Preview: Англичуудын өмнө Герман машинууд!

Хуучирсан мэдээ: 2021.06.29-нд нийтлэгдсэн

Preview: Англичуудын өмнө Герман машинууд!

Preview: Англичуудын өмнө Герман машинууд!

Английн шигшээ баг том тэмцээнд Германы шигшээ багийг 1966 оны дэлхийн аваргын финалаас хойш анх удаа хожихын төлөө тоглох гэж байна. Тэмцээний хүчтэй багууд ийнхүү шөвгийн 16-д таарч, аль нэг баг нь тэмцээнийг орхино гэдэг тун харамсалтай. 

Тоглолт өнөөдөр (2021.06.29) шөнө 00.00 цагаас Английн Лондон хотын Вэмбли цэнгэлдэх хүрээлэнд явагдана. Англичууд ийм хэмжээний чухал тоглолтыг талбайдаа хүлээн авч буй нь тэдний хувьд том давуу тал болж байна. Тоглолт тал хувийн дүүргэлттэй буюу 40000 үзэгчийг хүлээж авахаар болжээ. 

Португал, Франц, Нидерланд зэрэг хөлбөмбөгийн томоохон гүрнүүд тэмцээнээс хасагдсан нь Англи болон Германы багуудад том дохио болж байгаа нь тодорхой. Хоёр багийн хувьд аль аль нь 26 тоглогчийн нөөц сайтай, гарааны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулсан ч ялгаа төдийлөн гарахааргүй тийм хүчтэй багууд. 

Английн зүгээс ахлагч Харрин Кэйн тааруу тоглолт үзүүлж, хэвлэлээр шүүмжлүүлж байгаа. Тиймээс Герман шиг хүчтэй багийн эсрэг Харри Кэйний сайн тоглолт англичуудад ус, агаар мэт хэрэгтэй. 

Германы талаас Рүдигэр, Гюндоган нар тоглолтод оролцох боломжтой гэсэн мэдээлэл гараад байна. Рүдигэр ханиад хүрсэний улмаас өчигдрийн бэлтгэлийг өнжсөн бол Илкай Гюндоган толгойдоо гэмтэл авсан тул мөн л бэлтгэлээ өнжсөн. Өмнөх тоглолтыг өнжсөн Томас Мюллэр бэртэл нь бүрэн эдгэрсэн тул Лерой Санэгийн оронд эргэн гараандаа гарна. 

Онцлог тоглогчид

Хэсгийн шатанд хоёр багийн довтолгоонд Англи талаас Рахээм Стэрлинг, Герман талаас Кай Хавэртц нар мундаг ажилласан. Англи төдийлөн их гоол хийж чадаагүй бөгөөд орсон чухал гоолууд Стэрлингийн хөлөөр орсон юм. Харин Кай Хавэртц Германы зүгээс торгуулийн талбайд маш идэвхтэй тоглолт үзүүлж байна. Үүний ачаар хэд хэдэн гоолууд орсон бөгөөд Кай Хавэртц довтлогчийн үүргийг гүйцэтгэж байна гэхэд хилсдэхгүй.

Томас Мюллэр хамгийн урд тоглож байгаа ч торгуулийн талбай дахь гүйцэтгэлээр Кай Хавэртц түлхүүр тоглогч байх төлөвтэй байна. Хэрвээ Герман, Английн тоглолт гоол арвинтай болвол энэ хоёр тоглогчийн аль нэгийнх нь нэр гоолын самбар дээр бүртгэгдэх нь гарцаагүй биз ээ.

Чих тавих тоглогч

Дээр дурдсанчлан Харри Кэйний тоглолт хэр байхаас хамаарч энэ тоглолтын үр дүн шийдэгдэх магадлалтай. Английн премьер лигт олон улирал дараалж 20+ гоол оруулаад буй Харри Кэйн өндөр чанартай тоглолт үзүүлвэл, гоолын чухал нөхцөл байдлыг үүсгэх, гоолоо оруулж чадвал англичууд Германаас илүү гарахад хялбар болж ирнэ. Заримдаа чухал мөчүүдэд харагдахаа больчихдог Харри Кэйн энэ Еврод яг л тийм тоглолт үзүүлж буй. Германы хамгаалалтыг англичууд багаараа нэвтлэж чадахгүй нөхцөлд Харри Кэйнийн шийдвэр гаргалтууд, лидерийн үүрэг, магадгүй зоригтой алсын цохилтууд тоглолтын хэмнэлийг өөрчилж болно. 

Ялангуяа хэсгийн гурван тоглолтод нэг ч гоол хийгээгүй, олигтой тоглолт үзүүлээгүй, шүүмжлэлд өртсөний дараа ийнхүү чухал тоглолтод гол баатар байх нь англичуудад сэтгэлзүйн хувьд хүчтэй сэргэлт өгнө. Цаашлаад хожил байгуулж чадвал дараа дараагийн тоглолтууд ч урам зориг өгөх юм. 

Тоглолттой холбоотой статистик

  • Энэхүү тоглолт хоёр багийн Еврод таарч буй гурав дахь учраа тоглолт. 1996 оны хагас шигшээд 1-1-ээр тэнцэж, торгуулийн цохилтоор Герман 6-5-аар хожсон. Үүний дараа 2000 онд хэсгийн шатанд таарч мөн л Герман 1:0-ээр ялсан.
  • Хоёр баг 13 дахь удаагаа учраа таарч байна. Эхний 5 учраа тоглолтын 4-д англичууд ялалт байгуулсан бол сүүлийн 7 учраа тоглолтод нэг ч ялалт байгуулаагүй. 2 тэнцэж, Герман 5 хожсон.
  • Том тэмцээний учраа тоглолтын тухайд сүүлийн 7 тоглолтод 3 тэнцэж, бие биенээ тус бүр хоёр хожсон байна. 3 тэнцсэн тоглолтын 2-т нь Герман торгуулийн цохилтоор ялалт авсан.

Англи:

  • Англичууд Вэмблид 300 дахь удаагаа тоглох гэж байна. Уг тоонд 187 удаа ялалт байгуулж, 73 тэнцэж, 39 хожигджээ. Дэлхийн аварга болон Европын аваргад талбайдаа нийт 14 удаа тоглохдоо нэг ч хожигдоогүй буюу 9 хожиж, 5 тэнцсэн байна.
  • Тэд Еврогийн түүхэнд хасагдах шатанд үндсэн цагт буюу 90 минутад нэг ч хожил байгуулж үзээгүй. Хожсон цөөн тохиолдлууд нь дандаа нэмэлт цагт, эсвэл торгуулийн цохилт байсан.
  • Сүүлийн 4 ялалт байгуулсан тоглолтдоо тэд бүгдэд нь 1-0 гэсэн үр дүнгээр ялалт байгуулсан.
  • Рахэм Стэрлинг Английн төлөөх сүүлийн 19 тоглолтдоо 14 гоол оруулаад байна. Харин эхний 45 тоглолтдоо тэр ердөө 2 л гоол оруулж байсан.

Герман:

  • Герман сүүлийн 3 Европын аваргад дараалан хагас шигшээд үлдсэн. 
  • Иохим Лөвийн залуучууд том тэмцээнд хийсэн сүүлийн 8 тоглолтдоо бүгдэд нь гоол алдсан. Хамгийн сүүлд 2016 оны Еврод Словакийг 3:0-ээр хожсоноос хойш дандаа гоол алджээ. Ингэснээр тэд 1954 оноос хойших хамгийн урт, байнга гоол алдсан тоглолтын цувралаа үргэлжлүүлж байна. 

Newmeta - Э.Ганбаатар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж