МАН-ынхны тэрбум, тэрбумаар нь хувааж авсан “ЖДҮ-гийн” хэрэг хэрхэн шийдвэрлэгдэхийг олон нийт анхааралтай ажиглаж байсан билээ. ЖДҮ-гийн "загалмайлсан эцэг" болох УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг эхнэрийнхээ компанид 3 тэрбум орчим төгрөг "авч өгсөн"-ий улмаас сайдын суудлаа алдаад зогсохгүй улмаар түүнийг гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлж, шүүхээс 40 сая төгрөгөөр торгох ял шийтгэл оноосон юм.
Тодруулбал, 2016-2020 онд УИХ-ын нэр бүхий 49 гишүүн ЖДҮХС-гаас зээл авсан болох нь баримтаар дэлгэгдсэн. Тиймээс АТГ-аас албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан гэм буруутайг нь шалгаж эхэлсэн. УИХ-аар ЖДҮ-гийн зээлээ зориулалтын бусаар ашигласан гэж Л.Энхболд, Г.Солтан, Б.Ундармаа, Д.Дамба-Очир нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах хүсэлтийг прокуророос гаргаж байв. Түүнчлэн ЖДҮ-ээс зээл авсан олон албан тушаалтнаас зөвхөн УИХ-ын гишүүн асан Г.Солтан, Б.Ундармаа, Д.Дамба-Очир нар шүүхээс ял оноосон. Харин ЖДҮ-гээс авсан зээлээ зориулалтын бусаар ашигласан хэрэгт шалгагдаж байсан Л.Энхболд өнөөдөр "Эрдэнэс Монгол"-ын дэд захирлаар томилогдсон юм.
Одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МАН-ын дарга байхдаа ЖДҮ, жаран тэрбумын хэрэгтнүүдийг нэр дэвшүүлэхгүй, албан тушаал өгөхгүй гэж байсан боловч, амлалтдаа хүрээгүй билээ. Тэгвэл экс Ерөнхийлөгч Х.Баттулга МАН-ынхныг бүгдээрээ хулгайч, луйварчид хэмээн чуулганы хуралдаан дээр шүүмжилж байсан хэдий ч бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болохын өмнө МАН-ын хоёр ЖДҮ-чинд уучлал үзүүлсэн байдаг.
Б.УНДАРМАА ТОРГУУЛЖ, Д.ДАМБА-ОЧИР СУЛЛАГДАЖ, Г.СОЛТАН ГЭМ БУРУУГАА ХҮЛЭЭЖЭЭ
Эргэн сануулахад, УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир ЖДҮХС-гаас “Сапфир стоун” ХХК-д 1.2 тэрбум төгрөгийн зээл авахад дам байдлаар нөлөөлсөн байж болзошгүй хэргээр хоёр жил шалгагдсан. Түүнд нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жил хүртэлх хугацаагаар хасч, гурван жил зургаан сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн. Ерөнхийлөгч асан Х.Баттулга түүнд уучлал үзүүлж, суллажээ.
Гишүүн асан Б.Ундармаад анхан шатны шүүхээс 2.6 жилийн ял оноосон боловч Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн болон эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж, нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилийн хугацаагаар хасч, 40 сая төгрөгөөр торгох ял оногдуулж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн байдаг.
Г.Солтаны хувьд албан тушаалаа ашиглаж, ЖДҮХС-гаас өөрийн хамаарал бүхий компанийн нэр дээр 950 тэрбумын зээл авсан хэргээр гурван шатны шүүхээс гурван жилийн хорих ял сонссон. Тэрбээр одоо хорих ялаа эдэлж буй. Шүүх хурлын үеэр тэрбээр “Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, мөн өндөр настай, эрүүл мэндийн шалтгаан зэргийг харгалзан үзэж, надад оногдуулсан ялыг хорихоос өөр төрлийн ялаар сольж өгөөч. Аль эсвэл хорих ялыг хуульд заасны дагуу багасгаж өгөөч” гэж хүсчээ. Үүнийх нь дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга мөн л уучлал үзүүлж, сулласан юм.
УИХ-ЫН ГИШҮҮН Х.БОЛОРЧУЛУУНД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ АТГ ШАЛГАЖ ДУУСЧЭЭ
"ЖДҮ-гийн хэрэг"-т нэр холбогдсон Н.Учрал, Б.Баттөмөр, Х.Нямбаатар, Х.Болорчулуун, Б.Саранчимэг, Г.Тэмүүлэн нарын хэрэг эцэслэн тогтоогдоогүй учир УИХ-д дахин сонгогдсон билээ. Саяхан УИХ-ын гишүүн Х.Болорчулуунд холбогдох хэргийг АТГ шалгаж дуусчээ. Тэрбээр эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн хамаарал бүхий “Дорнод гурил” ХХК-иар дамжуулж, ЖДҮХС-гаас зээл авсан хэрэгт шалгагдаж байсан. “Дорнод гурил” ХХК 2016 оны арваннэгдүгээр сарын 20-нд ЖДҮХС-гаас 950 сая төгрөг авсан нь тогтоогджээ.
Өөрөөр хэлбэл Х.Болорчулуун гишүүн эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, Дорнод аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга асан А.Энхтүвшинтэй хуйвалдаж, хуурамч бичиг баримт бүрдүүлж, зээл авсан нь тогтоогдсон байна.
ЖДҮХС-ГААС ЗЭЭЛ АВСАН АСУУДАЛД ХОЛБОГДОЖ БАЙСАН ГИШҮҮД:
- ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзоригийн эхнэрийн “Тээвэр ачлал” компани 1.4 тэрбум төгрөг. Б.Батзоригийн хувьд УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзаж, улс төрийн амьдралдаа "цэг" тавьсан.
- УИХ-ын гишүүн Н.Учралын аавын 100 хувь эзэмшдэг “Хүннү” ХХК нэг 950 сая төгрөг авсан ч төлсөн байдаг.
- УИХ-ын гишүүн асан Ж.Энхбаяр-ын “Газар буудай” компани 950 сая төгрөг авсан гэдэг бөгөөд тэрбээр одоо Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргаар дэвшин ажиллаж байна.
- УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн хамаарал бүхий этгээд буюу ээж Довдон овогтой Дэнсмаагийн “Спа цогцолбор” ХХК тус сангаас 700 сая төгрөг авсан ч зээлээ төлсөн байдаг.
- УИХ-ын гишүүн асан Л.Энхболд өөрийн охин Э.Мандухайн нэр дээр үүсгэн байгуулсан "Мийт экспорт интернэшнл" ХХК-д 2016 онд ЖДҮХС-аас 1,3 тэрбум төгрөг авсан. Гэхдээ тэрбээр одоо Эрдэнэс Монгол компанийн дэд захирлаар дэвшин ажиллаж буй.
- УИХ-ын гишүүн УИХ-ын гишүүн асан Б.Наранхүү нарын дүү Б.Одончимэгийн үүсгэн байгуулсан "Сингапурхэльткейр сентр ХХК" 2018 оны 8 сард 800 сая төгрөг авсныг мөн л ах нь төлнө хэмээн мэдэгдэж байсан юм.
- УИХ-ын гишүүн асан Н.Оюундарийн хүүгийн “Рэд Стар Клуб” ХХК 800 сая төгрөг
- УИХ-ын гишүүн асан О.Батнасангийн дүү О.Ганбаатар 950 сая төгрөг
- УИХ-ын гишүүн Б.Баттөмөрын 80 хувь эзэмшдэг "Мондем" ХХК ЖДҮХС-гаас 2018 оны аравдугаар сард 300 сая төгрөгийн зээл тус тус авчээ.