АНУ-ын тэргүүн хатагтай Жилл Байден нөхрөө төлөөлж Токио-2020 олимпийн наадмын нээлтийн ёслолын ажиллагаанд оролцох ажээ. Америк, Япон дахь эх сурвалжуудын мэдээлж буйгаар, Цагаан ордон болон Японы Засгийн газар хамтран энэ тал дээр бэлтгэл ажлаа хангаж буй юм байна. Жилл Байден олимпийн наадамд оролцохоос гадна Японы Ерөнхий сайд Ёшихидэ Сүгатай уулзах аж.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өөрийн биеэр долдугаар сарын 23-ны өдөр олимпийн нээлтийн үйл ажиллагаанд оролцохгүй.
Жилл Байден энэ сарын эхээр анхны дипломат айлчлалаа амжилттай хийж, Англи улсад зохион байгуулагдсан "Их 7"-гийн уулзалтад оролцсон юм. Тэрбээр нөхрийн хамт Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон болон бусад дэлхийн удирдагчидтай уулзсан.
2018 оны Пёнчаны өвлийн олимпийн наадмын нээлтийн үйл ажиллагаанд АНУ-ын Ерөнхийлөгч бус тухайн үеийн дэд ерөнхийлөгч Майк Пенс оролцож байв. Мөн 2016 оны Риогийн олимпод АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Барак Обамаг төлөөлж оролцсон аж.
Жилл Байденаас өмнө Мишель Обама 2012 оны Лондонгийн олимпод нөхрөө төлөөлж оролцож байжээ.
Япон дахь цар тахлын нөхцөл байдлын улмаас хичнээн улсын төрийн тэргүүнүүд Токио-2020 олимпийн наадмын нээлтийн үйл ажиллагаанд оролцох эсэх нь тодорхойгүй байна. Ямартай ч Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон 2024 оны олимпийн наадмыг зохион байгуулах улсын тэргүүн учир олимпийн наадмын нээлт, хаалтын үйл ажиллагаанд оролцох аж.
Холбоотой мэдээ