Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр (2021.06.28) 16 цаг 10 минутад эхэлж, Засгийн газраас 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэнэ хэмээн Байнгын хорооны дарга Б.Баттөмөр хуралдааны эхэнд танилцуулав.
Хуулийн төслийн талаар асуулт асуух гишүүн байгаагүй тул хуулийн төслийн 1-р зүйлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, Б.Энхбаяр, Б.Бат-Эрдэнэ нар хуулийн хэрэгжих хугацааг зургаа бус гурван сараар сунгах, хэрэв шаардлагатай бол тухайн үед нь намрын чуулганаар хэлэлцэх санал хэлж байв.
Төслийн нэгдүгээр зүйлтэй холбогдуулан асуулт асууж, тодруулга авсны дараа Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг хэлэлцлээ. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэргэлэнгээс гаргасан зарчмын зөрүүтэй 5, найруулгын шинжтэй 2 санал тус бүрээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй. Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, Б.Энхбаяр нараас гаргасан зарчмын зөрүүтэй санал мөн дэмжигдээгүй болно.
Ийнхүү Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Холбоотой мэдээ