Өдрийн тойм: 2 тоглолтод 14 гоол! Дэлхийн аваргууд хасагдлаа

Хуучирсан мэдээ: 2021.06.29-нд нийтлэгдсэн

ЕВРО-2020

Өдрийн тойм: 2 тоглолтод 14 гоол! Дэлхийн аваргууд хасагдлаа

Өдрийн тойм: 2 тоглолтод 14 гоол! Дэлхийн аваргууд хасагдлаа

Европын аварга шалгаруулах тэмцээний түүхэнд тэмдэглэгдэх сонирхолтой үдэш өчигдөр болж өнгөрлөө. 2018 дэлхийн аваргын финалд үлдэж байсан Хорват, Францын багууд нэг өдөр тэмцээнийг зэрэг өндөрлүүлж, Испани болон Швейцарийн багууд тэдний үнэ цэнээр шөвгийн наймд үлдэв. Нийт 14 гоол хоёрхон тоглолтод орсон үйл явдлын эцэст хоёр ч удаагийн эргэн ирэлт, нэмэлт цаг, тоглолтыг эргүүлсэн торгуулийн цохилт, итгэмээргүй авто гоол, анхны торгуулийн цохилтоор шийдэгдсэн тоглолт гээд тоочоод дуусашгүй олон драм болж өнгөрлөө. Ингээд хамтдаа чухам юу болов гэдгийг дүгнэж үзье. 

Испани 5:3 Хорват

Иван Перишич гэсэн довтолгооны чухал тамирчин нь Covid-19 туссан учраас тоглолтыг өнжсөн. Испани шиг хүчтэй багийн эсрэг ийнхүү том хүчээ алдаж оролцсон нь тэдний ялах магадлалыг багасгасан. Гэвч талбай дээр тоглолт дэндүү өрсөлдөөнтэй, эн тэнцүүхэн, цаашлаад Хорват зарим талаар илүү байв. Гэхдээ эцсийн дүндээ испаничууд нэмэлт цагт 5:3-аар ялалт байгууллаа. 

Тоглолтын эхний гоол итгэмээргүй байдлаар буюу талбайн төвөөс Педригийн хаалгач руу өгсөн дамжуулалт шууд гоол болсон. Хаалгач Унай Симон байж боломгүй алдаа гаргаж, бөмбөгөө тогтоож чадаагүйгээс бөмбөг шууд торонд орж, гоол нь Педригийн авто гоол хэмээн бүртгэгджээ. Үүнээс хойш испаничууд хичээл зүтгэл гаргасны эцэст 3 гоол дараалан оруулж, тоглолтыг өөрсдийн талд эргүүлэв. Гэвч тоглолтын сүүлийн арван минутад Модричийн зохион байгуулалт үр дүнгээ өгч, хорватууд олон аюултай довтолгоо хийж эхэлсэн. Үүний үр дүнд Оршич нэг гоол, нэг гоолын дамжуулалт өгч, тоглолтын тоог шүүгчийн мэдлийн цагт 3-3 болгож тэнцүүлсэн юм. Итгэмээргүй гэхэд дэндүү итгэмээргүй тоглолт ийнхүү тоглолтын эцэст эргэн ирэлтээр дууссан нь гайхалтай. Үүний үр дүнд мэдээж нэмэлт цагаар тоглох болсон билээ.

Нэмэлт цагт хорватууд сэргэлт авсан эрч хүчээрээ олон аюултай довтолгоо хийсэн ч гоол болгох тал дээр асуудалтай байв. Оршичийн гайхалтай тоглолт үргэлжилж, Крамарич Хорватын дөрөв дэх гоолыг оруулах боломжтой байсан ч хаалгач Унай Симон чухал мөчид төгс хаалт хийж багаа аварсаныг дурдах нь зүйтэй. Үүний дараа испаничуудын довтолгоо идэвхтэй болж, дараалан хоёр гоол хийснээр ялалт байгуулсан юм. 

Залуу хүч ба 6 сэлгээний давуу тал

COVID-19 цар тахалтай холбоотойгоор энэ Еврод 26 тоглогчийг шигшээд дуудах боломжтой болсон. Мөн нэг тоглолтод 3 биш, 5 сэлгээ хийх боломж бүрдсэн нь багуудын арга барилыг тэр чигт нь өөрчилсөн шийдвэр болсон билээ. Хэрвээ нэмэлт цаг гарвал +1 сэлгээний боломж үүссэнээр нийт зургаан тоглогчийг солих буюу гарааны хагасаас их тоглогчоо өөрчлөх боломжтой болж байна гэсэн үг. Үүний давуу талыг 26 тоглогчийн нөөц ихтэй багууд илүү ихээр эдэлж байгаа бөгөөд жигд бүрэлдэхүүнтэй Испани шиг баг давуу талыг нь өчигдөр утгаар нь харуулав. 

Тоглолт 120 минутын турш үргэлжлэхэд Испанийн залуу тамирчид гүйлтийн тэсвэрээр ялгарч, сэлгээгээр солигдож орж ирсэн тамирчид бүгд эрч хүчтэй, чадвар өндөртэй залуучууд байлаа. Үүний жишээ нь, Дани Олмо байсан бөгөөд нэмэлт цагт жигүүрээс довтолгоог гол зохион байгуулж, ашигтай үйлдлүүд хийж, бөмбөгийг хадгалсан хүн нь байв.

Хорват талаас Модрич тоглолтын турш мундаг лидер ямар байдгийг харуулсан. Хэцүү мөчүүдэд бөмбөгийг удирдаж, яриагаар олон зааварчилгаа өгч, багаа сэргээж, шийдвэр гаргалтуудыг хийж байлаа. Цаашлаад гоолын боломжууд ч Модричоос эхлэлтэй байв. Гэвч багийн гол түлхүүр тоглогч Модрич ахмад учраас гүйлт нь нэмэлт цагт хүрэлцээгүй. Тоглолтын үндсэн цагийн төгсгөлд бүх энергиэ шавхсан Модрич нэмэлт цагт хамгаалалтад буцахгүй, ашигтай гүйлт багатай, хурдтай довтолгооны дараа амьсгаагаа дарах гээд урд үлдчихдэг дүр зургууд гарч байв. Тийм ч учраас Златко Далич Модричийг нэмэлт цагийн хоёрдугаар хагаст сэлгээнд суулгахаас өөр аргагүй болсон. 

Франц 3:3 Швейцар

Нэг гоол алдаж эхлүүлсэн Франц торгуулийн цохилтыг эсрэг багтаа өгч, 2:0-ээр хожигдож эхлэх аюул ч тулгарсан. Энэ мөчид Уго Лорис торгуулийн цохилтыг хааснаар багтаа том сэргэлт өгсөн гэж хэлж болно. Үүнээс 4 минутын дараа Бэнзэма төгс гүйцэтгэлээр тоог тэнцүүлж, удалгүй Францын хоёр дараалсан гоол тоглолтын тоог 3:1 болгосон. Тоглолтын цаг 80 дахь минут зааж, 2018 оны дэлхийн аварга энэ тэмцээний гол фаворит францчууд 3:1-ээр Швейцарыг хожиж байгаа нөхцөлд Швейцарыг хожно гэж хэн ч таамаглаагүй биз ээ. 

Гэвч дүр зураг сүүлийн 10 минутад өөрөөр эргэж Харис Сэфэрович, Гавранович нарын гоолоор Швейцар тоог тэнцүүлж, дэлхийн аваргуудад том цохилт өгсөн юм. Улмаар тоглолт үндсэн болон нэмэлт цагт тэнцэж, торгуулийн цохилтоор хувь заяа шийдэгдсэн. Торгуулийн цохилт цохих үндсэн 10 тамирчнаас ес нь оруулж, эцсийн цохилтыг Мбаппэ хийсэн ч Швейцарын хаалгач Ян Зоммэр хаалт хийж, Францыг энэ тэмцээнээс мулталлаа.

Швейцар цаг шиг ажилласан Петковичийн хөвгүүд

2014 оноос Швейцарын шигшээгийн удирдлагыг авсан Владимар Петкович тэмцээн бүрт сайн оролцсоор ирсэн. Бүрэлдэхүүн 2014 оноос хойш дорвитой өөрчлөгдөөгүй бөгөөд бидний харж заншсан Жердан Шакири, Гранит Шака, Фабиан Шар, Аканжи, Рикардо Родригэз, Эмболо, Сэфэрович, Мехмеди, Гавранович зэрэг тоглогчид дахиад л багийн цөмийг бүрдүүлсэн. Жил болгон сайн байгаа гэж магтуулдаг ч том багуудыг буулгаж авч байсан тохиолдол байсангүй. Шөвгийн 16 тэдний хувьд давашгүй даваа мэт л байв.

Гэвч тактик, бүрэлдэхүүн, зохион байгуулалтаа тэр чигт нь хадгалж чадсанаар үр дүнг нь ийнхүү дэндүү төгс байдлаар хүртлээ. Одоогийн цагийн хамгийн шилдэг баг гэгдэж буй, 2018 оны дэлхийн аварга, өмнөх Еврогийн финалд үлдсэн, оддын цуглуулга болсон гол фаворитуудыг 3:1-ээс эргэн ирж хожих нь даанч амттай. Петковичийн хөвгүүд яг л Швейцар цаг шигээ зогсолгүй долоон жил ажиллалаа. Зарим нь түүнээс ч өмнө хамтдаа Швейцарын цөмийг бүрдүүлж байсан тоглогчид. Үр дүнг нь өнөөдөр амслаа.

Сэфэрович, Гавранович… Эцэст нь!

Швейцарын Францын эсрэг хийсэн хамгаалалт, шахалтууд магтмаар байсныг BBC, ITV зэрэг телевизүүдийн аналистууд шагшин магтаж байв. Гэхдээ энэхүү чанартай тоглолтууд өмнөх том тэмцээнүүдээр ч харагдаж байлаа. 2014 оны дэлхийн аваргад мөн чанартай байсан ч тухайн дэлхийн аваргад финалдсан Аргентинд шөвгийн 16-д тун ойрхон тоглолтоос хожигдож мултарсан. 2018 онд хэсэгтээ сайн тоглож, шөвгийн 16-д Шведэд 1:0-ээр мөн хожигдсон. Энэ мэтчлэн ойрхон үр дүнгээр, хожих ч боломжтой тоглолтод хожигдож байсан үед гүйцэтгэл дутдаг байв.

Агуулга сайн хэдий ч гоол хийж өгдөггүй талтай байлаа. Үүнд үндсэн довтлогчид болох Дрмич, Гавранович, Сэфэрович нар гол буруутнууд гэгдэж байсан бөгөөд гоол хийдэггүй нэрээр шүүмжлүүлдэг байсан. Цаашлаад довтлогчдын асуудал үргэлж сөхөгддөг байв. Харин эцэст нь Сэфэрович чухал тоглолтод хоёр гоол хийж, Гавранович сэлгээгээр Шакиригаар солигдож орж ирээд тэнцээний гоолыг цаг дуусах мөчид оруулав. Шүүмжлүүлсэний эцэст чухал мөчид үүргээ нэр төртэйгээр биелүүллээ. Франц баяртай!

Newmeta - Э.Ганбаатар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж