Евро-2020 тэмцээний хамгийн галзуу, хамгийн гайхамшигтай хоёр тоглолт урд шөнө явагдаж өндөрлөлөө. Үзэлгүй өнгөрөөсөн хүн харамсмаар, үр дүнг нь хэн ч урьдчилж таамаглаагүй тийм л тоглолтууд Европ тивд өрнөв.
Хорват 3 – 5 Испани
Евро-2020 тэмцээний хамгийн олон гоолтой тоглолт урд шөнө явагдаж, 120 минутын тоглолтын эцэст испаничууд ялалт байгууллаа. Тоглолт эхнээсээ л адармаатай, ярих зүйл ихтэй болсон. Энэ Европын аваргын уламжлал болоод буй авто гоолоор тоглолтын тооны харьцаа нээгдсэн. Испанийн залуу хагас хамгаалагч Педри хойшоо хаалгач Унай Симон руугаа бөмбөг дамжуулсан боловч Симон бөмбөгнөөсөө зөрж, испаничууд өөрсдийн хаалгандаа гоол оруулав.
Ийнхүү өөрсдийгөө шийтгэсэн тэд тооны харьцааг тэнцүүлэх гэж довтолж эхэлсэн. Энэ нь ч үр дүнгээ өгч, 38 дахь минутад Пабло Сарабиа гоол оруулж, тооны харьцаа тэнцэв. Хоёрдугаар үед нийтдээ дөрвөн гоол орсон. Испаничуудаас эхний хоёрыг нь буюу 57 дахь минутад Цезарь Азпиликуэта, 76 дахь минутад Ферран Торрес нар тус тус оруулсан бол тоглолтын цаг дуусахаас таван минутын өмнө Хорватаас Мислав Оршич болон Марио Пашалич нар дараалан гоолдож, тооны харьцааг 3-3 болгон үндсэн цагт хоёр баг тэнцсэн.
Үндсэн цагт ялагч тодроогүй учир нэмэлт 30 минутыг сунгасан. Хожиж яваад тэргүүллээ алдсан испаничууд сэтгэл зүй сайтай гэдгээ харуулж, эргэн ирсэн. Ялангуяа гоолын боломж ихээр алддаг, хоосон хаалганд ч гоол оруулж чаддаггүй гэдэг Испанийн шигшээ багийн довтлогч Алваро Мората шүүмжлэгчдийн амыг таглаж, хэрэгтэй үед чухал гоол оруулж, испаничууд илүү гарав. Энэ гоол орсноос ердөө гурван минутын дараа Микель Оярсабаль багийнхаа тав дахь гоолыг оруулж, Испани Данийн Паркен цэнгэлдэхэд Хорватыг буулган авлаа.
1960 оны Европын аваргын тэмцээний Франц (4), Югослав (5) улсуудын тоглолтод 9 гоол орж, тус тэмцээний түүхэнд хамгийн олон гоол орсон тоглолтоор тодорч байв. Энэхүү тоглолт түүхэнд хоёрдугаар байрт бичигджээ.
Тоглолтын дараа Испанийн шигшээ багийн ахлагч Серхио Бускетс “Шөвгийн наймд шалгарсан нь бидний сайн баг гэдгийг харуулж байна. Бид өнөөдөр үнэхээр сайн, зүтгэлтэй, бэлтгэлтэй байлаа. Хүчтэй өрсөлдөгчөө ч яллаа. Баг маань тэмцээний турш сайжирч байна” гэв. Харин гоол оруулсан Цезарь Азпиликуэта “Бид эхлээд ялимгүй хохирол амссан. Баг маань хасагдах шатанд тоглоогүй удсан байна. Гэхдээ өнөөдөр нүүр хагарч, дэлхийн аваргад аман хүзүүдсэн багийг хожлоо” хэмээн ярьжээ.
Хорватын шигшээ багийн ахлагч Лука Модрич “Нэмэлт цагийн эхэнд бид тэдэнд шахалт үзүүлж байлаа. Гэхдээ гоол оруулах хоёр сайхан боломжоо алдсан. Тэгээд л тоглолт эргэж, бид эргэн ирж чадсангүй” гэсэн бол Мислав Оршич “Юуны өмнө фэнүүддээ баярлалаа гэж хэлмээр байна. Та нарын өмнө тоглох гайхалтай байлаа. Бид эцсээ хүртэл тэмцсэн боловч испаничууд бүх боломжоо ашиглаж, гоол оруулж чадлаа” хэмээжээ.
Франц 3 – 3 Швейцарь
торгуулийн цохилт: 4-5 (Швейцарь ялсан)
Дэлхийн аварга Францын шигшээ багийг тэмцээн эхлэхээс өмнө ихэнхи хөлбөмбөг сонирхогчид, аналистууд түрүүлнэ гэж таамаглаж байна. Гэвч таамаг бодит байдал дээр биелсэнгүй. Тоглолтын эхний гоолыг Швейцарийн шигшээ багийн довтлогч Харис Сеферович оруулж, Францыг барьц алдуулав. Хожигдож эхэлсэн францчууд тэнцээний гоол оруулах хүртлээ удсан. Гэхдээ нэг оруулахдаа дараалан гоолдов. Тодруулбал, шигшээ багтаа гологдоод байсан Карим Бензема хоёрдугаар үеийн 57, 59 дэх минутуудад дараалан гоолдож, францчууд тэргүүлж эхэлсэн. Удалгүй Пол Погбагийн гайхамшигтай нэгэн цохилт байндаа тусч, “Гурван өнгөтнүүд” тэргүүллээ улам баталгаажуулав.
Хөлбөмбөгийн фанатууд ч болох ёстой зүйл болдгоороо болж, Францын шигшээ дараагийн шатанд шалгарлаа гэж бодтол Швейцарийн шигшээ хариуг нь барьж эхлэх нь тэр. 81 дэх минутад Харис Сеферович дахин нэгийг, 90 дэх минутад Марио Гавранович тэнцээний гоолыг тус тус оруулж, нэмэлт цаг гаргахаар болов.
Энэ өдөр явагдсан хоёр тоглолтод хоёуланд нь нэмэлт цаг гаргасан нь онцлог байв.
Нэмэлт цагт Швейцарийн хаалгач Ян Зоммер гайхалтай байж, францчуудын ээлж дараалсан довтолгоог зогсоосон. Түүнээс гадна Килиан Мбаппе нэмэлт цагт гоол оруулах сайхан боломжоо салхинд хийсгэсэн. Ийнхүү хоёр баг нийтдээ 120 минут тоглоход ялагч тодроогүй учир торгуулийн цохилтоор бүхнийг шийдэх болов. Швейцарьчууд хийх ёстой таван цохилтоо амжилттай болгож, францчуудыг “нуман тулгуурт” оруулав. Францаас шийдвэрлэх тав дахь торгуулийн цохилтыг өнөөх л Килиан Мбаппе гүйцэтгэж, түүнийг цохисон бөмбөгийг Ян Зоммер хааж, Швейцарийн шигшээ ялалт байгуулсан. Ийнхүү дэлхийн аваргуудын Европын аварга болох мөрөөдөл талаар болж, тэмцээнээ өндөрлүүллээ.
Чухал цохилтоо алдсан Килиан Мбаппед хандаж домогт Пеле "Толгойгоо өргө, Килиан! Маргааш шинэ аяллын чинь эхний өдөр" хэмээн жиргэжээ.
Роналдо, Месси хоёроос хаан ширээг нь залгамжилна гэгддэг 22 настай Килиан Мбаппе энэ Европын аваргаар гангарч чадсангүй. Тэрбээр дөрвөн тоглолтод оролцож, ганц ч гоол оруулаагүй үзүүлэлттэй тэмцээнээ дуусгав.
Тоглолтын дараа Швейцарийн шигшээ багийн ахлагч Гранит Шака “Гайхалтай байлаа. Бид өнөөдөр түүх бүтээлээ. Багийнхнаараа бахархаж байна. Швейцарь хэмээх хөлбөмбөгийн гүрний түүхийг бичлээ. Одоо бид шөвгийн наймд Испанитай тоглоно. Тоглолт хэцүү болох ч бид сайхан зүйл төсөөлж байна” гэв.
Францын шигшээ багийн хамгаалагч Рафаэль Варане “Үнэхээр сэтгэл гонсойсон тоглолт боллоо. Бид эхний үед маш муу байсан. Хоёрдугаар үед үүнийг засч, эргэн ирсэн ч эсрэг багтаа эргэн ирэх зай үлдээчихсэн байна. Торгуулийн цохилт гэдэг бол сугалаа. Нэмэлт цагт гоол оруулах олон боломж олдсон ч бид ашиглаж чадсангүй” хэмээн ярьжээ.
Холбоотой мэдээ