“Махны үнэ тэнгэрт хаджээ,
60 сая малынхаа хишгийг хүртэх хувьгүй юм аа…
Үүрээр ирсэн ч мах хямд үнээр авч чадсангүй. Үхрийн мах 16500 гэсэн лангууны хажууд худалдагчтай ярин зогсох өндөр настан "маргааш өглөө бүр эрт ирэхээс дээ" хэмээн таягаа тулан гарах хаалга руу буцлаа. 07:00 цагт ийнхүү халаглах хүмүүсийн холхилт дунд “Хүчит шонхор”-ын ченжүүд нэгнээсээ өрсөж “сайхан шинэ мах аваарай” гэх дуу сонсогдоно. Хямд үнэ, шинэ гэх тодотголтой махыг ачсан автомашин, жижиглэнгээр зарах лангууны ариун цэврийн байдлыг хэн ч тоохгүй хэвээр. Худалдагчид нь гулууз махаа бээлий өмсөхгүйгээр мөрөн дээрээ тохоод худалдан авагчийн машинд хүргэж байгаа харагдлаа. Бээлий өмсөх халдвар хамгаалалтын дэглэм барьдаггүй юм уу гэж асуухад “Бид ингэж үйлчлээд сурчихсан. Тэгээд ч малчдаас ирэхдээ өчнөөн дамжлага дамжиж ирж байгаа. Өглөө бүр мах ачиж орж ирж байгаа машинуудыг дагаж яваад лаборатори сорьцын шинжилгээгээ авчихдаг. Ариутгалыг байнга шахуу хийдэг. Covid-19 гээд халдваргүйтгэл дээр бүр ч сайн ажилладаг болсон” гэх тайлбарыг өгөв.
Хоногийн хүнсээ базааж, таксидах мөнгөө ч хэмнэж байгаа иргэдэд энэ цаг үед хэдэн төгрөг хэмнэх нь хаа юм. Манай зах хамаагүй хямд байгаа хэмээн “Хүчит шонхор”-ынхон ам уралдан хэлнэ. Энэ үг ч оргүй биш бололтой. 10 кг-ын шуудай төмс зүүн гартаа өргөж, хонины бүтэн гулууз өргөөд гэр нь ойрхон бололтой зам дагуу алхах хүн цөөнгүй харагдлаа. Тус захад яарсан олон дунд махаа зөв жинлээрэй, өчигдөр авсан махныхаа үнийг бичээд аваарай гэж чанга дуугаар харилцах дөрвөн худалдагч хоорондын яриа олны анхаарлыг татна.
Шүүх дээр маргаантай байгаа “Хүчит шонхор”-ынхон ариутгал, халдваргүйтгэлийн дэглэм муу баримталж саяхан шалгалтаар бүдэрсэн. Мах худалдаалж буй лангуу, ачиж ирсэн автомашин түүнийг зөөх тэрэг зэргээс авсан арчдасын шинжилгээ муу гарсан. Тэгвэл хяналт, шалгалтын ажлын дараа халдварын онцгой нөхцөл байдалд хэрхэн ажиллаж байгааг бид сурвалжлалаа.
Гаднаа гяланцаг гэдэг шиг захын хашаагаар ороход өөгүй цэвэр харагдав. Харин зах дотор худалдагчдын өмссөн хантааз бохир, махны зарим лангуу хоосон шахуу байж махны дагширсан цус тогтжээ. Энэ бол наад захын жишээ. Ченж, худалдаачид халдварын эрсдэл өндөр бүсэд ажиллаж байгаа атал гартаа бээлий өмсөөгүй, амны хаалтаа зөв зүүгээгүй байгаа нь ажиглагдсан юм. Хайнга, гүндүүгүй гэхэд хэтэрсэн монгол ухаанд мөнгө олох, хямд мах авах л чухал гэдэг бичигдээгүй дүрэм үйлчилж байна.
Хэдийгээр зах руу нэвтэрч буй махнаас өглөө бүр сорьц авч шинжилдэг хэдий ч худалдаа явуулж буй орчны ариун цэврийг хэн ч тоохгүй байсаар удаж байна. Тиймээс ч арчдасын шинжилгээг санамсаргүй байдлаар 80 хэсгээс авахад 62 тохиолдолд нь хүний ялгадаст байдаг нян болон бусад вирус илэрсэн аж.
