Ж.Гүррагчаагийн эд зүйлсээр Үндэсний төв архивын сан хөмрөгийг баяжуулав

Хуучирсан мэдээ: 2021.06.30-нд нийтлэгдсэн

Ж.Гүррагчаагийн эд зүйлсээр Үндэсний төв архивын сан хөмрөгийг баяжуулав

Ж.Гүррагчаагийн эд зүйлсээр Үндэсний төв архивын сан хөмрөгийг баяжуулав

МОНГОЛ УЛС, ЗӨВЛӨЛТ ХОЛБООТ УЛСЫН БААТАР,

САНСРЫН НИСЭГЧ, ХОШУУЧ ГЕНЕРАЛ Ж.ГҮРРАГЧААГИЙН

ХУВИЙН ХӨМРӨГ ХҮЛЭЭН АВАХ ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭ

Монголчууд бидний өвөг дээдсийн бүтээн бий болгон туулж ирсэн замнал, түүхийг тусган илэрхийлсэн нийгэм, улс төр, эдийн засаг, соёл, шинжлэх ухааны ач холбогдол бүхий бүх төрлийн баримтаас Монгол Улсын үндэсний архивын сан хөмрөг бүрддэг билээ.

Үндэсний архивын сан хөмрөгийг нөхөн баяжуулалтын эх үүсвэрийн нэг нь Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засаг, шинжлэх ухаан, соёлын салбарт гарамгай үүрэг гүйцэтгэсэн хувь хүмүүсийн амьдрал, үйл ажиллагааныхаа явцад бий болгосон баримтууд байдаг бөгөөд хувь хүн бол улс орны түүхийг бүтээгч, тээгч байдаг.

Өнөөдөр бид Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Монгол Улс, ЗХУ-ын баатар, сансрын нисэгч, хошууч генерал Жүгдэрдэмидийн Гүррагчаагийн амьдрал, үйл ажиллагааныхаа явцад бий болгосон хувийн гаралтай 1960-2021 оны цаасан суурьтай баримт болон эд өлгийн зүйлийг хүлээн авч, Үндэсний төв архивын сан хөмрөгийг баяжуулж байна.

Эдгээр баримтуудыг тодруулбал, түүний намтар түүхэнд холбогдох биеийн байцаалт, 3 үеийн намтар, ажил байдлын тодорхойлолт, рапорт, боловсролын гэрчилгээ, ажлын үнэмлэх, диплом, БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдээс гаргасан зарлиг, тогтоол, шийдвэрийн хуулбар, түүний сэтгүүлд өгсөн ярилцлага, өөрийн бичиж хэвлүүлсэн ном, дууны ном болон Ж.Гүррагчаа баатрын амьдрал, сансар судлалын талаар нийтлэгдсэн ном, товхимол зэрэг баримтуудаас гадна Сансрын хамтарсан нислэгт зориулан гаргасан дугтуй, медалион, тэмдэг, сансрын нисэгчийн хувцсан дээрх эмблем зэрэг эд өлгийн дурсгалууд болно.

Баатар Ж.Гүррагчаа гуай бол МАА-ын 065-р ангид цэргийн бага даргын албан тушаалаас ажлын гараагаа эхэлж, Батлах хамгаалахын сайд, Улсын Их Хурлын гишүүн хүртэл төрийн өндөр албан тушаалыг хашсан, байлдагчаас хошууч генерал, МУ, ЗХУ-ын баатар, жирийн судлаачаас сансар судлалын доктор хэмээх эрхэм цол, зэрэг хүртсэн арвин баялаг намтар, түүхийн эзэн юм.

Түүнийг сансрын уудамд зорчсон анхны монгол хүн, улсын баатар Монголын ард түмний бахархалт хүү гэдгийг хүн бүхэн мэдэх билээ. Тэрбээр хамтарсан нислэгийн үеэр эмнэлэг, биологи,  физик технологи, зайнаас тандан судлах гэсэн чиглэлүүдээр 25 нэр бүхий, 36 эрдэм шинжилгээний туршилт судалгааг хийсэн нь Монгол Улсад сансар судлал хөгжихөд чухал үүргийг гүйцэтгэжээ. Өнөөдөр эл судалгааны үр шимийг сансар судлал, байгаль газар зүй, уул уурхай, хөдөө аж ахуй, мэдээлэл, харилцаа холбоо зэрэг олон салбарт ашиглаж, хүртсээр байна.

Түүний бас нэгэн гавьяа бол Монгол Улсын төрөөс батлан хамгаалах салбарт баримтлан хэрэгжүүлэх бодлогыг боловсруулахад өөрийн ухаан бодлоо харамгүй зориулсан явдал юм.

Бид энэхүү ёслолын арга хэмжээнд зориулан түүний амьдрал, үйлсэд холбогдох баримт бичиг, гэрэл зураг, эд өлгий, дурсгалын зүйлээс бүрдсэн үзэсгэлэнг зохион байгуулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж