Дэлхийн түүхий эдийн зах зээлд коксжих нүүрсний нийлүүлэлт буюу экспортын хэмжээгээр Австрали, АНУ, Канад, Монгол, ОХУ, Мозамбик улсууд тэргүүлдэг. Бид “ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ” буландаа энэ удаа коксжих нүүрсний зах зээлийн сүүлийн үеийн мэдээллийг онцолж байна.
Манай урд хөрш Хятад улсад өнгөрсөн сарын 21-ний өдрийн байдлаар коксжих нүүрсний импорт буурсны зэрэгцээ үнэ нь 7.98 хувиар унаж, 1782.5 юаньд хүрчээ. Оны эхний дөрвөн сард тус улс нийт 14.74 сая тонн коксжих нүүрс импортолсон байна.
Хятадын Гаалийн ерөнхий газраас мэдээлснээр, тус улсын коксжих нүүрс импортолдог гол орнуудаас АНУ-ын нийлүүлэлтийн хэмжээ 46.9 хувиар өсч, Монгол, Орос улсынхаас давжээ. Өөрөөр хэлбэл түүхий эдийн зах зээл дээр холын Америк сайн “тоглолт” хийсэн нь харагдана.
Хятадад зургадугаар сарын 25-ны байдлаар коксжих нүүрсний зах зээл харьцангуй тайван байсан нь ОХУ-аас нийлүүлэх боломжит нөөц хязгаарлагдмал байсантай холбоотой гэж зах зээлийн эх сурвалжууд мэдээлжээ.
ОХУ сайн чанарын коксжих нүүрсээ тонныг нь 170-175 ам.доллараар худалдаж авах саналыг Хятадад тавьсан ч одоогоор ямар нэгэн хэлэлцээ хийгдээгүй байгаа аж. Хятад улс өмнө нь тонн тутмыг нь 164-165 ам.доллараар авч байжээ.
Австралийн коксжих нүүрсний тонн тутмын үнэ өнгөрсөн сарын дундуур 180 ам.долларт хүрсэн байна.
Хятадын коксжих нүүрсний импорт дөрөвдүгээр сард 3.48 сая тоннд хүрсэн нь гуравдугаар сарын үзүүлэлт болох 4.91 сая тонноос 29 хувиар, өмнөх оны мөн үеийнхээс 44 хувиар тус тус буурчээ.
Өмнөд хөрш өнгөрсөн оны аравдугаар сард Австралийн нүүрсний импортод хориг тавьсан. Энэ нь ОХУ, АНУ, Канадад том боломж болсон билээ. Монгол Улс Хятадын коксжих нүүрсний импортод томоохон үүрэгтэй оролцдог. Гэвч өнгөрсөн дөрөвдүгээр сард АНУ хамгийн том экспортлогч орон болсныг “Metalbulletin” мэдээлэв.
АНУ өнгөрсөн дөрөвдүгээр сард Хятад руу 974.7 мянган тонн коксжих нүүрс экспортолсон нь өмнөх оны мөн үеийнхээс 10 дахин, өмнөх сарынхаас 47 хувиар тус тус нэмэгдсэн үзүүлэлт болсон байна. ОХУ Хятадад 761.3 мянган тонн коксжих нүүрс экспортолжээ.
Хятадын судалгааны “Today Think Thank” байгууллагаас мэдээлснээр, энэ онд Хятад улс нийт 55 сая тонн коксжих нүүрс импортлох төлөвийг дэвшүүлсэн. Улмаар Монгол Улаас 30 сая тонн, Канадаас 8-9 сая, АНУ-аас 7 сая тонн, ОХУ-аас 8 сая тонн тус тус импортолно гэж таамаглаж байснаа мэдэгдсэн билээ.
Хятадын тал 2021 онд Монголоос 33-37 сая тонн коксжих нүүрс импортлох таамаг тооцоо гарсан ч цар тахлын халдварын улмаас хилийн боомтууд тэг зогсож, боломж алсарсан.
Шинжээчид гэхдээ Хятадын зах зээл дээр Монголын коксжих нүүрсний эрэлт цаашдаа ч өндөр байхыг тэмдэглэж, энэ нь дэд бүтэц, тэр дундаа боомтын нэвтрүүлэх хүчин чадал болон төмөр замын тээвэр хөгжүүлэлтээс хамаарч байгааг онцолж буй юм.
Эрчим хүчний нүүрсний тухайд, Монголын борлуулалтын үнэ коксжих нүүрсний үнээс хамаагүй доогуур байгаа ч тээврийн зардал үндсэндээ коксжих нүүрснийхтэй ижил, боомт хүрэх өртөг өндөр байна. Монголын эрчим хүчний нүүрсний экспортын өртөг зардалтай харьцуулахад Өвөр Монголын дотоодын эрчим хүчний нүүрснийх өрсөлдөх чадвартай байгаа юм. Тиймээс төмөр замыг барьж дуусаагүй тохиолдолд Монголын эрчим хүчний нүүрс Хятадын зах зээлд үндсэндээ нэмэгдэх төлөвгүйг шинжээч хэлж байна.
Гаалийн ерөнхий газраас мэдээлснээр, манай улсын хувьд дөрөвдүгээр сард урд хөрш рүү 641.1 мянган тонн, тавдугаар сарын эхний хагасын байдлаар нийт 420 орчим мянган тонн нүүрс тус тус нийлүүлсэн байна.
Монгол Улсын статистикаар, дөрөвдүгээр сард 641 мянган тонн нүүрс экспортолсон нь өнгөрсөн оны гуравдугаар сараас хойших хамгийн доогуур үзүүлэлт юм.
Хятад улс нүүрсний олборлолтоо нэмэгдүүлэхээр зорьж байгаа аж. Хятадын Нүүрсний үндэсний ассоциациас мэдээлснээр, энэ онд тус улсын нүүрсний хэрэглээ болон дотоодын олборлолт аль аль нь нэмэгдэхээр байна. Харин нүүрсний импорт өнгөрсөн оны түвшинд хадгалагдах төлөвтэй. Ялангуяа коксжих нүүрсний импорт өмнөх оныхоос буурч болзошгүй байгаа юм.
"Bank of America"-ийн уул уурхай, металын салбарын хурал дээр (2021.05.18) “Anglo American” компанийн Гүйцэтгэх захирал Mark Cutifani коксжих нүүрс дараагийн 15-20 жилд дэлхийг ногооруулах үйлсийн нэг хэсэг байна” гэж мэдэгджээ.
Тэрбээр “Дэлхийн ган үйлдвэрлэлд коксжих нүүрс хэрэгтэй бол нөгөө талаас дэлхийн улс орнуудад эдийн засгаа нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлаас ангижруулахад ган хэрэгтэй” гэж хэлжээ. Тус компани эрчим хүчний нүүрс олборлолтын үйл ажиллагаагаа хумьж байгаа ч сайн чанарын коксжих нүүрсний олборлолтоо үргэлжлүүлэхээ мэдэгдсэ байна. “Anglo American” 2035-2040 онд коксжих нүүрс олборлолтоо үргэлжлүүлэх аж.
Монгол Улсад Covid-19-ийн тохиолдлын тоо эрчимтэй нэмэгдэж байгаатай холбоотойгоор нүүрсний экспорт цаашид ч буурах төлөвтэйг “SXCoal” мэдээлж буй юм.
Монгол Улс 2021 онд 42 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн. Нэгдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 9.1 сая тонн нүүрс экспортолжээ. Энэ нь нийт төлөвлөсөн хэмжээний 21.6 орчим хувьтай тэнцэж байна.
Эх сурвалж: XINHUA, BLOOMBERG, METAL BULLETIN
Холбоотой мэдээ