УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19, 20 дахь илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Улмаар тогтоолын төслийг УИХ-ын чуулганы нэдсэн хуралдаанаар оруулж батлуулах нь зүйтэй хэмээн гишүүдийн олонх дэмжив. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэлж, асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Иргэд, Улсын Онцгой комисс, Засгийн газар ямар шийдвэр гаргах бол гээд ширтээд сууж байгаа. Тэд эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн үйлчилгээ авах эрхээ эдлэхийг шаардаж байна. Иргэдийн зөв шүү дээ. Олон мянган иргэн гэртээ болон эмнэлэгт эмчлүүлж байна. Гэрээр эмчлүүлж байгаа хүмүүсийн биеийн байдал ч хүндэрч, гэртээ нас барах эрсдэл өндөр байна. Тиймээс тогтоолын төсөлд энэ чиглэлд хандсан заалт нэмэх хэрэгтэй.
Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан: Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19, 20 дахь илтгэлд тусгагдсан зүйлс гуравдугаар сарын 31-нийг хүртэл байсан. Гэхдээ өнөөдөр нөхцөл байдал тэс өөр болсон. Тиймээс уг тогтоолын төсөлд нэмж тусгах шаардлагатай олон зүйл бий. Иргэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах эрх хурцаар тавигдаж байна. Ялангуяа хөдөө, орон нутагт халдварын тархалт нэмэгдсэнтэй холбоотойгоор амьсгалын аппаратын хомсдолтой байна.
Үүнээс гадна наадмаар хурдан морины уралдаан зохион байгуулахыг зөвшөөрсөнд ХЭҮК шүүмжлэлтэй хандаж байна. Учир нь хүүхдүүдийг морь унуулах нь халдварын өндөр эрсдэл дагуулахаар байна.
Тиймээс ХЭҮК-оос морины уралдааныг хойшлуулах эсхүл цуцлах санал гаргаж байна.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Монгол Улс иргэдээ амьд явах эрхээр хангах ёстой. Хэрэв чадахгүй бол эмчилгээний эмийг нь үнэгүй өг л дөө. 2021 оны улсын төсвөөс өчнөөн мөнгө гарын салаагаар урсгасан шүү дээ. Хүний эрхийг зөрчсөн өөр нэг асуудал нь халдварын улмаас амиа алдсан иргэд төв талбайд зул өргөхөөр цагдаа нар очоод дарамтлаад байх юм. Үүн дээр ХЭҮК дуугарахгүй таг чиг. Энэ тогтоолын төсөл дээр “Хүний эрх, эрх чөлөөг хамгийн бага хязгаарлана” гэж юу байдаг юм бэ. Угтаа бол хүний эрхийг хязгаарлах ёсгүй биз дээ. Өргөн хэрэглээний барааны үнэ өдрөөс өдөрт өсч байна. Гэтэл тогтоолын төсөл дээр “Үнийн өсөлтийн асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэнэ” гэж манж үгээр бичжээ. Үнийн хөөрөгдлийг Засгийн газар зохицуулах хэрэгтэй байна гээд шуудхан хэлээч дээ. Дайчин бай.
ХЭҮК-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан: Төв талбай дээр иргэд эмгэнэл илэрхийлэх нь хүний эрхийн асуудал. Гэвч ямар шалтгааны улмаас зөрчилдөөн үүсч, иргэд саатуулагдсаныг холбогдох байгууллагаас мэдээлэл авсны дараа эргэж хэлье.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг: Халдвар авсан хүнтэй хүнлэг бус харилцах, тэр дундаа ялгаварлан гадуурхах үзэгдэл нийгэмд маш их байна. Хөвсгөл аймгийн иргэн над руу холбогдоод “Халдвар авсан айлуудын гэрийн хаягийг зурагжуулаад, аюултай бүс мэтээр хандаж байна” гэж хэлсэн. Үүнтэй холбоотойгоор халдвар авсан иргэдийг ялгаварлан гадуурхсан төрийн албан хаагчдад ч мөн хариуцлага тооцдог болмоор байна. Нөгөөтэйгүүр хүүхэд хамгааллын төсөв мөнгийг нэмэх нь зөв болов уу.
ХЭҮК-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан: Таны саналыг дэмжиж байна. Хүүхэд хамгаалах байр, асрамжийн газруудаар орж шалгалт хийхэд төсвийн таналт ихээр явагдсан байсан. Төсөв хязгаарлагдсаны улмаас хүүхэд хамгааллын үйлчилгээ хэрэгжихгүй байна. Төсвийг хязгаарлах бус нэмэгдүүлэх нь зөв. Үүнийг тогтоолын төсөлд тусгах нь зүйтэй.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Тогтоолын төслийг дэмжиж байна. Гэхдээ хоёр асуудал нэмж оруулах хэрэгтэй. УОК-ын хязгаарлалт тогтоосон шийдэр гаргах үйл ажиллагаанд ХЭҮК-ын төлөөллийг оруулдаг байх. ХЭҮК-ын төлөөлөл өнгөрсөн хоёрдугаар сараас хойш УОК-ын хуралд оролцоогүй. Хоёрдугаарт, түр саатуулах байранд иргэдийн эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах эрхийг хангах заалтыг нэмж оруулах шаардлагатай. Учир нь саатуулах байранд халдвар хамгааллын дэглэм алдагдаж, битүү орчинд бөөгнөрч байна. Төр зөрчил гаргасан иргэнээ баривчилсан бол амь насыг нь мөн эрсдэлд оруулахгүйгээр даах хэрэгтэй.
Холбоотой мэдээ