Ардчилсан намын гишүүн О.Баасанхүүтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрөгч Баасан гаригт тангараг өргөсөн. Энэ үеэр үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийг баривчилсан нь Монголд дарангуйлал тогтлоо гэсэн айдсыг бий болгочихлоо. Гэтэл ардчиллаар овоглодог АН таг чиг байна. Ардчилсан нам ингэхэд "амьд" уу?
-Ардчилсан нам парламентад суудалтай намын хувьд төрийн хуулийг хүндэтгэнэ. Үнэндээ иргэд У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн тангараг өргөхийг эсэргүүцээгүй юм. Цар тахлын үед эрх мэдэлтнүүд иргэдийнхээ хөлийг хорьчихоод өөрсдөө цэргийн жагсаал хийж, бөөгнөрөл үүсгэж байгааг эсэргүүцсэн. Ардчилсан нам ард түмэнтэйгээ хамт байсан. Миний бие С.Зориг агсны хөшөөн дээр иргэд жагсаж байхад очиж, оролцсон.
Орой нь зул өргөх арга хэмжээн дээр АН-ын зарим нэг хүмүүс очсон. Баривчилгаа болсны дараа байр сууриа сошиал орчинд албан ёсоор мэдэгдэж, цар тахлаар эмгэнэл илэрхийлж, төр засагт шаардлага хүргүүлсэн байгаа. Иргэдэд ч, эрх баригчидад хууль тэгш үйлчлэх ёстой. Ялангуяа хүний эрх, ардчилал, шударга ёс адилхан үйлчлэх ёстой гэдэг утгаараа цэргийн залуус, төрийн албан хаагчид тэр дундаа иргэдийг цар тахлын үед олноор бөөгнөрөхийг эсэргүүцсэн юм. Харамсалтай нь, эрх баригчид иргэдийнхээ үгийг сонсоогүй. Иргэдийнхээ шаардлагыг хүлээж аваагүйн горыг амслаа. Засгийн хоёр ч сайдаас гадна цэрэг армийн хүмүүсийн дунд халдвар гарсан байна лээ.
-Таны зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс юу хүлээж байна. Шинэ Ерөнхийлөгч шударга ёсыг тогтоохоо, иргэдээ баялгийн эзэн болгохоо амалсан. Та Монгол Улсын иргэний хувьд түүний үгэнд итгэж байна уу?
-Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд УИХ-ын гишүүн байна уу ард түмэндээ амласан амлалтаа биелүүлэх ёстой. У.Хүрэлсүх баялгийг бидэнд өгнө гэж амласан. Тангараг өргөхдөө үг нь халтираад хэлсэн үү, үнэхээр тэгж бодоод явсан уу, бүү мэд. Ямар ч байсан “Монгол хүн та өөрөө баялаг” гэж хэлсэн. Үүнийг би сонгуулийн амлалт, өгсөн үгнээсээ бултах оролдлого биш байгаа гэж харж байна. Үндсэн хуульд Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг зургаан жил гэж заасан боловч ардчилсан оронд заавал дөрвөн жил, эсвэл зургаа жилд баригддаггүй. Засгийн бүх эрх мэдэл ард түмний гарт байдаг. Хэрэв ард түмэн хүсэх юм бол үүнийг өөрчлөх эрх нь нээлттэй. Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч тангараг өргөөд ажлаа ч бараг хүлээж аваагүй шахам байгаа энэ цаг үед миний зүгээс түүнд ажлын амжилт хүсч байгаа. Цаашдаа хэр Ерөнхийлөгч байхыг нь цаг хугацаа харуулах биз
-Цар тахлаар бид 500 гаруй иргэнээ алдлаа. Нөхцөл байдал улам бүр хүндэрч байна. Энэ үед АН сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж, Засгийн газрыг шахаж шаардах ёстой биш үү?
-Засгийн газар 2020 оны нэгдүгээр сараас хойш хоёр жил орчмын хугацаанд цар тахалтай тэмцэж байна. Энэ хугацаанд албан бус тоогоор 10 гаруй их наяд буюу улсын төсвөөс хоёр дахин их мөнгө зарцуулж олон шийдвэр гаргасан. Өвчин зовлон улстөржүүлдэг сэдэв биш. Монголын ард түмний язгуур эрх ашиг учраас төр барилцах үүрэгтэй намын хувьд улстөржүүлсэн алхам хийхгүй, Засгийн газрын шийдвэрт тодорхой хэмжээгээр саад болохгүй байхыг хүссэн. Гэтэл өнөөдрийн нөхцөл байдлыг харахад хөл хорио, аж ахуй нэгжийн дунд тавьж буй шаардлага, эм эмнэлгийн хэрэгсэл эмчилгээний талаар хэрэгжүүлж байгаа арга хэмжээнээсээ эхлээд Монголын Засгийн газар юм уу, МАН-ын засаг юм уу гэсэн асуудал тавигдаж эхэлж байгаа юм.
МАН-ын 49 ЖДҮ чин шоронд орох ёстой
МАН-ын 49 ЖДҮ-чин шоронд орох ёстойhttps://news.mn/r/2447993/
Posted by News.mn on Tuesday, June 29, 2021
-Одоогийн Засгийн газрын үйл ажиллагаанд иргэд сэтгэл дундуур байна. Үнэндээ туршлага, чадамж дутагдаж байна гэж иргэд шүүмжилж байгаа шүү дээ?
-Өвчин эмгэгтэй бид улс төрийн намаас үл хамааран хамтдаа тэмцэх ёстой. Өнөөдөр бидний тавьсан шаардлагын дагуу эмч нарын цалинг нэмэх тухай ярилаа. Жишээ нь би 2020 оны нэгдүгээр сарын 6-нд УИХ-ын гишүүн байхдаа хэлж байсан.
“Монгол Улсад корона гараагүй үед эдийн засгийг битгий агшаа, битгий хөл хорь, сургууль, цэцэрлэгээ битгий хаа” гэж хэлдэг байсан. Бүхэл бүтэн хоёр жил сургуулиа хааж, ЭЕШ-аа хойшлуулна эдэг Монголын боловсролын салбарыг бодлогоор дампууруулж байна гэсэн үг.
Үндэсний аюулгүй байдлын тухай хууль гэж байна. Засгийн газар үнэндээ Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц хор хохирол учрууллаа гэж үзэж байна. Эдийн засгийн нөхцөл байдлыг хяналтаасаа алдсан. Гадаад өр хэрээс хэтэрлээ. Дотоодын үнийн өсөлт өдрөөс өдөрт дээшээ хөөрч байна. Төсвийн зарлага байж боломжгүй хэмжээний алдагдалтай байгаа. МАН-ын засаг ард түмний цөхрөнг барьж байна.
Иймээс одоогийн Засгийн газар ажиллаж чадахгүй гэдгээ албан ёсоор хүлээн зөвшөөрөх ёстой. Өөрсдөө ч үүнийг УИХ-ын индэр дээрээс мэдэгдэх шиг боллоо. Тэд цар тахалд ялагдсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Энэ болгон чинь ямар ч чадамжгүй, чадваргүйг илэрхийлээд байна. Өөрөөр хэлбэл ард түмэнд гэрэл цахилгаан дулааны мөнгө гэдэг нь чухал юм уу эсвэл эрүүл аюулгүй орчныг бүрдүүлж өвчин эмгэгийг зогсоох нь чухал юм уу.
-Тэгэхээр цар тахалтай тэмцэхэд таныхаар ямар стратеги баримталж ажиллах ёстой юм бол?
-Гуравхан сая хүн амтай улс нэг том давуу талтай. Өвчтэй хүн бүрийг хоёр метрийн зайд 5-7 хоног хориход энэ вирус автоматоор алга болж, ахин халдвар гарахгүй. Гэтэл хөл хориог эмх цэгцгүй зохион байгуулж МАН 18 тэрбумаар тоглочихлоо. 2021 оны хоёрдугаар сарын 23-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ вакцин тариулахдаа бүх нийтийн дархлаажуулалтыг богино хугацаанд хийж, ковидгүй зунтай золгоно гэсэн. Гэтэл иргэддээ хийх вакцин байгаагүй. Мөн гуравдугаар сарын 1-нд МАН 100 жилийн ойгоороо баахан хүнч цуглуулаад корона тараачихсан. Тухайн үед ердөө дөрвөн аймагт цөөн тоогоор халдвар гардаг байсан,одоо юу болж байна. Улс даяараа улаан бүс болчихлоо.
Тиймээс Засгийн газрын шийдвэр дайснаа онож чадсангүй. Эсрэгээрээ цар тахлыг гамшиг болгоод, иргэдээ эдийн засаг, эрүүл мэндийн хувьд хүнд байдалд оруулчихлаа.
Өмнө нь ажлаа хийж чадахгүй сайдтай УИХ хариуцлага тооцдог байсан. Гэтэл Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр ийм боломжгүй болсон. Ерөнхий сайд ухамсраараа ажлаа хийж чадахгүй байгаа сайд нартаа хариуцлага тооцох хэрэгтэй. Үгүй бол Ерөнхий сайд тэдэнтэйгээ хамтдаа зайлах ёстой. Тиймээс одоогийн Засгийн газар огцрохыг шаардаж байгаа юм.
-АН хоёр хуваагдчихлаа. Гэхдээ жирийн гишүүдийн олонх нь эвлэрэх нь зүйтэй гэж үзэж байна. АН-ын толгой дээр байгаа томчуудад эвлэрэх орон зай үлдсэн үү?
-Би хуульч хүн учраас хуулийн дагуу асуудлыг хардаг, ярьдаг. Аливаа зүйл дүрмээр явах ёстой. АН-ын дүрмийн дагуу хуучин намын даргыг дараагийн даргаар солих процесс нь хуулийн дагуу хийгдсэн. Түүнээс биш АН үүрэг гүйцэтгэгчийг солиод шинэ үүрэг гүйцэтгэгчийг тавих тухай яриагүй. Энэ аль ч улсын хууль дүрэмд байхгүй. С.Эрдэнэ даргыг М.Тулгатаар солиод Монгол Улсын дээд шүүхэд хүргүүлсэн. Улсын дээд шүүх хууль зөрчсөн шийдвэр гаргасан. Тухайлбал “та нар хоорондоо эвлэр, дотроо асуудлаа шийд” гэсэн шийдвэр гаргасан л даа.
Бид эвлэрнэ үү байна уу, тусдаа бие даасан хоёр нам болно уу энэ нь намын дотоод асуудал. УДШ намын дотоод асуудалтай холбоотой асуудлаар “танай нам дотроо маргаантай байна” гэх шийдвэрийг гаргаж болохгүй. Зөвхөн ирүүлсэн бичиг нь хуулийн дагуу байгаа юу гэдгийг шийдэх ёстой. Харамсалтай нь, УДШ-рүү бид дөрвөн удаа хүсэлт өгөхөд илтгэгч шүүгч нь нийт шүүгчдийн хуралдаанд оруулахгүйгээр буцаагаад байна. Бидний тавьсан журмаар бол хэлэлцэж байж асуудлыг шийдэх ёстой. Хэлэлцэхгүйгээр шийдээд байгаад нь эгдүүцээд байгаа юм. Тиймээс тэр шүүгчийг сахилгын хороонд өгсөн.
-Ерөнхийлөгч асан Х.Баттулга суудлаасаа буухаас өмнө 13 хүнд уучлал үзүүлсэн. Тэдний дунд Д.Дамба-Очир, Б.Галсанхүх, Б.Хурц нар багтсан. Гэтэл Б.Хурц өөрөө хэрэг хийгээгүй, уучлал гуйхгүй гэсэн байсан. Хүн уучлал гуйхгүй гээд байхад хүчээр уучлал үзүүлж болох уу?
-С.Зориг агсны амь насыг хохироосон нэр бүхий этгээдүүдийг шүүхээс сулласан үйлдлийг цагаатгасан мэт ойлголт өгөөд байгаа юм. Хэргийг дахин, сайн мөрд гэж шүүх шийдвэрлэсэн. Би АН-ын хууль эрх зүй хариуцсан даргын хувьд ардчиллын анхдагчийн амь насыг бүрэлгэсэн асуудалд манай нам онцгой анхаарах ёстой гэж боддог. Хэрэв гэмт хэрэг хийгээгүй хүнийг хэлмэгдүүлсэн байвал түүнтэй хатуу тэмцэх хэрэгтэй. Мөн гэмт хэрэг хийсэн хүнийг олох хүртэл АН явах ёстой.
Аливаа гэмт хэргийг нотлох баримтаар илрүүлдэг. Гурван шатны шүүхээс нотлох баримтыг хүчингүй болгоогүй. Харин ч бүр нотлох баримтыг хууль ёсны гэдгийг тогтоосон. Энэ хэрэгт холбогдуулж Тагнуулын ерөнхий газрын н.Бархасбадь гэдэг хүнийг цагаатгасан. Мөн гүйцэтгэх ажилд оролцсон нэр бүхий хүнийг цагаатгасан байгаа. Тэгэхээр эндээс юу гэж ойлгож байна вэ гэхээр нотлох баримт бол хууль ёсны бөгөөд хүчин төгөлдөр юм байна гэж харсан. Хоёрдугаарт, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг суллахдаа цагаатгаагүй. Бидний ойлгосноор дээрх хэргийг шүүх рүү буцаан оруулж нотлох баримтад үндэслэн яллах юм байна гэж ойлгож байгаа.
ЖДҮ-гийн асуудлаар ял авсан Д.Дамба-Очирын талаар асууж байна. Угтаа бол 49 хүн шоронд орох ёстой шүү дээ. Хөөрхий муугаараа Г.Солтан, янз бүрийн ар өврийн дэмжлэг байхгүйгээр Д.Дамба-Очир, эмэгтэйгээрээ Б.Ундармаа нарыг шоронд хорьсон дүр үзүүлээд гаргалаа.
Жинхэнэ шоронд орох ёстой хүмүүс УИХ-д сууж байгаа. Одоо Өршөөлийн хуулиар тэр асуудлаа нэг мөсөн цэгцлэх гэж байна. Өөрсдийнхөө хулгайг өршөөлд хамруулах гэж байна. Хэрвээ ингэх юм бол бүгд хулгай хийнэ гэсэн үг. Өршөөлийн хуулиар авлига албан тушаалын хэргийг өршөөгөөд байх юм бол бүгд хулгай хийгээд өршөөгдөөд байцгаая л даа.
-Өршөөлийн тухай хуулийг УИХ наадмаас өмнө хэлэлцэн батлах гэж байна. Энэ хуулийг хүлээж байгаа хүн ч олон байна. Шүүмжилж байгаа нь ч олон байна?
-Нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Жинхэнэ аймшиг чинь Хятадын тагнуул, эх орноосоо урвасан этгээдүүдийг өршөөх гээд байгаад байна. Тэд авилгачдаасаа илүү аймшигтай. Би яагаад ингэж болгоомжилж байгаа вэ гэвэл ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Ганхсүх “Т.Гэрэл дарга бид хоёр олон тагнуулыг барьсан” гэж хэлсэн. Олон тагнуулыг хэзээ яаж барьсныг бид мэдэхгүй. Ямар ч байсан МАН-ынхан Өршөөлийн хуулиар гадаадын тагнуулчдыг өршөөж магадгүй байгаа.
Мөн Өршөөлийн хууль гаргахдаа зарим төрлийн хэргээс тэр дундаа хүн амины хэрэг, залилангийн хэрэг дээр тэгш бус байдал үүсгэх вий гэж болгоомжилж байна. Яагаад гэвэл хүн алсан алуурчинг сая Х.Баттулга уучилчихлаа. Бусад алуурчдыг тэгвэл уучлах уу, яах уу гэсэн асуудал ч яригдах болно.
-Өнөөдөр цар тахлаар хүүхдүүд өвдөж байхад УИХ-ын гишүүд морь мал яриад суух нь утгагүй гэж та шүүмжилсэн байсан. Таны хувьд цахим наадам хийх Засгийн газрын шийдвэрийг дэмжихгүй байгаа юм аа даа?
-Би УИХ-ын гишүүн байсан учраас одоогийн УИХ-ын гишүүдийг надаас илүү сайн ажиллаасай гэж хүсээд байгаа юм. Над шиг ажиллавал дараа нь сонгогддоггүй байхгүй юу. Тэгсэн чинь зарим нөхөд надаас дор ажлаад санаа зовоогоод байна.
Жишээ нь, байшин дээрээс төмөр унаад бяцхан хүүхдийн аминд хүрсэн асуудал гарсан. Би төрийн ордонд каск өмсч орж ирээд “Та нар хүүхдүүд чинь барилгын төмөр чулуу модонд дарагдаж үхээд байна” гээд хуульд өөрчлөлт оруулж байсан. Дараа нь Төрийн ордны хажуу талд төрийн албан хаагчийн эмнэлгийг шорон болгох гэж байхад нь эмч нартай хамт жагсч байсан. Тухайн үеийн Хууль зүйн сайд намайг эрүүгийн гэмт хэрэгтэн болгох гэж байсан. Гэхдээ би айхгүй тэмцэж байсан. Эмнэлэгт мянга, мянгаараа хүмүүс хэвтэж, нас баралт нэмэгдэж, сургууль цэцэрлэг хичээлэхгүй, хүүхдэд зориулсан вакцин байхгүй байхад гишүүд өөрсдийгөө баясгах ажлыг яриад байна. Морины шүдийг үзье гэж яриад суугаа бол УИХ-ын гишүүн биш уяач болохгүй яасан юм.
Энэ нөхдийн гаргаж буй шийдвэр нь дараагийн төрийн залгамж болоод явдаг. Харамсалтай нь, УИХ-ын гишүүдийн дэндүү хариуцлагагүй байна. Нүдэн дээр наадмын комисс өвдчихөөд байхад наадам хийх гээд байгаа юм уу хаашаа юм. УОК-ын гишүүдийн тал нь өвдчихөөд байхад яаж цар тахалтай тэмцэх юм бэ.
-МАХН татан буугдаж, МАН-тай нэгдчихлээ. Хуучин МАХН-ны гишүүн байсны хувьд үүнийг юу гэж дүгнэж байна. Та улстөрчид эрх хүүхдэдээ намын 30 хувийг хувалдаж авч өгдөг боллоо гэж эгдүүцлээ илэрхийлсэн байсан?
-Би ард түмэнтэйгээ байх юм байна гээд МАХН-д элссэн. Дараа нь Н.Энхбаяр албан тушаалтнуудыг ашиглаж сайнаар яривал намын санхүүжилт, муугаар яривал төрийн мөнгөөр намаа санхүүжүүлэхийн тулд авлига албан тушаалын хэрэгт бусдыг түлхэн оролцуулж байсан. Энэнээс болоод бид хоёрын дунд хагарал үүссэн. Энэ намыг шинэчлэхийг оролдсон, чадаагүй. Дараа нь би намаа орхисон. 60 тэрбумыг эсэргүүцэж байсан хүн 30 хувиар тохироо хийгээд төрийн бүх шатны албан тушаалыг авахаар тохирлоо. Гэрээ хийж байгаа нам нь ч шившигтэй. Тэд 60 тэрбумаар төрийн албыг зардаг гэдэг шиг нам худалдаж аваад төрийн албыг өгөх гэж байна. Энэ бол шууд утгаараа шившиг.
-Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг улстөрд эргэн ирэх байх гэж хүмүүс таамаглаж байгаа. Хэрвээ АН-д эргэж ирвэл та Х.Баттулгыг дэмжих үү?
-Би Х.Баттулга Ерөнхийлөгчийг олон нийтийн өмнө хэвлэлийн хурал хийгээд Монголын ардчилсан холбоо, АН-аас албан ёсоор уучлал гуйгаасай гэж хувь хүнийхээ хувьд хүсч байгаа юм. АН Х.Баттулгад өргүй. Харин Х.Баттулга АН-д өртэй.
Сөрөг хүчин ялах алтан боломж гэж байдаг. Тэр алтан боломжийг Х.Баттулга үгүй хийсэн. Тэр хүн АН-ын гол лидерүүд, өөртэй нь өрсөлдөж болох хүмүүсийн заримыг нь шившгийн хөндийгөөр, заримыг нь шударга бусын хонгилоор чирсэн. Гэх мэтээр АН-ыг хүчгүй болгоход ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. Үүнийгээ эр хүн шиг хүлээн зөвшөөрөөд С.Эрдэнэтэй ирж уулзаад эвлэрсэн нь дээр. Салах нэг цаг байхад, нийлэх нэг өдөр байна.
-Эрх баригчдын юунд бухимдаад байгаа юм?
-Тэдэнд ямар ч сөрөг хүчин, хяналт байхгүй болсон. Дуртай үедээ мөрдөн мөшгөж, гадуурхаж, хавчиж байна. Ж.Сүхбаатар анх гишүүн болохдоо овоо чанга байсан. Ц.Нямдоржид нэг зангиадуулснаас болж дуу нь гарахаа байсан. Б.Энхбаяр Ц.Нямдоржтой овоо үзэж байсан чинь Н.Багабанди гуайд загнуулсан уу, тэр хүнийг шүүмжлэхээ больсон. МАН-ыг би сайн мэднэ. Тийм болохоор эдний намаас эрх чөлөө шударга ёс зөв юмыг олж авахад хэцүү.
Би 49 ЖДҮ-чинг шүүмжлэлснээс болж нар үзээгүй хүн шүү дээ. Тэднийг шоронд хийх ёстой гэж хэлснээс болж баларсан. Дараа нь таван хүн алсан алуурчин намыг өмөөрч болохгүй гэж хэлснээс болоод тагнуул цагдаагийнхан намайг тайван суулгаагүй. Надад зориулсан тусгай үйлчилгээ үзүүлдэг. Тэд тагнана, мөрдөнө, сүрдүүлнэ, дарамталж айлгах гэж үзнэ.
Би 2009 онд үхээд боссон хүн учраас надад үхэл сонин биш. Тиймээс би МАН-ынхнаас айдаггүй. Хувь тавилан та нарыг уучлахгүй.
Өргөдлийн байнгын хороо буюу ард иргэдийн гомдлыг хэлэлцдэг байнгын хороог МАН өөрчлөөд Ёс зүй сахилгын байнгын хороо байгуулсан. Гэтэл тэд ёс зүйтэй байна уу Тиймээс сахилга, хариуцлагагүйчүүдийн байнгын хороо болгон өөрчлөх ёстой. Энэ байнгын хороогоо албан ёсоор татан буулгамаар юм.
-Ярилцсанд баярлалаа.
Холбоотой мэдээ