-Нэг хэсэг, хоолны хордлого болон наранд цохиулсан талаарх дуудлага зонхилж байсан. Харин одоо ямар төрлийн дуудлага их ирж байна вэ?
-Манай шуурхай удирдлагын 103 тоот утсанд ажлын өдрүүдэд 1500-2000 орчим хүн холбогдож, дуудлага өгөхийн зэрэгцээ зөвлөгөө авах, мэдээлэл дамжуулдаг. Харин амралтын өдрүүдэд 103-т хандагсдын тоо 2200-2300 болж нэмэгддэг. Энэ нь хагас бүтэн сайнд өрхийн эмнэлэг болон дүүргүүдийн эрүүл мэндийн нэгдэл ажилладаггүйтэй холбоотой. Очиж үйлчилсэн дуудлага нь ажлын өдрүүдэд 300-350, амралтын өдрүүдэд 400-450 байдаг. Хамгийн сүүлийн ням гариг буюу наймдугаар сарын 8-ны өдөр л гэхэд 432 дуудлагын дагуу очиж үйлчилсэн байна. Наадмын дараахнаас хоолны хордлого, буулгаж, бөөлжсөн гэх дуудлага их байсан. Хордлого хэлбэрийн өвчлөлийн дуудлага сүүлийн үед бага зэрэг буурсан. Харин даралт ихэслээ гэх дуудлага буурахгүй байна. Төрөхийн болон ослын дуудлага хоногт 30-40 удаа гардаг.
-103 дуудахаар удаан хүлээлгэж байна гэсэн гомдол мэр сэр гардаг. Энэ нь юутай холбоотой вэ. Нийт хичнээн эмч 103-т ажиллаж байна вэ?
-Дуудлагын дагуу аль болох хурдан очихыг бид хичээдэг. Гэвч биднээс шалтгаалахгүй зүйл их байна. Урин дулааны улиралд зам засварын ажил их хэмжээгээр хийж байгаа нь дуудлага удаашрах нэг шалтгаан болж байна. Ажлын өдрүүдэд 14-16 машин, төдий тооны эмч нар ажилладаг. Хоногт ирж буй дуудлагын 50-60 хувь нь 16 цагаас хойш ирдэг. Тиймээс үдээс өмнө 11-12 машин ажиллуулж, ачаалал ихтэй 16-02 цагийн хооронд бол дунджаар 15 эмч үйлчилдэг.
-101,102,103,105 гэхчилэн шуурхай мэдээлэл хүлээн авагч байгууллагууд нэг доор төвлөрөөд удаагүй байна. Нэг доор орсоны давуу тал ажиглагдаж байна уу?
-Яаралтай болон шуурхай дуудлагыг манайд ч өгдөг, 101,105-д ч өгдөг л дөө. Ер нь бол нэг доор орсноор шуурхай, нэгдсэн удирдлагад орсон. Харин нэг анзаарагдсан зүйл бол хүмүүс 101,102,103 хамтдаа орсон юм чинь хэнд нь ч дуудлага өгсөн яахав гэж ойлгоод байх шиг байна. 102 руу залгаад эмч дуудаж, 103 руу залгаад цагдаа дууддаг байдал үе үе гарах боллоо. Тиймээс дуудлагыг хуучин байдлаараа тус тусдаа авна гэдгийг онцлон хэлмээр байна. АНУ-д бол 911-д бүх төрлийн дуудлага авдаг мэтээр ойлгоод байх шиг байна. Манайд тиймгүй, 101,102,103,105-ын шугам тус тусдаа хэвээрээ шүү гэдгийг хэлмээр байна гэлээ.
Д.Цээпил