"Наадамд бэлдэж олон хүн халдвар авбал тэднийг хэвтүүлэх ор алга"

Хуучирсан мэдээ: 2021.06.30-нд нийтлэгдсэн

"Наадамд бэлдэж олон хүн халдвар авбал тэднийг хэвтүүлэх ор алга"

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар өчигдөр 2021 оны төсвийн тодотголд эмч, ажилчдад 2 сая хүртэл төгрөгийн урамшуулал олгохоор тусгасныг мэдэгдсэн. Харин эмч нарын зүгээс эмнэлгийн ажилтнуудын цалинг хоёр дахин нэмэхийг шаардаж өнөөдөр  мэдээлэл хийлээ.

НИЙТ САЛБАРЫНХНЫ 50 ХУВЬД НЭМЭГДЭЛ ОЛГОЖ АРГАЦААЖ БАЙГААТАЙ САНАЛ НИЙЛЭХГҮЙ

Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.АРИУНАА:

Манай салбар хүний нөөцийн хомсдолд орлоо. Энэ нь Монгол Улсын иргэдийн амь нас, эрүүл мэндтэй холбоотой асуудал. Эрүүл мэндийн салбарынхан өөрсдөө өвдөж байна. Зургаадугаар сарын 21-нд удирдах албаныхантай уулзаж, тулгамдаж буй асуудлаа хэлсэн. 2020 оноос л энэ асуудлыг ярьсан. Зөвхөн "улаан бүс"-эд ажиллаж буй хүмүүст 2 сая төгрөг олгоно гэдгийг дэмжихгүй. Нийт салбарынхны 50 хувьд нэмэгдэл олгож, аргацааж байгаатай санал нийлэхгүй байна. Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын 90 гаруй хувь нь зээлтэй. Тэд халдвар авч гэр бүлийнхэндээ тараах явдал байна. Бүх эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг хоёр дахин нэмэхийг шаардаж байна. Засгийн газар эрүүл мэндийн салбарт, эмч ажилчдад их хэмжээний хөрөнгө зарцуулж байгааг ярьдагч халдварын голомтонд ажиллаж буй эмч нарт хүрэлцэхгүй байна. Ажил олгогч нар цалингаа зөв олгож чаддаггүй.

Нэг ч болов монгол хүний амийг аврах гэж эрүүл мэндийн ажилчид хоёр жил зүтгэж байхад эрх баригчид олон хүн нэг дор цуглуулсан арга хэмжээ зохиодог, наадмаа тэмдэглэнэ гэдэг.

Бид Үндэсний их баяр наадам тэмдэглэхийг эсэргүүцэж байна. Хэрэв наадамд бэлдэж урлаг соёлынхон, бөх, сур харваачид зэрэг олон хүн халдвар авбал тэднийг хэвтүүлэх ор алга, эмчлэх эмнэлгийн ажилтан ч алга, бидний үгийг сонсохыг шаардаж байна.

БИД ХЭНИЙ, ЮУНЫ ТӨЛӨӨ СӨХӨРЧ УНАТЛАА АЖИЛЛАЖ БАЙГААГ ОЙЛГОХГҮЙ БАЙНА

СЭМҮТ-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга, их эмч Ө.АНХБОЛД:

-Засгийн газар 2020 оны арваннэгдүгээр сарын 11-ны өдрөөс Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Энэ хугацаанд эрүүл мэндийн салбарын нэг ч эмч, ажилтан ажлаа цалгардуулж байсангүй. Улаан, ногоон бүс гэж ялгахгүй эрүүл мэндийн салбарын бүх ажилтан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, ачаалал оргилдоо хүрлээ.

Эрүүл мэндийн салбарт ажиллана гэдэг хувь хүнээс сэтгэлзүй, бие махбодийн маш их ачааллыг шаарддаг. Ийм өндөр ачаалалтай ажиллаж байгаа бид яагаад улсын дундажтай адил цалин авч болдоггүй юм бэ?

Ерөнхий сайд, УОК-ын дарга нарын хэлснээр 2020 онд улсын дундаж 1.3 сая. Харамсалтай нь, эрүүл мэндийн салбарын ажилтны дундаж цалин 647 мянган төгрөг. Эрүүл мэндийн салбарынхан улсын дундаж цалингийн түвшнээс хоёр дахин бага цалинтай удаан ажиллахгүй нь ойлгомжтой.

Ар гэрээ умартаж цар тахлын фронтод ажиллаж буй эмч ажилчид хүүхэд асрагчаас бага цалинтай удаан ажиллаж чадахгүй, салбараа орхино. Энэ салбарыг орхих хүсэлтэй маш олон хүн байна. Бид хэний, юуны төлөө сөхөрч унатлаа ажиллаж байгаагаа ойлгохгүй байна. Цалинг хоёр дахин нэмэгдүүлэх уриалга бол ийм л нөхцөл байдалд түшиглэсэн. Түүнээс биш олон улсын жишигтэй адил цалин хөлсийг 5, 10 дахин нэмэгдүүлэхийг төрөөс хүсээгүй. Цалинг хоёр дахин нэмэгдүүлэхийг шаардаж байгаа нь улсын дундажтай адил цалин л олгохыг хүсч байгаа юм.

              БИД ӨӨРСДӨӨ ӨВДӨЖ, ИРГЭДЭЭ ЭМЧИЛЖ ЧАДАХГҮЙД ХҮРЛЭЭ

“Эрүүл оршихуй” өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагч Ч.ПҮРЭВСҮРЭН:

-Сувилагч нараа төлөөлөн үгээ хэлье. Covid-19 халдварын улмаас Онцгой байдал зарласан жил долоон сарын хугацаанд эмч, сувилагчдаас гадна эх баригч,  лаборант, жолооч бүх хүн хүчээ шавхаж ажиллаад одоо сульдаж байна. Бид хүний нөөцийн хомсдолд орлоо. Ажлын хэт ачааллаас болж ажлаасаа халширч байна. Салбараа орхимоор санагдах боллоо.

Цар тахлын үед хамгийн их хохирч, өвдөж байгаа нь асрагч, сувилагч нар. Бид өвдсөнөөсөө болж иргэдээ эмчилж чадахгүй хүнд байдалд хүрлээ.

Салбарын сайд эмч нарын л цалинг нэмнэ гэдгийг мэдэгдлээ. Гэтэл эрүүл мэндийн салбар бол багийн ажил ажил юм. Жолооч, асрагч нар ялгаагүй бүгдийнх нь цалинг адилхан нэмэх хэрэгтэй. Цалинг хоёр дахин нэмэгдүүлэхийг шаардаж байна.

Эмч нарын хэлснээр цар тахлын үед эрүүл мэндийн салбарынхан ачааллаа дийлэхгүй элгээрээ хэвтэхэд бэлэн болжээ. Цаашид халдварыг хумихгүй бол эрүүл мэндийн эмч, ажилчид хүрэлцэхгүй гэдгийг мэдэгдэв. Халдвар авсан хүний тоо нэмэгдэхийн хэрээр  эмч, ажилчид халдварт өртөж бас ажлын ачааллаасаа халширч салбараа орхих хүн ч олон болсныг хэлж байв. Тэдний төлөөлөл Засгийн газрын 2 сая хүртэл урамшуулал олгох шийдвэрийг шүүмжилж, цаашид бага цалинтай удаан ажиллаж тэсэхгүй гэдгээ мэдэгдлээ.

Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭХ-оос эмч нарын цалин урамшуулалтай холбоотой асуудлаар мэдээлэл хийж байна

Posted by News.mn on Tuesday, June 29, 2021

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
46
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж