"Хуулийн төсөл батлагдсанаар хуулийг нэг мөр хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ"
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Монгол Улсын шүүхийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: УИХ-аас 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр шүүх эрх мэдлийн эрх зүйн орчныг боловсронгуй болгосон. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж, хуулийг гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаа билээ. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны зургадугаар сарын 15-ны өдрийн "Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хэрэгжилтийг хангах тухай” 13 дугаар тогтоолоор Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах арга хэмжээг авахыг Засгийн газарт даалгасан. Хуулийг хэрэгжүүлэхэд учирч буй дараах хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх үүднээс Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагах журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсрууллаа. Хуулийн төсөлд дараах өөрчлөлтийг тусгалаа.
Үүнд:
Covid-19 цар тахал, түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг зургадугаар сарын 30-ны өдрийг хүртэл сунгасантай холбогдуулан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагах журмын тухай хуулийн нэгдүгээр зүйлд заасан Нийт шүүгчийн чуулганыг зохион байгуулах хугацааг өөрчлөх, холбогдон гарах зардлыг хариуцах субъектыг тодорхой болгох өөрчлөлтийг тусгалаа.
Мөн хуулийн наймдугаар зүйлд заасан Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах зохицуулалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны гуравдугаар дүгнэлтээр Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн тул Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн эцсийн шийдвэр гарах хүртэл сонгон шалгаруулалтыг зохион байгуулах боломжгүй нөхцөл байдал үүсээд байгаатай холбогдуулан зохих өөрчлөлтийг тусгав.
Хуулийн төслийг боловсруулахтай холбогдуулан хуулийн зарим зохицуулалтад хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ, хуулийн төсөлд үр нөлөөний үнэлгээг Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу тус тус хийсэн ба хуулийн төсөл батлагдахтай холбогдуулан шинээр гарах зардал үүсэхгүй тул зардлын тооцоо хийх шаардлагагүй байсан болно.
Хуулийн төсөлд санал авахаар Засгийн газрын гишүүд, Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл зэрэг холбогдох байгууллагууд руу хүргүүлж, саналыг авсан. Хуулийн төсөл батлагдсанаар шүүх эрх мэдлийн шинэтгэлийг гүнзгийрүүлсэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд учирч байгаа хүндрэл бэрхшээл арилж, хуулийг нэг мөр хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ” хэмээн онцлов.
Кино урлагийг дэмжих тухай хуулийн төслийг байнгын хороонд шилжүүлэв
Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Улмаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх буюу 66.7 хувь нь дэмжлээ. Ийнхүү тус хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Боловсрол, соёл шинжлэх ухаан спортын байнгын хороонд шилжүүлэв.
Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөлд “УИХ-ын 2012 оны 52 дугаар тогтоолоор баталсан "Төрөөс соёлын талаар баримтлах бодлого”-д баримтат болон уран сайхны кино бүтээх эрх зүйн орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилтыг дэвшүүлсэн. УИХ-ын 2017 оны 11 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын хууль, тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”, Улсын Их Хурлын 2016 оны 45 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 3.2.42.3-т “Киноны тухай хуулийн төслийн боловсруулж батлуулах”-аар тус тус заасан.
Дээр дурдсан хууль зүйн үндэслэл шаардлага болон Монгол киног дэлхийн зах зээлд өрсөлдүүлэх, кино үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх, кино урлагийн салбарыг эдийн засгийн хөгжилтэй уялдуулан хөгжүүлэх эрх зүйн орчин бий болгох зорилгоор “Кино урлагийг дэмжих тухай хууль”-ийн төслийг эцэслэн боловсруулсан байна.
Хуулийн төсөл нь Хууль тогтоомжийн тухай хуулийн 23.1-д зааснаар анхдагч хуулийн төсөл бөгөөд 6 бүлэг 15 зүйлтэй. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны А/244 дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгээс салбарын уран бүтээлчид, эрдэмтэн, судлаачдын оролцоотойгоор хуулийн төслийг боловсруулсан байна. Хуулийн төсөлд дараах асуудлыг зохицуулахаар тусгасан:
- Төрөөс кино урлагийг хөгжүүлэх талаар бодлогын чиглэл, зарчмыг тодорхойлж, төрийн байгууллагын эрх, үүргийг;
Кино урлагийн мэдээллийн сан бүрдүүлэх, кино урлагийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд дараах асуудлыг тусгасан:
- Аливаа улс өөрийн соёлын аюулгүй байдал, салбарын хэмжээнд баримтлах бодлого, улс орноо сурталчлах үүднээс кино урлагийн хүчтэй нөлөөлөл, ач холбогдлыг ашиглах, үндэсний соёл, өвөрмөц онцлог, өв уламжлалыг эерэгээр харуулсан, монгол агуулга бүхий киног төрөөс дэмжих, кино урлагаар дамжуулан Монгол Улсыг сурталчлах,
- Монгол Улсын засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний 3.2.46-т "Жил бүр үндэсний бахархал, эх оронч сэтгэлгээг хөгжүүлэхэд чиглэсэн түүхийн сэдэвтэй кино, тайз дэлгэц, утга зохиолын томоохон хэмжээний мэргэжлийн түвшний 1 бүтээл туурвих санхүүгийн дэмжлэг үзүүлнэ” гэсэн заалтын хэрэгжилтийг хангах хүрээнд сонгон шалгаруулалт зарлах, төсвийн хөрөнгөөр бүтээх кинонд тавих шалгуур үзүүлэлийг тогтоохоор;
- Монгол киноны чанарыг сайжруулах, орчин үеийн техник технологийн ололт амжилтыг нэвтрүүлэх, уран бүтээлчдийг олон улсын чиг хандлага, арга барилд суралцах, кино зохиол, найруулагч, инженер, техникийн ажилтнуудыг бэлтгэх болон кино урлаг өндөр хөгжсөн орны сургалт, арга барил, сургалтын хөтөлбөрийг нэвтрүүлэх, нутагшуулах, уран бүтээлчдийн хөгжлийг дэмжих зохицуулалтыг.
- Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын кино үйлдвэрлэгч кино үйлдвэрлэх зорилгоор зураг авалт хийх үйл ажиллагааг зохицуулах, дотоодод телевиз, кино театраар кино түгээхэд баримтлах насны ангилал тогтоох шаардлага, нөхцөлийг;
- Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлагын талаар зохицуулалтыг төрөлжсөн хуулийн хүрээнд буюу Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар.
Хууль батлагдан хэрэгжиж эхэлснээр Засгийн газрын 2016 оны 121 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Монгол Улсын засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний 3.2.46.1-т “Жил бүр улсын захиалгаар түүхэн сэдэвт уран сайхны, бүрэн хэмжээний кино туурвих”-д улсын төсвөөс 1.5 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор заасан тул хэрэгжилтийг хангаж жил бүр улсын төсөвт тусган санхүүжүүлэх шаардлага үүснэ.
Кино урлагийг дэмжих тухай хуулийн төслийг дагалдуулан, Соёлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг тус тус боловсруулсан” гэжээ.
Чуулган: Цар тахлын хуулийн үйлчлэлийг 2021 он дуустал сунгалаа
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Covid-19-өөс урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Улмаар Цар тахлын хуулийн үйлчлэлийг 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгах эсэх талаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх буюу 73 хувь нь дэмжлээ. Ийнхүү Цар тахлын хуулийн үйлчлэлийг 2021 он дуустал сунгалаа.
Хуулийн төсөлд тусгаснаар Covid-19-өөс урьдчилан сэргийлэх, тэмцэх, хариу арга хэмжээг хэрэгжүүлэх чиглэлээр 2020 оноос Засгийн газраас 71 тогтоол, Улсын онцгой комиссоос 17 тогтоол, 99 тушаал, 10 албан даалгавар, 60 хурлын тэмдэглэл гарган холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Гэсэн хэдий ч улс орны нийгэм, эдийн засгийн чадавх, төсөв, санхүүгийн байдлаас шалтгаалан зарим шийдвэрийн хэрэгжилт хангалтгүй байна.
