"МАН-ын 100 жилийн ойгоор хүмүүсийг өршөөсөн шиг өршөөе"

Хуучирсан мэдээ: 2021.06.30-нд нийтлэгдсэн

"МАН-ын 100 жилийн ойгоор хүмүүсийг өршөөсөн шиг өршөөе"

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Өршөөлийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилын зүгээс олон хүний ахуй амьдрал, эрх чөлөөний асуудал яригддаг учраас хаалттай хэлэлцэх горимын санал гаргасан юм. Уг саналыг хуралдаанд оролцсон 15 гишүүдийн  11 нь дэмжиж хаалттай хэлэлцэхээр болсон бөгөөд  гишүүд цахимаар бус биечэлж хуралдаанд оролцоно.

Хуулийн төслийг хаалттай хэлэлцэхээс өмнө Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулга хийж, УИХ-ын гишүүн Д.Ганбат асуулт асуулаа. 

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.НЯМБААТАР:

-Монгол Улс нийт зургаан удаа Өршөөлийн үзүүлэх тухай хуулийг баталсан ба 2015 онд Өршөөл үзүүлэх тухай хуулиар  зарим этгээдэд захиргааны ба зөрчлийн шийтгэлээс хамтад нь чөлөөлж байсан.

Хорих ангид 2021 оны  зургадугаар сарын 24-ны өдрийн байдлаар хоригдож буй 4154, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 1200, баривчлах шийтгэл эдэлж байгаа 104, хорихоос өөр төрлийн ял буюу албадлагын арга хэмжээ авагдсан 4529 нийт  9987 ялтан, хоригдсон этгээд байна.

Нэг хүний хоолонд өдөрт 6000-8000 төгрөг зарцуулж байна. Хорих анги байгууллагуудын хувьд олон хүн нэг байранд төвлөрөх нь халдвар авах эрсэлтэй байна. Торгох ялаар 1664, нийтэд тустай ажил хийлгэх ялаар 548, зорчих эрхийг хязгаарлах ялаар 22, эрх хасах ялаар 1448 тус, тус  шийтгэгдэж нийт 3682 этгээдэд хяналт тавьж байна.

Зөрчлийн тухай хууль 2017 оны долдугаар сарын 1-ээс хойш  хэрэгжиж эхэлсэн. Энэ хугацаанд 6.1 сая зөрчил бүртгэгдсэн бөгөөд 168 тэрбум төгрөгийн торгууль ногдуулсан боловч өнөөдрийн байдлаар 73 тэрбум төгрөгийн торгууль нь төлөгдөөгүй байна. Хуулийн төслийг боловсруулахдаа  хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солихоор зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдож оногдуулсан болон биечлэн эдэлсэн хорих болон хорихоос өөр төрлийн ялын хугацааг үл харгалзан эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлэхээр тусгасан.

Монгол Улсыг саарал жагсаалтад дахин орохгүйн тулд мөнгө угаах,  татвар төлөхөөс зайлсхийх, хулгай, дээрэм, залилан, хөрөнгө завших зэрэг гэмт хэргүүдийг өршөөлд хамруулахгүй. 

УИХ-ын гишүүн Д.Ганбат: 

-Энэ  хууль батлагдсанаар хэдэн хүн өршөөгдөх вэ. Өмнөх Өршөөлийн хуулиудаас ялгарах онцлог нь юу вэ?

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: 

-Өршөөлийн хууль батлагдсанаар  эхний ээлжид  150 хоригдол ялаас бүрэн чөлөөлөгдөнө. 374 хоригдлын хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино. 469 хоригдлын хорих ялаас хоёр жилийг хасна. Хоёр жилийг хасаад хэдэн хүн магадлангаар суллагдахыг бид мэдэхгүй. Учир нь шүүх магадлан хийдэг. Өсвөр насны 25 хүүхэд суллагдана. Хорихоос өөр төрлийн ял эдэлж байгаа болон албадлагын арга хэмжээ авагдсан 3915 хүмүүс Өршөөлд хамрагдана. Өмнөх Өршөөлийн  хуулиудыг бодвол  хамрагдах хүрээ хязгаарыг нь танасан. Учир нь албан тушаал болон эдийн засгийн суурьтай гэмт хэргүүд өршөөлд хамрагдахгүй. Энэ удаагийн Өршөөлийн хуульд нийт ялтны 16.7 хувь нь өршөөлд хамрагдана. Тухайлбал, 2006 оны Өршөөлийн хуульд нийт ялтны 40 орчим хувь нь өршөөгдсөн. 

УИХ-ын гишүүн Д.Ганбат: 

-Өршөөлийн хууль нь  байнга хэрэглэгдэх хууль биш. Энэ удаагийнх хамгийн сүүлийн удаа байгаасай. Тиймээс хоёр намын бүлэг ажлын хэсэг байгуулаад өршөөлд хамрагдах хүрээг нь тэлээд нэг удаа өршөөсөн шиг өршөөе.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: 

-Д.Ганбат гишүүнийг Хууль зүй, байнгын хорооны дарга байхад 2015 онд үзүүлсэн Өршөөлийн хуулиас болж Монгол Улс ФАТФ-ын  саарал жагсаалтад орсон. Эргээд саарал жагсаалтад ормоор байвал өршөөлд хамрагдах хүрээ хязгаарыг тэлж болно. Би мөнгө угаах, терроризмтэй  тэмцэх үндэсний хороог ахалдаг. 2022 онд ФАТФ-т тайлангаа хүргүүлж 2023 онд хамгаалалтаа хийнэ. Бид хэд, хэдэн үүрэг хүлээсэн. Товчхондоо ФАТФ-ын 40 жагсаалтын хэрэгжилтэд нийцүүлж Өршөөлийн хуулийг баталсан. 

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-Өнөөдрийн хоригдоод байгаа улсууд  Монгол Улсыг ФАТФ-ын  саарал жагсаалтад оруулсан гэж бодохгүй байна. ФАФТ-ын жагсаалтад оруулсан улсууд нь баригдаагүй, мөнгөө угаагаад л явж байгаа. Ядарсан хэдэн хүмүүс хэлмэгдээд шоронд орсон:  Гэхдээ 2015 оны Өршөөлийн хуулийг  шүүхээр оруулаад шүүх шийдээд явсан шүү. Хэдүүлээ өнгөрснөө ярьж нэгнээ буруутгахгүйгээр шоронгоос гаргах ёстой хүмүүсийг гаргая. МАН-ын 100 жилийн ойгоор хүмүүсийг өршөөсөн шиг өршөөе. Гэхдээ та нар энэ хуулийг  их л тулгаж оруулж ирлээ. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж