Өдрийн тойм: Нисдэг Голландын сүйрэл, хүчирхэг Португалын харуусал

Хуучирсан мэдээ: 2021.06.28-нд нийтлэгдсэн

ЕВРО-2020

Өдрийн тойм: Нисдэг Голландын сүйрэл, хүчирхэг Португалын харуусал

Өдрийн тойм: Нисдэг Голландын сүйрэл, хүчирхэг Португалын харуусал

Euro 2020 тэмцээний шөвгийн 16-ийн хоёр дахь тоглолтууд явагдаж өндөрлөлөө. Олон хөлбөмбөг үзэгч, хөгжөөн дэмжигч хорхойтнуудын таамаг эвдсэн шөнө байсан гэхэд хэлсдэхгүй. 1988 болон 2016 оны Европын аваргууд тэмцээнээ өндөрлүүлсэн үдэш байлаа. Нисдэг Голландууд жигүүргүй мэт тоглож, 2006 оны дэлхийн аваргаас хойшхи хамгийн хүчтэй бүрэлдэхүүнээрээ орсон Португалчууд 1984 оноос хойшхи хамгийн муу үзүүлэлттэйгээр энэ Еврог орхиж байна.

Нидерланд 0-2 Чех

Хэсгийн шатнаас 100 хувь амжилттайгаар гарч ирээд байсан Нидерландчууд хасагдах шатны эхний тоглолтдоо Чехэд хожигдож тэмцээнээ дуусгалаа. Бусад хэсгийг тэргүүлсэн багуудыг бодвол харьцангуй дундаж багуудтай тоглохоор хуваарь нь гараад байсан бөгөөд хагас шигшээ хүрэх зам нь дардан гэгдэж байв. Гэвч хасагдах шатны талбай өөр байж, тоглолтын агуулга, сэтгэлзүй, бэлтгэлжилт, дасгалжуулагч гээд бүхий л талаараа Чехэд илт давуу хожигдож тэмцээнээ өндөрлүүллээ.

Эргэлтийн цэг: Мален боломж алдаж, Дэ Лигт улаан хуудас авав

Тоглолтын эхлэлийг сайн тавьсан ч Нидерландчууд эхний хагаст олигтой боломж үүсгээгүй. Улмаар 50 дахь минутад довтлогч Мален өөртөө маш гоё боломжийг үүсгэсэн хэдий ч шийдвэр гаргалт буруу байснаар хаалгачийн эсрэг ганцаараа гарсан боломжоо салхинд хийсгэсэн юм. 

Үүнээс төд удалгүй багийн гол хамгаалагч Матис Дэ Лигт бөмбөг тогтоохдоо халтирч унан, Патрик Шикт бөмбөгөө алдахгүй гэсэндээ бөмбөгийг гараараа зайлуулснаар улаан хуудас авч талбайг орхисон юм. Хэрвээ Дэ Лигт гараараа бөмбөг цохиогүй бол Патрик Шик хаалгачийн эсрэг ганцаараа гарч ирэх байсан гэдэг утгаараа улаан хуудас хүртэх нь маргаангүй байлаа. 

Энэхүү мөч тоглолтын хэмнэлийг утгаар нь өөрчилсөн бөгөөд түүнээс хойш Чехүүд хөлбөмбөгийн хичээлийг Нидерландад заасан гэхэд болно. Улмаар Томаш Холешийн нэг гоол, түүний дамжуулалтаар орсон Патрик Шикийн нэг гоолоор 2:0-ийн харьцаатайгаар Чехүүд ялалт байгуулсан юм.

Хэрвээ Дэ Лигт улаан хуудас аваагүй бол, Мален тэр боломжийг алдаагүй бол Дэ Лигт улаан хуудас авах байсан уу гэх мэт асуултууд хөвөрнө. Гэхдээ Малены шийдвэр гаргалт, Дэ Лигтийн хариуцлагагүй байдал гээд угаасаа л Нидерландын гол тамирчдаас эхлээд багийн бүрэлдэхүүн тэр чигтээ асуудалтай байсан мэт. 

Чех “хүчээр” асуудлыг шийднэ

Чех энэ тэмцээний өмнө урьдчилсан шатанд хамгийн их агаарын дуэлийг хийсэн үзүүлэлттэй байв. Тэр ч утгаараа энэ тэмцээнд тэдний гол давуу тал, гоолын боломж үүсгэх хамгийн сайн арга нь агаарын тоглолт, хүчний тоглолтууд. 

Хүний давуу авсан Чехүүд Нидерландчуудыг биеийн хүч, хурд, гүйлтийн тэсвэр, агаарын дуэл гээд бүх зүйлээрээ илүүрхэж эхэлсэн. Өөр довтолгооны арга барилтай багийн эсрэг хүн дутуу хамгаалж болох бол Чех шиг хурд хүч зонхилсон багийн эсрэг үнэхээр хэцүү байв. Чехэд том багт тоглодог, сүпэр тамирчид байхгүй. Гэхдээ тэдэнд хурд, хүч, үсрэлт, бөмбөгний төлөөх “тулаан” хийх чадвар, хоёр давхрын тоглолт байлаа. Чех асуудлыг “хүчээр” шийдэж чадна гэдгээ бусад өрсөлдөгчдөө харууллаа. 