Цаашид цар тахлын нөхцөл байдал нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, нэн ялангуяа хүн амын эрүүл мэндийн аюулгүй байдал, нийгэм, эдийн засгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж, эдийн засгийн хямралт нөхцөлийн түвшинд хүргэхэд ойрхон байна.
Түүнчлэн Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулиар Засгийн газрын нөөц сангийн хөрөнгийг 40.0 тэрбум байхаар баталсан боловч 2021 оны зургадугаар сарын 15-ны өдрийн байдлаар зарцуулах дүн 52.4 тэрбум төгрөгт хүрсэн. Энэ нь цаашид цар тахлын халдварыг урьдчилан тооцох боломжгүй байдал үүссэн тохиолдолд үүнтэй холбогдуулан хэрэгжүүлэх арга хэмжээнд санхүүгийн хүндрэл үүсгэхээр байгаа нь хуулийн төслийг боловсруулах үндэслэл болж байна.
Мөн Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулиар Эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулах хэмжээ 2.0 их наяд төгрөгөөр батлагдсан боловч 2021 оны зургадугаар сарын 1-ний өдрийн байдлаар 34.4 хувийн гүйцэтгэлтэй байна. Энэхүү гүйцэтгэл нь хангалтгүй байгаа нь зарцуулалт гаргах ажиллагаа хэт удаашралтай буйтай холбоотой байна.
Иймд энэ асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэх зорилгоор уг сангаас захиран зарцуулах эрхийг Засгийн газарт олгох шаардлага бий болоод байна. Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль болон Гамшгаас хамгаалах тухай хууль, Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комисс, холбогдох байгууллагаас гаргасан шийдвэрийн хэрэгжилтэд хийсэн дүн шинжилгээ, санал, дүгнэлт, холбогдох бусад байгууллагуудын саналд үндэслэн энэхүү хуулийн төслийг боловсруулсан” гэж онцолжээ.
Дээрх асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлэв.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: Хуулийг яаралтай батлах шаардлагатай байна. Эцсийн хэлэлцүүлгээр өнөөдөр батлагдах байх. Уг нь Эрүүл мэндийн даатгалын сангаас халдвар авсан хүмүүсийн асуудлыг шийдэх боломжтой байсан. Өөр хуулиар зохицуулалт хийхээр болох шиг боллоо. Засгийн газраас улаан бүсэд ажиллаж байгаа эмнэлгийн ажилтнуудад нэг удаагийн мөнгөн урамшуулал олгож, цалин хөлсийг 50 хувиар нэмэх шийдвэр гарсан. Энэ нь цагаа олсон сайн шийдвэр. Гэвч яг адилхан хүнд нөхцөлд ажиллаж буй цагдаа, онцгой, мэргэжлийн хяналтын байгууллагын ажилчдын асуудлыг шийдэх боломж байгаагүй юу. Эдгээр хүмүүсийн нийгмийн баталгааны асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар ярьсан зүйл байна уу?
Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Цар тахлын үед ганцхан эрүүл мэндийн салбарынхан ажиллаагүй. Засгийн газрын хуралдаанаар таны асуусан зүйлс яригдсан. Гэвч эхний ээлжид эрүүл мэндийн салбарын хүмүүст урамшуулал олгох шийдвэр гарсан. Улаан бүсэд ажиллаж буй 13016 хүн бий. Эдгээр хүмүүст олгох нэг удаагийн хоёр сая төгрөгийн урамшууллыг олгохдоо 7-8 сард хоёр хувааж олгоно. Мөн улаан бүсэд ажиллаж байгаа ажилчдын цалинд долдугаар сарын 1-нээс эхлээд өөрчлөлт орно. Цалингийн 50 хувийн нэмэгдэл орно. Улаан бүсээс гадна эрүүл мэндийн салбарын 19 мянга гаруй ажилчин бий. Эдгээр хүмүүст нэг сая төгрөгийн урамшууллыг мөн хоёр хувааж олгоно.