Энэ асуудалд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газар, Мэргэжлийн хяналтын газраас хяналт шалгалтыг хийж торгохоос өөр арга хэмжээ аваагүй байна. Хүн идэж байгаа хоол хүнс тэр дундаа мах, махан бүтээгдэхүүнээс уураг, шим тэжээлтэйг сонгож хэрэглэх шаардлагатай. Гэтэл монголчуудын хувьд орчин цэвэр болох тусам үнэ өсч, олны нэрлэсэн “Дэнжийн 1000”-ын захад үүрээр очвол хямд мах авч чадна гэдэг бодол хэвээр л байна. Иргэдийн зүгээс махны үнэ өссөн эсэх талаар болон тус захыг зорин очдог шалтгаан, худалдаа эрхэлж буй орчны ариун цэвэр талаар ямар бодолтой байгааг хуваалцлаа.
“-Эрт ирвэл шинэ мах худалдаад авчихдаг. Одоо цагт хямд үнээр мах авна гэдэг үлгэр болсон. Ядаж шинийг л олж авбал юу юм бэ гэхээс. Ариун цэврийн хувьд сүүлийн үед харин ч сайжраад байгаа. Өдөр бүр мах авах биш. Сардаа нэг удаа л гулууз авдаг. Гулууз авахад 200-300 мянган төгрөг болж байна. Өнгөрсөн жил 200 мянга хүрэхгүй үнээр авдаг байсан. Бусад захад үүнээс ч өндөр үнэтэй байгаа. Тиймээс наадмаас өмнө махаа авах гээд өнөөдөр авч байна. Дараа долоо хоногт баяр наадам гээд үнийг нь дийлэхгүй болж магадгүй.”
“-Ажилчдын хүнс бэлтгэхдээ “Хүчит шонхор”-оос авдаг. Бөөнөөр авахаар овоо хямд тусдаг. Тэгэхгүй бол энэ тэндээс цуглуулах цаг гардаггүй. Махны үнэ өнгөрсөн долоо хоногоос 500-1000 төгрөг нэмэгдсэн байна. Худалдагчид өөрсдөө ханшаа тохиролцоод дур мэдээд нэмчихдэг байх. Түүнээс ирэх бүрт өөр өөр үнэтэй байна гэж юу байх вэ дээ. Өмнө долоо хоногт мах авахад хямд байсан л санагдаж байна. Ариун цэврийн хувьд муу санагддаг. Ариутгал тогтмол хийдэг гэж хэлдэг хэрнээ хөргөгчний үнэр, лангууны тавиур бохир харагддаг. Хэлэхээр худалдагчид нь тал талаас цэвэрлэж байгаа гээд сүйд болно. Түүнээс үнэ ханшийн хувьд боломжийн санагддаг.”
Махны үнэ тэнгэрт хадахын хэрээр малчдын гараас ченжүүд авч үнийг хоёр дахин нугалж иргэдэд худалдаж байгаа юм. Ингэхдээ халдвар хамгаалалтын дэглэм баримтлаагүй стандарт бус газарт худалдааг явуулж байгаад иргэдийн зүгээс шүүмжлэлтэй байна. Covid-19 халдвар битүү орчин болон гадаргуу дээр удаан хугацаанд тогтдог. Тиймээс тогтмол чийгтэй цэвэрлэгээг хийж ариун цэврийг сахиж байгааг удирлагууд хэлсэн ч бодит байдал дээр эсрэгээрээ байв. 04:00 цагаас лабораторийн эмч нар сорьцуудаа авч, худалдагчдад цэвэрлэгээний шаардлага тавьдаг ч тэр бүрт сануулгыг хүлээж авдаггүй аж.
