Шинэ бондын эерэг нөлөө

Хуучирсан мэдээ: 2021.06.30-нд нийтлэгдсэн

Шинэ бондын эерэг нөлөө

Шинэ бондын эерэг нөлөө

Монгол Улс дэлхийн хамгийн том үнэт цаасны зах зээл болох бондын зах зээл дээр амжилттай “тоглолт” хийсэн нь өчигдөрхөн танилцуулагдсан “Century” төсөл бөгөөд шинэ бонд. Энэхүү төслийн хүрээнд Засгийн газар хугацаа тулаад байсан “Чингис” болон “Гэрэгэ” бондын 1 тэрбум ам.долларын өр төлбөрийг түүхэндээ хамгийн бага түвшний хүүтэйгээр дахин санхүүжүүлж, өрийн зохицуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлжээ.

Улсын эдийн засаг 2020 онд 5.3 хувийн агшилттай, зээлжих зэрэглэл "B" түвшинтэй байгаа цар тахлын хэцүү цаг үед гүйцэтгэх засаглал “Century” төслийн хүрээнд түүхэндээ хамгийн бага түвшний хүүтэй өрийн зохицуулалт хийсэн. Тодруулбал, 6 жилийн хугацаатай, 3.5 хувийн хүүтэй, 500 сая ам.доллар, 10 жилийн хугацаатай 4.45 хувийн хүүтэй, 500 сая ам.доллар, нийт 1 тэрбум ам.долларын өрийн зохицуулалтыг амжилттайгаар хэрэгжүүлж, ирэх хоёр жилийн өр төлбөрийг шийджээ.

Олон улсын санхүүгийн зах зээлд хөрөнгө оруулагчдаас ирсэн санал нь тухайн үнэт цаасны дүнгээс 2.5-3 дахин их ирсэн тохиолдолд амжилттай боллоо гэж үздэг.

“Century” төслийн хүрээнд Ази, Америк, Европын хөрөнгө оруулагчид нийт 6.4 тэрбум ам.доллар буюу санал болгосон хэмжээнээс 6.4 дахин илүү санал ирүүлжээ. Өнөөдрийн байдлаар манай улстай ижил зээлжих зэрэглэлтэй улсууд шинээр бонд гаргахад дунджаар 7-8 хувийн хүү төлж байгаа аж. Харин Монгол Улс “B” үнэлгээтэй улсуудаас хамгийн бага буюу 3.5-4.45 хувийн хүүтэйгээр өмнөх бондуудыг дахин санхүүжүүлжээ.

Гүйцэтгэх засаглалын төлөөллүүд “Өмнөх бондуудыг дахин санхүүжүүлсэн нь Монгол Улсын Засгийн газрын цар тахлын үед эрүүл мэнд, эдийн засгаа аврах зорилгоор хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний үр дүнгийн илрэл. Олон улсын хөрөнгө оруулагчдын хувьд Монгол Улсын улс төр, эдийн засгийн тогтвортой байдалд итгэх итгэл өндөр байгааг харуулж байна” хэмээн тайлбарлав.

Засгийн газар хугацаа тулсан, өндөр дүнтэй гадаад өр төлбөрийг хойшлуулах арга хэмжээ авч хэрэгжүүлсэн нь төсөв, төлбөрийн тэнцэлд ирэх жилүүдэд үүсэх байсан өрийн дарамтыг бууруулах сайн талтай. Мөн гадаад валютын ханшийг тогтвортой барихад эерэг нөлөө үзүүлэх төдийгүй Монгол Улсын зээлжих зэрэглэлийг сайжруулахад чухал нөлөөтэйг эдийн засагчид онцолж байна.

Бонд нь тодорхой хэмжээний мөнгийг тогтоосон хугацааны дараа, тодорхой хүүтэйгээр эргүүлэн төлөх амлалт дээр тулгуурлан авч буй зээлийг баталсан үнэт цаас юм.

Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн оны есдүгээр сард олон улс дахь зах зээлийн таатай нөхцөл байдлыг ашиглан, 600 сая ам.доллартай тэнцэх өрийн зохицуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлсэн билээ.

Улсын эдийн засгийн өсөлт 2011-2012 онд 17.3 болон 12.3 хувьтай, зээлжих зэрэглэл өнөөгийн түвшнээс хоёр зэрэглэл дээгүүр байсан эдийн засгийн оргил үед Монгол Улс 10 жилийн хугацаатай, 5.125 хувийн хүүтэй, 1.5 тэрбум ам.долларын “Чингис” бонд гаргаж, эргэн төлөлт нь ирэх жил хийгдэх байв.

Монгол Улс 2012 онд 500 сая ам.долларын “Чингис” бондыг таван жилийн хугацаатай, жилийн 4.1 хувийн хүүтэй босгосон. Түүний дараа дахин нэг тэрбум ам.долларын “Чингис” бондыг 5.1 хувийн хүүтэй, 10 жилийн хугацаатай босгосон юм. Гэвч төсөвт өр, зээлийн дарамт ихэсч, эдийн засаг эвгүйтсэн үед буюу 2015 онд дахин гурван жилийн хугацаатай нэг тэрбум юань буюу 160 сая ам.долларын “Дим сам” бондыг 7.54 хувийн хүүтэй гаргасан. Хамгийн сүүлд 2017 онд эдийн засгийн өсөлт хасах руу орох үед Засгийн газар 500 сая ам.долларын “Мазаалай” бондыг 10.8 хувийн хүүтэй гаргаж байв.

"Чингис" бондын өрийг төлөх эх үүсвэр, санхүүжилт улсын төсөвт байхгүй байсан учраас Засгийн газар олон улсын зах зээл дээр "Гэрэгэ" бонд гарган, өрийг "өрөөр" барагдуулсан билээ.

Аудитын газрын тайлангаас харахад, Засгийн газрын нийт өр 2020 оны эцэст 27 их наяд 898.6 тэрбум, өнөөгийн үнэ цэнээр тооцсоноор 23 их наяд 24.3 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна. Энэ нь дотоодын нийт бүтээгдэхүүний 62.3 хувьтай тэнцэж буй юм. Засгийн газрын өрийн хэмжээ өмнөх оноос 3 их наяд 698.9 тэрбум төгрөгөөр өссөн дүнтэй. Өрийн үлдэгдэлд гадаад өр 89.1 хувь, дотоод өр 4.1 хувь, өрийн баталгаа 3.8 хувь, барих шилжүүлэх төрлийн концесс 3.0 хувийг тус тус эзэлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж