Токио-2020 олимпийн наадмын шинэ төрөл болох 10 метрийн хийн гар бууны холимог багийн төрлийн сонгон шалгаруулалт өнгөрөгч амралтын өдрүүдэд Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд явагджээ. Холимог багийн эмэгтэй ганц эрхийн төлөө МУГТ О.Гүндэгмаа болон ОУХМ Ц.Анударь нар өрсөлдөж, МУГТ О.Гүндэгмаа 564 оноо аван ялалт байгуулжээ. Гэвч тэрбээр холимог багийн төрөлд оролцохоос татгалзаж, залуу тамирчин Ц.Анударьд боломж олгосон байна.
Хэдийгээр багийн төрөлд оролцохгүй ч гэсэн О.Гүндэгмаа гар бууны ганцаарчилсан төрлөөр долоо дахь олимпийн наадамдаа оролцох болно.
Өдгөө 22 настай Ц.Анударь нь 2019 онд Бээжин хотноо явагдсан дэлхийн цомын тэмцээнд хийн гар бууны Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоож, олимпийн эрхээ авсан билээ. Харин О.Гүндэгмаа 2019 онд Катар Улсын Доха хотноо болсон буудлагын спортын Ази тивийн АШТ-ий 25 метрийн спорт гар бууны төрөлд 587 оноо цуглуулан олимпийн эрхээ авсан юм.
Ийнхүү гар бууны эрэгтэй тамирчин О.Даваахүү болон эмэгтэй тамирчин Ц.Анударь нар холимог багийн төрөлд эх орноо төлөөлөн оролцоно. Үүнээс гадна О.Даваахүү, Ц.Анударь, О.Есүгэн, О.Гүндэгмаа нар бүгд ганцаарчилсан төрөлд өрсөлдөнө.
Холбоотой мэдээ