Тулгар төр байгуулагдсаны 2030, Их Монгол Улсын 815, Ардын хувьсгалын 100 жилийн ой энэ жил тохиож байгаа ч Covid-19 цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор Улсын их баяр наадмыг цахим хэлбэрээр зохион байгуулах шийдвэрийг Засгийн газар гаргасан. Түүнчлэн долдугаар сарын 20-оос хойш халдварын тохиолдол буурсан аймаг, сумд эрсдэлийн үнэлгээ хийлгэсний үндсэн дээр наадам зохион байгуулах зөвшөөрөл олгосон юм. Тэгвэл зарим аймгийн засаг дарга, онцгой комисс, иргэдийн төлөөлөгчдийн хурлаас энэ жил наадам тэмдэглэхгүй өнжих шийдвэрийг гаргаж, төсөв мөнгөө эрүүл мэндийн салбарт зарцуулахаар болсноо зарлалаа. Монгол Улсын 21 аймгаас хамгийн эхэнд Өвөрхангай аймаг наадам тэмдэглэхгүй байх шийдвэрийг гаргаснаар бусад аймгууд ч дагаж байна.
Өвөрхангай аймгийн Онцгой комисс зургадугаар сарын 28-ны өдөр хуралдаж, аймаг, сумын хэмжээнд баяр наадмыг тэмдэглэхгүй байх шийдвэрийг гаргасан юм. Баяр наадамтай холбоотой аймгаас төсөвлөсөн зардлаа эрүүл мэндийн салбарын ажилчдыг урамшуулах, урам зоргийг нь нэмэгдүүлэх, эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай тоног төхөөрөмж, дутагдалтай байгаа эм, эмнэлгийн хэрэгслийг авахад зарцуулах аж.
Дархан-Уул аймгийн онцгой комиссын хуралдаанаар баяр наадам, ойн арга хэмжээ зохион байгуулахыг хориглох шийдвэр гаргасан. Тодруулбал, тус аймгийн нутаг дэвсгэрт 2021 оны долдугаар сарын 1-нээс есдүгээр сарын 1-н хүртэл баяр наадам, ойн арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон юм.
Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн "Дорнод аймаг болон нийт сумдад баяр наадам зохион байгуулагдахгүй. Иймд наадам тэмдэглэхэд төсөвлөсөн хөрөнгө зардал нь цар тахлаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэхэд 100 хувь зарцуулагдах болно" хэмээн мэдэгджээ.
Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат Covid-19 халдварын тохиолдол тасралтгүй нэмэгдэж байгаатай холбогдуулан "Аймгийн баяр наадмын тов тогтоох тухай" зургадугаар сарын 3-ны өдрийн захирамжаа хүчингүй болгожээ.
Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал наадам зохион байгуулахгүй байх шийдвэр гаргасан. Тус аймаг наадам зохион байгуулахад 300 сая орчим төгрөг зарцуулдаг бөгөөд тус мөнгөнөөс 100 саяар нь Бүсийн оношилгоо эмчилгээний төвд шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авсан байгааг хэлэв.
Хэнтий аймгийн Онцгой комиссоос наадам тэмдэглэхгүй байх шийдвэр гаргажээ. Наадмыг зохион байгуулах төсвийг "Зүрх мартахгүй" төслийн хүрээнд хагалгаанд орж байгаа 10 гаруй хүүхдийн эмчилгээний зардалд зориулахаар болсон байна.
Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын зургадугаар сарын 29-ны өдрийн ээлжит гуравдугаар хуралдаанаар Улсын баяр наадам тэмдэглэхгүй байх шийдвэрийг гаргажээ.
Холбоотой мэдээ