“ХҮЧИТ ШОНХОР” ХХК ТАЛБАЙГАА ТҮРЭЭСЛЭДЭГ Ч НЯН ИЛЭРСЭН ТАЛБАЙН ТҮРЭЭСЛЭГЧДЭД ХАРИУЦЛАГА ТООЦОХ БОЛОМЖГҮЙ
Хүчит шонхор ХХК-ий олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн Л.Цэнд:
-Холбогдох байгууллагууд түүврийн аргаар 80 цэгээс арчдасын дээж авсан. Эдгээр сорьцоос хүний ялгадаст байдаг нян илэрсэн нь хоёр ч лабораторийн шинжилгээгээр батлагдсан. “Хүчит шонхор” ХХК-ий хувьд талбай түрээслэгч учраас худалдаа эрхлэгчид хариуцлагыг хүлээж, ариутгал халдваргүйтгэл хийж байгааг сайн хийж байгаа эсэхийг хэлж мэдэхгүй байна. Компанийн зүгээс долоо хоног тутамд ариутгал хийж байгаа. Нийгмийн сүлжээнд “Хүчит шонхор”-ын махнаас нян илэрчээ. Захын үйл ажиллагааг түр хаана зэрэг мэдээлэл гарч байгаа. Тэр бол худал. Арчдасын шинжилгээгээр нян илэрсэн нь үнэн хэдий ч махнаас өвчлөл илэрсэн тохиолдол бүртгэгдээгүй. Тусгай лабораторид шинжилж байгаа.
НМХГЫН ЛАБОРАТОРИД 62 СОРЬЦООС, “ХҮЧИТ ШОНХОР”-ЫН ХАРИУГААР 44 СОРЬЦООС ХАЛДВАРТ НЯН ИЛЭРСЭН
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн мал эмнэлгийн хяналтын улсын ахлах байцаагч Х.Мэндсүрэн:
Мэргэжлийн хяналтын байгууллагаас Улсын ерөнхий байцаагчийн баталсан удирдамжийн дагуу Хүнсний аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр урьдчилан сэргийлэх төлөвлөгөөт шалгалтыг хийдэг. Тус шалгалтыг мах зөөх тэрэг, хөдөө орон нутгийн машин, дайврын заал, лангуу, жин, халад, махны өлгүүр, хана зэрэг санамсаргүй түүврийн аргаар 80 цэгээс арчдасын дээж авсан. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын лабораторид шинжлүүлэхэд 62 дээжээс гэдэсний халдварт өвчин үүсгэгч “Enterobacter spp”, “E coli” нян илэрсэн. Нянгийн бохирдолтой гарсан лангуу түрээслэгчдэд Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авч, хялбаршуулсан журмаар хэргийг нь шийдэж байна. Ямар төрлийн хүнсний бүтээгдэхүүн хадгалж, худалдаж байгаагаас хамаараад ариутгалын бодисын хэрэглэх тун, халдваргүйжүүлэх арга өөр өөр байдаг. Хуульд зааснаар манай байцаагчид төрийн хяналтыг хэрэгжүүлэхдээ дүгнэлт гаргаж, уг дүгнэлтээ эрх бүхий албан байгууллага, албан тушаалтанд хүргүүлж шийдвэрлүүлэх эрхийн хүрээндээ ажиллаж байгаа.
Ямартай ч “Хүчит шонхор” захаас хүний ялгадаст байдаг нян илэрсэн нь үнэн бөгөөд хариуцлага хүлээлгэх хүмүүс нь олдохгүй байгаа аж. Учир нь арчдасын шинжилгээг лангуу, тавиур, өлгүүр болон тухайн өдөр мах ачиж ирсэн машинуудаас авсан байна. Гэтэл хариу гарч хариуцлага тооцох болоход тухайн автомашинууд олдох оо больж, торгууль төлөх ч хүнгүй болсон гэх мэдээлэл байгаа юм. Үүнийг тус захын зүгээс үгүйсгэлээ. Нийслэлийнхний махны хэрэгцээг хангадаг том захаас халдварт нян илэрчхээд байхад торгуулиас өөр шийтгэл ногдуулж, арга хэмжээ авахгүй байгаа нь хачирхалтай. Энэ удаагийн үйл явдлаас болж худалдаа эрхлэгчид хаширсан эсэхийг захын ариун цэвэр цаашид харуулах биз ээ.
Холбоотой мэдээ