УИХ-ын гишүүн Т.Доржханд: Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргаа байгуулахаар болжээ. Энэ нь Захиргааны яг аль байгууллагад нь хамаарах вэ. Covid-19-ийн хуулийн хүрээнд дээрх захиргаа байгуулагдаж байгаа бол хуулийн хэрэгжилт дуусгавар болох үед энэ байгууллага татан буугдах уу. Улсын төсвийн тодотгол хийхээр болсон нь маш сайн хэрэг. Он дуустал хүүхдийн мөнгийг 100 мянгаар олгох, бусад элдэв хөнгөлөлтүүдийг Covid-19-ийн хуулиараа хийх гээд байна уу, эсвэл төсвийн тодотгол дотроо оруулж байна уу?
УИХ-ын дарга Г.Занданшатар "Хуулийн төсөлтэй холбоогүй асуулт асуусан учир маргааш төсвийн гүйцэтгэл батлах тухай хуулийг хэлэлцэх үеэр асуу" хэмээн анхааруулав.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Цар тахлын хууль Үндсэн хууль зөрчиж байна гэдгийг МАН-ын гишүүд бас хэлж байсан. Энэ тал дээр ямар тайлбар өгөх вэ. Үндсэн хууль зөрчиж болохгүй шүү дээ. Хоёрдугаарт, тус хуулийн тайланг тавиагүй учраас АН-ын гишүүд бид эсэргүүцсэн. Цар тахлын үед хариуцлага алдсан хүмүүст хариуцлага тооцоогүй шүү дээ. Ажлаа мэддэг олон хүнийг энэ хуулиар далимдуулж халсан. Эрх мэдэл, санхүү хөрөнгө дутсангүй. Иргэд, ААН, гадаадын хандив тусламж их ирсэн шүү дээ. Эрх мэдлээрээ далайлгаад, хариуцлага тооцохгүй бол ард түмэн нэг л өдөр та нараас хариуцлага нэхнэ. Хэтэрхий бардам яваад байх юм. Менежмент муу байгаа бол гадаадын зөвлөхүүдийг авчирч ажиллуулж болдоггүй юм уу. Халдварын хүнд нөхцөл байдлаас хурдан гармаар байна. Бусад орнуудад вакцин гараагүй байхад халдварын тархалт, нас баралт өндөр байсан. Гэвч Монгол Улсад вакцинжуулалт өндөр мөртлөө олноороо халдвар авч нас барж байгаа нь хариуцлагагүй байдалтай холбоотой.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Тус хуулийн зарим нэг заалт Үндсэн хууль зөрчиж байгаа гэдэг асуудал гарсан. Тиймээс Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг Засгийн газар ганцаараа зарцуулах боломжгүй гэж үзсэн. Энэ нь Үндсэн хуулийг зөрчиж болзошгүй учир Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг захиран зарцуулах эрхийг Засгийн газарт өгөх заалтыг дэмжээгүй.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Эрээн-Замын-Үүд чиглэлд ачаа тээврийн үнэ өмнө нь таван сая байсан бол одоо 30 сая болж, зургаа дахин нэмэгдсэн байна. Энэ бол цэвэр авлигын асуудал. Албан тушаалтнууд авлигын систем бий болгочихоод, жолооч нараас мөнгө "саагаад" сууж байдаг. Энэ асуудлаа шийдэж чадахгүй байж дахин шинэ зүйл гаргаж ирж байна.
УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудал
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр (2021.06.29) 16.00 цагт эхэллээ. Хуралдаанаар:
- Covid-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл (Засгийн газар 2021.06.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг);
- “Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль бий болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл (Засгийн газар 2021.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг);
- Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл (Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг нарын 3 гишүүн 2020.09.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг);
- Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд (Засгийн газар 2019.04.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг);
- Монгол Улсын шүүхийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл (Засгийн газар 2021.06.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх);
- Боловсролын ерөнхий хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөл (Засгийн газар 2021.06.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх)-ийг хэлэлцэх юм.
Холбоотой мэдээ