Андрей Шевченко: Англичууд биднийг айлгахгүй

Хуучирсан мэдээ: 2021.06.30-нд нийтлэгдсэн

ЕВРО-2020

Андрей Шевченко: Англичууд биднийг айлгахгүй

Андрей Шевченко: Англичууд биднийг айлгахгүй

Евро-2020 тэмцээний аварга баг тодроход ердөө долоон тоглолт үлджээ. Урд шөнө шөвгийн 16-ийн үлдсэн хоёр тоглолт явагдаж, Англи болон Украины шигшээ багууд шөвгийн наймд шалгарав. Украинчууд Шотландын Глазго хотод Шведийн шигшээг Олександр Зинченко, Артём Добик нарын хоёр гоолын ачаар буулган авсан. Ингэснээр Украины шигшээ баг шөвгийн наймд Английн шигшээ багтай учраа таарсан юм.

Тоглолтын дараа Украины шигшээ багийн ахлах дасгалжуулагч, домогт довтлогч Андрей Шевченко “Хоёр баг хоёулаа сайн тоглолоо. Үнэхээр сонирхолтой тоглолт өрнөлөө. Аль, аль тал нь ялагдахыг хүсээгүй ч бид эцэст нь буулган авлаа. Өнөөдрийн тамирчдын минь үзүүлсэн тоглолт, хандлагыг харахад тэд эх орныхоо хайр хүндэтгэлийг хүртэх эрхтэй. Бид тоглолтын эхнээс хэрхэн тоглох ёстойгоо ойлголоо. Тоглолтын дундуур хэрхэн сайжрахаа ч мэдлээ. Бидний зохиосон төлөвлөгөө бүрэн хэрэгжлээ” хэмээжээ.

Харин Англитай хийх тоглолтын талаар тэрбээр “Англи бол сайн сэлгээтэй, чадварлаг дасгалжуулагчийн багтай, гайхалтай баг. Бид хүнд тоглолт болно гэдгийг бүрэн ойлгож байгаа. Тэдний хэсгийн шатандаа хийсэн гурван тоглолтыг үзсэн. Харин Шведтэй хийх тоглолтондоо бэлдээд тэдний өнөөдрийн Германтай хийсэн тоглолтыг нь үзсэнгүй. Тэд бидний эсрэг гоол оруулахад хэцүү байх болно. Англичууд биднийг айлгахгүй. Амьдралд бүх зүйл боломжтой байдгийн адил хөлбөмбөгт ч бүх зүйл боломжтой. Энэ биднийг зоригжуулна. Бид ард түмнийхээ төлөө бүхнээ зориулж, зүрх сэтгэлээсээ тоглох болно” хэмээжээ.

Английн шигшээ багийн хувьд урд шөнө хүчирхэг Германы шигшээг 2-0 гэсэн харьцаатай буулган авсан. “Гурван арслангууд” энэ удаагийн Европын аваргын турш хаалгандаа нэг ч гоол алдаагүй гэсэн тун сайн үзүүлэлттэй байгаа.

Шведийн эсрэг гайхалтай нэгэн гоолыг оруулж, тоглолтын шилдгээр нэрлэгдсэн Олександр Зинченко “Өнөөдөр түүхэн амжилтаа бүтээлээ. Багийнхандаа, ард түмэндээ хандаж хэлэхэд баяраа тэмдэглэцгээ, бид ганц л амьдарна, энэ мөч дахин тохиохгүй шүү. Бид эх орондоо, бүхэл Европ даяар ямар баг гэдгээ харууллаа. Бид зорилгодоо хүрч чадна” хэмээн ярьжээ. Тэрбээр Манчестер Ситид хамт хүчин зүтгэдэг, Английн шигшээн Стерлингийн талаар ярихдаа “Стерлинг бол дэлхийн шилдэг жигүүрийн тоглогчдын нэг. Английн шигшээд давуу байдлыг тэр л үүсгэж байна. Бид түүнийг зогсоохын тулд чадах бүхнээ хийнэ. Тэр ч сайн формтой байгаа учир хүнд байх болов уу даа” гэв.

Украин-Английн шигшээ багуудын тоглолт долдугаар сарын 3-ны шөнө 03.00 цагаас Италийн Ром хотноо явагдана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж