АБГББХ: Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийн эцсийн хэлэлцүүлгийг дэмжив | News.MN

АБГББХ: Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийн эцсийн хэлэлцүүлгийг дэмжив

АБГББХ: Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийн эцсийн хэлэлцүүлгийг дэмжив

АБГББХ: Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийн эцсийн хэлэлцүүлгийг дэмжив

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2021.06.29) хуралдаан 09 цаг 07 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр цахимаар хуралдаж, Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав. Засгийн газраас энэ сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Байнгын хороо, чуулганы өчигдрийн хуралдаанаар дэмжиж, гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хурааж шийдвэрлэн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн.

Байнгын хороо хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх шатанд төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулах үед олонхын санал авсан зарчмын зөрүүтэй саналуудыг нэмж тусган төслийн эцсийн хувилбарыг боловсруулсан талаар Байнгын хорооны дарга Б.Баттөмөр танилцуулав.

Ингээд нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлэг явуулах үед хуралдаан даргалагчаас гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу бэлтгэсэн зарчмын зөрүүтэй дөрвөн саналаар санал хурааж шийдвэрлэв. Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйлийн 5 дахь заалт, 7.1.37 заалт, төслийн 2 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийг тус тус хасах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь дэмжлээ.

Төслийн анхны хэлэлцүүлгийг Байнгын хорооны хуралдаанаар хийх үед Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, Б.Энхбаяр нар хуулийн үйлчлэх хугацааг 2021 оны аравдугаар сарын 01-ний өдрийг хүртэл байхаар зарчмын зөрүүтэй санал гаргасан нь дэмжигдээгүй боловч чуулганы нэгдсэн хуралдаанаар олонхын дэмжлэг авсан юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэргэлэн “Энэ хууль нь 2021 оны арван хоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэл үйлчилнэ” гэсэн санал гаргасан нь мөн дэмжигдсэн.

Зарчмын зөрүүтэй эдгээр саналтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар, Н.Наранбаатар нар үг хэлж байр сууриа илэрхийлэв.  Мөн Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нар гишүүдийн асуултад хариулахдаа, коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөх нь тодорхойгүй, сүүлийн үед мутацлагдсан дельта вирус дэлхий дахинд эрчимтэй тархаж, халдварын нөхцөл байдал улам хүндэрч байна, улмаар гурав дахь давалгаа үүсэж магадгүй байгаа талаар эрдэмтэн судлаачид хэлж байгаа учраас хуулийн үйлчлэлийг төсөлд тусгасны дагуу 2021 оны арван хоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэл байх Засгийн газрын саналыг дэмжиж өгөхийг хүссэн юм.

Иймээс хуралдаан даргалагчаас гүйцээн боловсруулахаар өгсөн чиглэлийн дагуу "Энэ хууль 2021 оны арван хоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэл үйлчилнэ" гэсэн зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулахыг дэмжье гэсэн томьёоллоор санал хураалгахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь буюу 16 гишүүний 12 нь дэмжсэн. Ингээд хуулийн үйлчлэх хугацааны талаарх зарчмын зөрүүтэй саналыг гишүүдийн 81.2 хувь нь дэмжиж, хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан талаарх Байнгын хорооны танилцуулгыг чуулганы нэгдсэн хуралдаанд илтгэхээр тогтлоо.

Дэлхий дахинд тархаад буй коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх зорилгоор Улсын Их Хурлаас 2020 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг яаралтай горимоор хэлэлцэн баталж, 2020 оны арванхоёрдугаар сарын 31, 2021 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр нэмэлт, өөрчлөлт оруулсан.

Улсын Их Хурлын 2020 оны арванхоёрдугаар сарын 03-ны өдрийн чуулганаар коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нөхцөл байдал, Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний дүн шинжилгээ, цаашид нийгэм, эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах талаарх Улсын Их Хурлын Түр хорооны санал, дүгнэлт, Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцээд гаргасан “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар чиглэл өгөх тухай” 36 дугаар тогтоолд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, эрдэмтэн, судлаачдын саналыг харгалзан “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэх хугацааг сунгах эсэх саналаа Улсын Их Хурал /Түр хороо/-д хуулийн дагаж мөрдөх хугацаа дуусахаас өмнө танилцуулах” чиглэлийг Засгийн газарт өгсний дагуу хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулан хэлэлцүүлж байгаа юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж