Хүүхдийн аминаас үнэтэй хурдан морины УРАЛДААН

Хуучирсан мэдээ: 2021.06.30-нд нийтлэгдсэн

Хүүхдийн аминаас үнэтэй хурдан морины УРАЛДААН

Хүүхдийн аминаас үнэтэй хурдан морины УРАЛДААН

Улсын их баяр наадам, Ардын хувьсгалын 100 жил гээд улсын нийслэл нь борооны усанд живж, эрүүл мэндийн салбар нь элгээрээ хэвтэж, иргэд нь гэртээ үхэж байгааг тоож байгаа хүн алга. Ноёд түшмэд гагцхүү допингтой бөхөө, 100, 200 саяын хурдан хүлэгээ Улсын баяр наадамд сойх талаар бодож сууна. Ядаж л хурдан морь унах унаач хүүхдүүдийн эрүүл мэнд, учирч болзошгүй аюулыг анхааралдаа авмаар юм.

Хүй долоо худагт 1024 бөх барилдана гэхээс илүүтэйгээр 1000 гаруй вакцин хийлгээгүй унаач хүүхдүүд тэнд бөөгнөрнө гэдэг аюултай. Халдварын голомт болохыг ч үгүйсгэхгүй. Гэвч энэ асуудал саарал ордны гадна үлдээд байна. Эрүүл мэндийн яамнаас халдвар авах, тараах хамгийн эрсдэлтэй бүлгийг хүүхэд, хөгшчүүд, жирэмсэн эхчүүд гээд зарлаад байдаг. Харамсалтай нь, найр наадамд нүдээ сохлуулсан дээдчүүд цар тахлыг мартжээ.

Монголын үндэсний спортын холбоод энэ сарын эхээр хэвлэлийн бага хурал хийж, наадмаа хойшлуулж, халдварын тархалт дарагдах үед өргөн дэлгэр тэмдэглэе гэсэн саналыг дэвшүүсэн. Энэ үеэр Монголын морин спорт, уяачдын холбооны албаны хүмүүс унаач хүүхдүүдийн талаар ярихдаа “Хүүхдүүдийн асуудлыг Засгийн газар, УОК хариуцна. Тал нутагтаа морио уяад явж байгаа хүн, морио унаад явж байгаа хүүхдүүд өглөө бүр цэнгэг агаарт вакцин хийлгэж байна. Тэд хүчилтөрөгчийн давхар ислийг үнэртээд явж байгаа” гэв.

Харин Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооны ажлын хэсгийн дарга И.Баатархүү өнгөрсөн долоо хоногт хийсэн хэвлэлийн бага хурлынхаа үеэр “Унаач хүүхдүүдийн асуудлыг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, морины салбар хорооны албаны хүмүүстэй ярилцаж, аль болох аюулгүй байдал, халдвар хамгааллын дэглэмийг нь баримталж ажиллана” хэмээн ярьсан.

Дээрх мэдээлэлтэй холбогдуулан Нийслэлийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн Б.Батсайханаас энэ жил унаач хүүхдүүдийг хэрхэн хамгаалж, ямар халдвар хамгааллын дэглэм мөрдөж байгаа талаар тодрууллаа.

Тэрбээр ярихдаа “Манай байгууллага хурдан морь унаач хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах, унаж бэртэхээс урьдчилан сэргийлэх, тэдний эрх ашгийг хамгаалах чиглэлээр ажилладаг. Мөн унаач хүүхдүүдийн бүртгэлийг хариуцдаг. Хэн гэдэг хүүхэд, хэн гэдэг уяачийн, ямар морийг унаж уралдах вэ гэдэг дээр хяналт тавьдаг. Мэдээж стандартын хувцас хэрэглэлээр хангагдсан эсэхийг нь шалгадаг. Унаач хүүхдийг бүртгэхэд эрүүл мэндийн хуудас, эцэг эх нь уяачтай байгуулсан гурвалсан гэрээ, морь унахыг нь зөвшөөрсөн зөвшөөрлийн хуудас, даатгал зэрэг нь шаардлагатай" гэв.

 Уралдахаас бусад үед унаач хүүхдүүдийг амны хаалт зүүхийг шаардана.

Харин түүнээс унаач хүүхдүүд халдвар авбал хэн хариуцах, уралдахаас нь өмнө шинжилгээнд хамруулах уу? гэж асуухад “Халдвар хамгаалалтай холбоотой нэгдсэн чиглэл, зөвлөмж ирээгүй байна. Баяр наадмын комиссоос нарийн мэдээлэл ирэх байх. Одоохондоо бид урьдчилан сэргийлэх ажлыг хийж байна. Covid-19-ийн үед хэрхэн хариу арга хэмжээ авах вэ гэсэн түр журам бий. Түүгээр л зохицуулах байх” хэмээн хариуллаа.

Долоогоос дээш насны хүүхдүүд хурдан морь унана. Өнгөрсөн жил улсын баяр наадамд 1000 орчим хүүхдүүд бүртгүүлж, есөн насны морьд уралдахад нийт есөн хүүхэд мориноосоо унасан хэрэг гарч байжээ.

Мөн саяхан УИХ-ын нэр бүхий гишүүд хурдан морийг ялгах тал дээр анхаарч, ажлын хэсэгт нь гар бие оролцъё гэв.

УИХ-ын гишүүн Н.Ганибал Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуунд хандан "Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2015 оны 5 дугаар тогтоолоор “Монгол морьдоос эрлийз морьдыг тусад нь уралдуулах журам”-ыг баталсан боловч тус журмын хэрэгжилт жилийн жилд хангалтгүй байсаар ирсэн билээ. Иймд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 2.11-д заасны дагуу Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дэргэд “Хурдан морины үүлдэр угсааг тогтоох, шүдлэх ажиллагаанд хяналт тавих ажлын хэсэг” байгуулан, тус ажлын хэсгийн ахлагчаар миний бие ажиллах саналтай байгаагаа үүгээр илэрхийлж байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Ширнэнбаньдын Адьшаа, Цэвэгдоржийн Туваан нарыг оруулах саналтай байгааг харгалзан үзэж холбогдох хуулийн хүрээнд шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.

Ноёд, түшмэд морио л хэрхэн ялгаж, уралдах вэ гэж санаа зовж байгаагаас бусдаар унаач хүүхдүүдийн талаар дорвитой шийдвэр, шийдэл байхгүй байгааг дээрх хүмүүсийн ярианаас л харж болно. Хурдан морь унаач хүүхдүүд халдвар авбал хариуцлага хүлээх эзэн нь тодорхойгүй хэвээр. Морьд нь л монгол, эрлийзээрээ ялгараад уралдаж байвал унаач хүүхдүүд халдвар авах эсэх нь хэнд ч хамаагүй аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
6
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж