Номхон далайн баруун хойд хэсгийн нутгаар агаарын температур хэт халж байна. Хэт халснаас Канадад олон хүн нас баржээ. Канадын цагдаагийн газраас мэдээлснээр Даваа гаригаас хойш өндөр настай хүмүүс голдуу 60 гаруй хүн нас барсан дуудлага хүлээн авсан аж.
Бритиш Коламбиа мужид өнгөрсөн Ням гаригт агаарын температур Цельсийн 46.6 градус хүрч халсан бол Даваа гаригт Цельсийн 47.9 градус хүрчээ. Канадад агаарын температур өмнө нь хэзээ ч Цельсийн 45 градусаас дээш гарч байгаагүй аж.
Канадын цагдаагийн газраас иргэдийг гэр бүлийнхэн, найз нөхөд, хөршүүддээ анхаарал тавьж, шалгаж байхыг захисан байна. Бюрнаби хотод цагдаагийн газар 25 гэнэтийн нас баралтын дуудлага ирсний олонх нь өндөр настан байжээ. Түүнчлэн түргэн тусламжийн газарт халуунд цохиулсан гэх 32 дуудлага, наршсан гэх 107 дуудлага хүлээн авсан аж.
Үүний зэрэгцээ АНУ-ын Портлэнд, Сиаттл зэрэг хотуудад сүүлийн хоногуудад 1940-өөд оноос хойш хамгийн халуун өдрүүд болж байна. Тухайлбал, Портлэнд хотод Цельсийн 46.1 градус, Сиаттл хотод Цельсийн 42.2 градус хүрч халж байгааг цаг уурын агентлагаас мэдээлжээ.
Мэргэжилтнүүдийн мэдээлснээр уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор хэт халуун цаг агаарын үзэгдлийн давтамж улам нэмэгдэх гэнэ.
Эх сурвалж: ВВС
Холбоотой мэдээ