Соёлын үнэт зүйлийг хууль бусаар хилээр гаргах, оруулах, түүнчлэн өмчлөх эрхийг шилжүүлэхийг хориглох, урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай ЮНЕСКО-ийн 1970 оны конвенц батлагдсаны 50 жилийн ойд зориулсан Ази, Номхон далайн бүс нутгийн цахим бага хурал энэ сарын 29, 30-ны өдрүүдэд үргэлжилж байна.
Хурлын нээлтэд Соёлын сайд Ч.Номин оролцож мэндчилгээ дэвшүүлээд, Монгол Улс бусад улс орнуудтай хамтран соёлын эд зүйлсийг хууль бусаар худалдаалахтай тэмцэнэ гэдгээ илэрхийллээ.
Соёлын сайд Ч.Номин “Монгол Улс сүүлийн жилүүдэд хууль бусаар хил давуулан худалдсан палеонтологийн олон арван үнэт олдвор, соёлын эд зүйлсээ олон улсын хамтын ажиллагаа, шинжээч мэргэжилтнүүдийн тусламжтайгаар эргүүлэн авч байна. ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газар болон Монакогийн Итгэлцлийн сангийн дэмжлэгтэйгээр 2009 оноос хэрэгжүүлсэн “Соёлын эд зүйлсийн хууль бус худалдаатай тэмцэх чадавх дээшлүүлэх” төслийн хүрээнд хүүхэд залуучуудад өвийн тухай боловсрол олгох монгол агуулга бүхий “Богцон дахь соёлын өв” багш нарын иж бүрдлийг боловсруулж, амжилттай хэрэгжүүлснийг онцлон тэмдэглэв.
Мөн тэрбээр, Монгол Улсын Засгийн газар 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөндөө:
- ЮНИДРУА-ийн 1995 оны Хулгайлагдсан эсвэл хууль бусаар экспортлогдсон соёлын эд зүйлсийн тухай конвенц,
- ЮНЕСКО-ийн 2001 оны Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай конвенцод тус тус нэгдэн орж, “Хууль сахиулах байгууллагад соёлын өвийн эсрэг гэмт хэрэг зөрчилтэй тэмцэх нэгж байгуулан, чадавхыг бэхжүүлэх зорилтыг тусган ажиллаж байгаа гэлээ.
Сайд Ч.Номин улс орнууд соёлын эд зүйлсийг хууль бусаар худалдаалах үйл ажиллагаатай хамтран тэмцэж, нийт хүн төрөлхтний хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах хил дамнасан олон улсын хамтын ажиллагааны механизмыг улам бүр боловсронгуй болгож бэхжүүлэхийг чухалчлав.
Мөн, тус завшааныг ашиглан дээрх зорилтын хүрээнд хамтран ажиллаж байгаа ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газар болон 1970 оны конвенцын Нарийн бичгийн дарга нарын газарт чин сэтгэлийн талархал дэвшүүлэхийн ялдамд олон талт хамтын ажиллагаа улам өргөжин, бүс нутгийн соёлын өвийг хамгаалах хамтын хүчин чармайлтад ахиц гарна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Хурлын нээлтийн арга хэмжээнд Тайландын Хаант Улсын Соёлын сайд Эрхэмсэг ноён Иттипол Күнпломе, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Соёл, спорт, аялал жуулчлалын дэд сайд Эрхэмсэг ноён Хоанг Дао Куонг, ЮНЕСКО-ийн Ерөнхий захирлын соёлын асуудал хариуцсан орлогч Эрнесто Оттоне, ЮНЕСКО-ийн Бангкок дахь төлөөлөгчийн газрын захирал Ноён Шигерү Аояги нар болон олон улсын эрдэмтэн судлаачид, шинжээчид оролцов.