News агентлаг УИХ-ын гишүүдийг нэрсийн дарааллаар танилцуулдаг 76:1 булангийнхаа энэ удаагийн дугаарт УИХ-ын сонгуулийн 20-р тойрогт нэр дэвшиж, ялалт байгуулсан Дамбын Батлутыг танилцуулж байна.
Орхон аймаг хэдийнээсээ аль нэг намд давуу эрх олгохгүйгээр өнгө алаглуулж УИХ-д төлөөллөө сонгодог тойрог. Тус тойрогт энэ удаагийн сонгуульд МАН-аас нэр дэвшиж, анх удаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон хүн бол Д.Батлут.
Цахилгааны инженер мэргэжилтэй Д.Батлут эрдэнэтчүүдэд бол танил улстөрч. Ялангуяа сүүлийн 10 гаруй жил аймгийнхаа Засаг даргын Тамгын газарт, төлөөлөгч, Засаг даргаар ажиллаж байсан нэгэн. Эрх баригч МАН энэ удаагийн сонгуульд олон аймгийн Засаг дарга “сойсон” бөгөөд сонгуулийн өмнөх дөрвөн жил аймагтаа танигдсан хүмүүсийг нэр дэвшүүлсэн юм.
Ингэхдээ түүнийг Монголын парламентад хамгийн олон удаа сонгогдсон, хууль зүйн салбарын “загалмайлсан эцэг” гэгддэг Ц.Нямдоржтой хамт нэр дэвшүүлж байв. Гэхдээ тэр МАН-ын, Монголын “шилдэг” парламентчдыг хол тасархай орхиж, 2020 оны УИХ-ын сонгуульд хамгийн өндөр санал авсан нэр дэвшигч болсон юм.
Д.Батлут өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа олны анхааралд өртөж, хэл дагуулах нь их байлаа. Ялангуяа Тамгын газрынхаа ажилтнуудад байр өгсөн, төрийн албанд ажилласан жилээр нь тооцож байр олгосон асуудал нь хэсэг маргаан дагуулж байв. Гэхдээ тэрбээр энэ талаар тайлбарлахдаа төрийн албанд ажилласан журмыг нь үндэслэснээс гадна залуу гэр бүлийг дэмжиж байр олгосон нь үнэн. Залуу хүмүүсийг би дэмжинэ хэмээн эл шуугианыг дарж байв. Яг үүн шигээ Эрдэнэтчүүдэд гавьяа байгуулсан нэг зүйл бол Шинжлэх ухаан технлогийн паркыг байгуулсан явдал. Эрдэнэтчүүд төдийгүй монголчуудын саалийн үнээ "Эрдэнэт" үйлдвэр урд хөршөөс өндөр үнээр, их хэмжээгээр худалдан авч байсан электрод, эко будаг зэргийг дотоодод үйлдвэрлэж, нийлүүлж эхэлсэн явдал. Өөрөөр хэлбэл, "Эрдэнэт" үйлдвэрээс гадагшаа урсдаг мөнгөн урсгалыг зогсоож, дотоодын үйлдвэрлэлийг дэмжиж, 100 хувь үйлдвэрийн хэрэгцээг хангадаг болсон нь эдийн засгийн хувьд томоохон дэвшлийг авчирсан хэмээн орхончууд ам сайтай байдаг.
Аймгийн Засаг дарга нарын хувьд төрийн бүх шатанд хаана ямар ажил чухал, иргэндээ хүрч ажиллах, ажлын байр нэмэгдүүлэх, иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэдэг зүйл нь ажлын байр. Эрдэнэт үйлдвэрийг дагасан олон аж ахуй нэгжүүд үйл ажиллагаа явуулж, дотоодын хэрэгцээ хангахад ээлтэй Засаг дарга байсан гэж нутгийнхан нь үнэлдэг аж.
Улстөрчдийн хувьд тэрбээр орон нутагтаа мэргэшсэн нэгэн. Сүүлийн найман жилийн хугацаанд Орхон аймгийн МАН-ын даргаар ажиллажээ. Аймгийнхаа төрийн бүхий л шатанд ажилласан туршлагатай, шат өгсөж яваа улстөрч.
Харин УИХ-д бол тэр шинэ тоглогч. Гэсэн хэдий ч аж ахуйн ажилд гаршсан Засаг даргын зангаа гээлгүй өнөөдөр Улаанбаатар-Эрдэнэт чиглэл рүү зам тавих том амбицаа тэр эхлүүлжээ. Ингэхдээ Улаанбаатар-Шар хөтөл-Эрдэнэт чиглэлд 100 км хатуу хучилттай зам барих ажлыг эхлүүлж, ТЭЗҮ-гээ боловсруулаад эхэлсэн бөгөөд санхүүжилтийн хэлэлцээрүүдээ ч амжилттай хийж эхэлсэн байна. Эрдэнэт-Улаанбаатарын чиглэлд иргэд 400 орчим км зорчиж буй. Тэгвэл Улаанбаатар-Шар Хөтөл-Эрдэнэт чиглэлд хатуу хучилттай авто зам тавьснаар 100 орчим км товч болно. Энэ нь Эрдэнэт хот болон Булган, Хөвсгөл, Төв аймгийн иргэдийн цаг, мөнгийг хэмнэх чухал хөрөнгө оруулалт гэдгийг тэр олж харжээ. Дархан-Улаанбаатарын замаа засч чадахгүй, хоёр Ерөнхий сайд, гурван Зам тээврийн сайдын нүүр үзэж буй эрх баригч МАН Д.Батлутын амбицыг гүйцээнэ гэдэг юу л бол. Гэхдээ санхүүжилтээ шийдэж чадвал МАН байна уу, Д.Батлут нь байна уу хийчих л асуудал. Ямар ч гэсэн тэр сонгогдсон тойргийнхоо иргэдэд “таалагдах” барьж авсан, дандаа ярих зүйлтэй болсон. Харин түүнийг хэлснээ, амласнаа биелүүлэх эсэхийг ирэх дөрвөн жил харж, орхончууд дүгнэлтээ хийх болов уу.
Д.Батлут гишүүний хувь тойрогтоо танигдсан улстөрч боловч улсдаа, парламентад танигдах ажил одоогоор тодорхой бус. Хэсэг гишүүдийн хамт НДШ-ийг 2 хувиар бууруулах төслийг өргөн барьж, батлуулснаар өөрөөр түүнд автор болох хууль, гардаж хийсэн ажил тодорхойгүй байна.
Д.БАТЛУТ НАМТАР
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:
- 1985 онд Архангай аймгийн Ерөнхий боловсролын сургууль
- 1992 онд Орхон аймгийн Ерөнхий боловсролын V дунд сургууль
- 2004 онд ШУТИС-ийн харьяа Ш.Отгонбилэгийн нэрэмжит технологийн сургууль, цахилгааны инженер
- 2007 онд Удирдлагын академи, төрийн удирдлага
АЖИЛЛАСАН БАЙДАЛ:
- 1994-2000 онд“Эрдэнэт хивс” ХХК-д туслах ажилтан
- 2003-2006 онд“Дэлхийн Зөн Монголд” олон улсын байгууллагад гүйцэтгэх захирал
- 2006-2007 онд Орхон аймгийн газрын Харилцаа барилга хот байгуулалтын газарт мэргэжилтэн
- 2008-2012 онд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын орлогч
- 2006-2013 онд НАМЗХ-ны дарга
- 2013-2020 онд Орхон аймгийн МАН-ын дарга
- 2010-2012 онд Баян-Өндөр сумын НАШБ-ын дарга
- 2008-2020 онд Орхон аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, бүлгийн дарга
- 2016-2020 онд Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч
- 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
ШАГНАЛ:
- 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль
- 2011 онд Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль
- 2017 онд Алтан гадас одон
ГАДААД ХЭЛ:
Орос, Англи
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