-ын fineartamerica.com платформ дээр өөрсдийн бүтээлүүдээ дижитал хэлбэрээр борлуулж эхэлжээ. Тус сайтад “Mongol Art” нэрээр Монголын уран бүтээлчдийн төлөөлөл болсон Төрийн соёрхолт Ц.Цэгмид, уран бүтээлч Ж.Ойлан, С.Солонго, Ш.Төмөрбаатар, Т.Бадамжунай, Д.Золзаяа, Ш.Шүрэнцэцэг, Б.Мөнхзул, У.Батцоож, Л.Элбэгзаяа нарын 256 зураг дижитал хэлбэрээр зарагдаж байна.
Нээлтийн үйл ажиллагааны үеэр уран бүтээлчид болон энэхүү төслийг санаачлагчидтай ярилцсан юм.
Монгол уран бүтээлчдийнхээ олон улсын зах зээлд гаргасан дижитал уран бүтээлүүдийг энд дарж үзнэ үү
Төрийн соёрхолт Ц.Цэгмид:
-Би Монгол дүрслэх урлагийн академид ажилладаг. Өнөөдөр Монголын уран бүтээлчдийн зургийг дэлхий даяар түгээж, худалдах, олон улсын зах зээлтэй холбох үйл ажиллагаа болж байна. Би өөрийн найман зургийг энэ сайтад байршуулж байгаа. Урд нь ийм үйл ажиллагаа Монголд болж байсангүй. Энэ бол анхны тохиолдол нь. Дэлхийн зах зээлд гарах үүд хаалга нээгдлээ. Үүнд зураач бид нар маш их баяртай байна. Энэ бол дөнгөж эхлэл. Цаашдаа олон уран бүтээлчид нэгдэнэ гэдэгт итгэж байна.
Уран бүтээлч Д.Золзаяа:
-Дэлхийн хэмжээний fineartamerica.com сайтад залуу уран бүтээлчдээ төлөөлөн өөрийн бүтээлээ байршуулж байгаадаа баяртай байна. Цаашдаа Монголын уран бүтээлчид маань өөрсдийн гайхалтай бүтээлүүдээ байршуулаасай, дэлхийд үнэлүүлээсэй гэж хүсч байна. Өмнө нь уран бүтээлчид Монголдоо болж буй үйл ажиллагаанд эсвэл өөрсдөө хувиараа гадны үзэсгэлэнд оролцдог байлаа. Харин одоо “Mongol Art” хэмээх платформтой болсондоо баяртай байна. Уран бүтээлийн маань эх хувилбар нь бидэнд байна. Хэрэглэгчид маань энэхүү сайтаар дамжуулан зөвхөн дижитал хувилбарыг нь авна. Уран бүтээлийн үнэлгээг нь энэ сайт маань цаанаасаа тогтоодог.
Монголын урчуудын эвлэлийн гишүүн Т.Бадамжунай:
-Би өөрийн 24 бүтээлээ энэ платформд байршуулж байгаа. Цахим технологийг ашиглаад хил хязгааргүй, цаг хугацаанд баригдалгүйгээр уран бүтээлээ хүмүүст хүргэх боломжтой болж байна. Монголын уран бүтээлчид дэлхийн зах зээлд уран бүтээлээ дижитал хэлбэрээр хүргэх боломж бүрдлээ.
Монгол брэнд холбооны тэргүүн Ш.Отгон-Өлзий:
-Уран бүтээлчид маань жилдээ 30 ам.доллар төлөөд хэдэн ч уран бүтээлээ энэ платформд байршуулж болно. Цаашдаа энэхүү үйл ажиллагаа маань улам хүрээгээ тэлж Соёлын яам, Урлагийн зөвлөл, Урчуудын эвлэлтэй хамтран ажиллаж, 2500 орчим уран бүтээлчдийнхээ бүтээлийг дижитал хэлбэр рүү шилжүүлж, олон улсын зах зээлд гаргах чиглэлд бид анхаарч байна. Энэ fineartamerica.com нь уран бүтээлийн захиалга, хүргэлт, түгээлт гээд бүх зүйлийг нь хариуцан ажилладаг дэлхийн 16 хотод салбартай сайт. Монголын хамгийн шилдэг гэрэл зурагчид, урлаг шүүмжлэгчид, технологийнхон, урлагийн ухааны доктор Том Дашням нар энэхүү төсөл дээр хамтран ажиллаа. Нэг жилийн хугацаанд 1000 уран бүтээлчийг нэгтгэх зорилго тавьсан байгаа. Эхний ээлжинд бид төрөөс хамааралгүй 10 хүний бүтээлийг олон улсад гаргалаа. Монголын уран бүтээлчид бүтээлээ дэлхийд үнэлүүлэх цаг ирлээ. Бид яаралтай уран бүтээлүүдээ дижитал хэлбэрт шилжүүлж, энэ том боломжийг ашиглах нь зөв.
Холбоотой мэдээ