Хасагдах шатны ээлжит учраа Шведийн шигшээ, Украины шигшээ багуудын тоглолт өнөөдөр (2021.06.29) шөнө 03:00 цагаас Хампден Парк цэнгэлдэх хүрээлэнд явагдах гэж байна. Цэнхэр ба шарууд хочтой хоёр баг өөр хоорондоо тулж, хэн нь илүү гэдгээ үзэх тулаан.
Украины шигшээ багийн түүх даруухан. Тэдний Европын аваргад үзүүлээд буй хамгийн шилдэг амжилт шөвгийн 16. Тэд энэ удаа Шведийн шигшээг буулган авч чадвал шигшээ багийнхаа түүхэн амжилтыг бүтээх билээ. Аль хожсон багийг нь шөвгийн наймд Европын гигантууд болох Герман, Английн шигшээ багуудын ялагч хүлээж байх болно.
2020 оны Европын аварга шалгаруулах тэмцээн эхлэхийн өмнө Шведийн шигшээ багийг цахиур хагалах багуудын нэг гэж үзэж байсан. Үүнийгээ ч батлан тэд Испанийн шигшээ багийн урд гишгэж, хэсгээ тэргүүлж, хасагдах шат руу орсон билээ. Тэдний хувьд энэ удаагийн тэмцээнд бүх цаг үеийн мэргэн бууч Златан Ибрахимовичгүй оролцож байгаагаараа онцлогтой. Түүний орон зай буюу лидерийн үүргийг Эмиль Форсберг онц сайн нөхөж чадаж байгаа бөгөөд хэсгийн гурван тоглолтдоо гурван гоол оруулжээ.
Украины шигшээ баг "C" хэсгийн гуравдугаар байраар хасагдах шатанд шалгарсан. Хэсгийн хамгийн чанартай тоглолт нь тэд Нидерландын шигшээ багийн хаалганд 2 гоол оруулсан тоглолт байв. Форм сайтай байгаа Шведийн шигшээ хожих уу, эсвэл түүх бүтээхээр яваа Украины шигшээ хожих уу гэдэг сонирхолтой байна. Хэсгийн тоглолтууддаа маш их хүч шавхсан Шведийн шигшээ баг хангалттай амарсан гэж үзэж байгаа. Тэд гарааны бүрэлдэхүүндээ төдийлөн өөрчлөлт хийхгүйгээ мэдэгдсэн. Тэдний хувьд ямар нэгэн гэмтэлтэй тоглогчийн мэдээлэл байхгүй байгаа нь сайн мэдээ. Өнөөдрийн тоглолтын бүх давуу тал шведүүдийн талд бий.
Эсрэгээрээ Украины шигшээ багт гэмтэлтэй хэд хэдэн тоглогч бий. Тэдний довтолгооны шугамын гол тоглогчид болох Виктор Циганков, Олександр Зубков нар шөрмөсний гэмтэлтэй байгаа нь санаа зовоож буй асуудал болоод байгаа юм. Гэхдээ сүүлд гарсан мэдээгээр Циганков тоглох боломжтой гэсэн албаны мэдээ гарсан. Тийм болохоор түүнийг гараандаа гарна гэж таамаглаж байна.
Онцлох тоглогч
Шведийн хувьд хэсэгтээ нэг ч хожигдоогүй гэх сайн амжилттай хасагдах шатанд тоглох гэж байна. Хэсгийн тоглолтод Шведийн шигшээ нийт дөрвөн гоол хийсний гурвыг нь Форсберг шигтгэсэн бөгөөд мэргэн буучдын тэргүүлэгчдийн эгнээнд жагсаж байгаа юм. Өмнөх улиралд Германы бундеслигт долоон гоол оруулсан. Өнөө шөнө гоол оруулах хамгийн өндөр магадлалтай тоглогчдын нэгээр тооцогдоод байна.
Нөгөө талд хэсгийн тоглолтдоо хоёр гоол хийгээд буй Андри Ярмоленког онцолж байна. Тэрбээр багийнхаа довтолгооны номер нэг сонголт болж, хэсгээс гарахад хамгийн том тус нэмэр үзүүлсэн тоглогч юм. Өмнөх улиралд Вэстхэм багийн өмнөөс 3 гоол оруулсан тэрбээр өнөө шөнө хэрхэн тоглохоос хамаарч Украины багийн ирээдүй шалтгаалах юм.
Чих тавих тоглогч
Андри Ярмоленкотой хамгийн төгс зохицож буй тоглогч бол маргаангүй Роман Яремчук. Тэдний хувьд Украины ихэр цамхаг гэж нэрлэгдээд байгаа бөгөөд хэсгийн тоглолтод нийт дөрвөн гоол ороход хоёрыг нь Ярмоленко, үлдсэн хоёрыг Яремчук оруулсан юм. Довтолгоон дээр маш идэвхтэй байгаа тэрбээр өөрийгөө энэхүү Европын аваргаар маш сайн баталж харуулаад байгаа. Хэдий магадлалын хувьд Швед хожих илүү боломжтой ч бид хасагдах шатнаас аль ч баг хожих боломжтойг сайн харж авлаа. Өнөө шөнө тэрбээр багтаа хэрхэн тус нэмэр үзүүлнэ төдийчинээ Украины шигшээ цааш тоглох эрхээ авах магадлал өсөх юм.
Тоглолтын статистик:
- Хоёр баг өмнө нь түүхэндээ дөрвөн удаа учраа таарч тоглож байжээ. Энэ нь тэдний тав дахь учраа тоглолт.
- Шведийн шигшээ баг түүхэндээ Европын аваргад гурав дахь удаагаа хасагдах шатанд шалгараад байна.
- Украины шигшээ баг Европын аваргын хүрээнд сүүлийн найман тоглолтынхоо долоод нь хожигдоод байгаа аж.
- Эмиль Форсберг бүх тэмцээний хүрээнд сүүлийн дөрвөн тоглолтдоо 4 гоол оруулаад байна.
- Андре Яармоленко, Роман Яаремчук нар нийлээд 2020 оны ЕАШТ-ий хэсгийн шатны гурван тоглолтод дөрвөн гоол, хоёр гоолын дамжуулалт өгчээ.
Холбоотой мэдээ