Лидерийн дутагдал, тактикийн дутагдал… бүх зүйлийн дутагдал

Нидерландчууд улаан хуудас авснаар тоглолтын хэмнэлийг тэр чигтээ алдсан. Зохион байгуулалт, ойлголцол, шийдвэр гаргалт, довтолгоо хамгаалалтын хувилбар гээд ямар ч эмх замбараагүй болсон. Энэ утгаараа дасгалжуулагч олон төрлийн нөхцөл байдалд ямар ч бэлтгэлгүй, зөвхөн ганц гарааны хувилбартайгаа л ирсэн гэдгийг нь харж болно. Гурван хамгаалагчтай тоглож байгаа багийн хувьд дөрвөн хамгаалагчтай хувилбар руу шилжихэд хэрхэн хамгаалах төлөвлөгөө байх ёстой. Гэтэл Нидерландчууд өөр хувилбар руу шилжээд тоглогчид нь юу хийхээ, яаж довтлох, хамгаалах учраа олохоо байсан гэхэд болно. Тэдний дамжуулалт таваас дээш ч явж чадахгүй эсрэг багийн мэдэлд орж байлаа. 

Мөн багийн бүрэлдэхүүнд тоглолтын удирдлагыг авч явах хүн байсангүй. Багийн ахлагч, төвийн хагас Виналдум нь тоглолтын турш 10 дамжуулалт л оновчтой өгсөн гэдэг нь Нидерландчууд яагаад хаалганд цохиж чадаагүй вэ гэдгийг бүрэн илтгэнэ. Дэ Ионг удирдлагыг гартаа авахаар хичээж байсан ч ганц хоёр дамжуулалтыг илгээгээд цаашаа довтолгоо өрнөж чадахгүй байв. Аль нэг тамирчин бөмбөг эзэмшиж байгаад алдана, эсвэл дамжуулалтаа таслуулна. Дэ Ионг хамгаалалт довтолгоо, дамжуулалт зэрэгт идэвхтэй байсан ч тоглолтын удирдлагыг авч чадахгүй байв. Өөртэй нь холбоотой гэхээсээ илүү хамтрах тоглогч, багийн ерөнхий тактик сул байсантай үүнийг холбож болно. 

Саяхан Барсад очихоор болсон Мемфис Дэпай довтолгооны санаачлагыг авахаар тоглолтын төгсгөлд идэвхтэй гүйж байсан ч нэг ч боломж үүсгээгүй. Мөн гаргаж буй шийдвэрүүд, өгч буй дамжуулалтууд, асуудлыг шийдвэрлэж буй байдлууд ямар ч үр дүнгээ өгөөгүй. Үүнээс гадна сэлгээгээр орж ирсэн тамирчид ч талбай дээр гараад багаар хэрхэн тоглох, ямар үйлдэл хийхээ сайн мэдэхгүй, өөрсдийн дураар хэдэн үйлдэл хийж байгаад бөмбөгөө алдаж байлаа. Дахин сануулахад тэд нэг ч удаа хаалганд оновчтой цохиогүй. 

Португал 0-1 Бельги

Тэмцээний хамгийн хүчирхэг бүрэлдэхүүнтэй, цомын өрсөлдөөнд хүчтэй өрсөлдөгчдийн нэгээр нэрлэгдэж байсан багийн Португалчууд тун “азгүй” гэмээр үр дүнтэй нүүр тулж тэмцээний орхилоо. Азгүй гэсэн учир нь 27 удаа хаалганд цохиод гоолдож чадаагүй нь Еврогийн түүхэнд тодоор бичигдэх үзүүлэлт.

Португал яагаад хасагдав?

Түүхэн дэх хамгийн агуу тамирчдын нэг Кристиано Роналдогаар ахлуулсан Португалчуудын дундын шугаман дахь өөрчлөлтүүд тэднийг тэмцээнээс хаслаа. Хэсгийн шатанд Унгартай тоглосон нээлтийн тоглолтын дундын шугаманд тоглосон Бруну Фернандэш, Уиллиам Карвалью, Данило нар энэ тоглолтод бүрэн солигдлоо. Тасалгааны хоёр хамгаалагч нь бэртлийн улмаас тоглосонгүй. Харин улирлын турш супер формтой байсан Бруну Фернандэш бэлтгэл хангалттай биш гэсэн статустай гараанд багтаагүй. Зөвхөн энэ тоглолтод ч бус өмнөх тоглолтууд түүний тааруу тоглолтууд үргэлжилж байсан нь түүний минут болон талбай дээрх үр нөлөө илтгэнэ. 

Төвийн хагас хамгаалалтын гарааны гурван тоглогч солигдоно гэдэг дэндүү том өөрчлөлт. Хоёр тоглогч нь бэртлийн улмаас тоглохгүй гэдэг дээр нэмээд Бруну Фернандешийг сольсон явдал нь шинэ зүйл туршиж байгаатай агаар нэгэн байв. Мэдээж Португал хангалттай боломжуудыг үүсгэсэн ч гоол болгож чадаагүй. Мөн баруун жигүүрийн хамгаалалтад Диого Далотыг ийм том тоглолтод сонгосон нь сонирхолтой явдал байв.

Торган Азар хэрхэн гоолдов

Фернанду Сантош бол хамгаалалтын мэргэжилтэн энэ арга барилаараа Европын аварга болж өөрийгөө дархалсан нэгэн. Түүний хамгаалалтын гол хөзрүүд буюу Данило, Уиллиам Карвалью нар нь нэгэн зэрэг бэртсэн гол “гай” нь байв. Т.Азар нь цохилт нь хааж боломгүй бөмбөг байсан уу гэвэл үгүй. Бөмбөг нисэх явцад хаалагч Руи Патришиугийн зангалт үсрэх хөдөлгөөнийг сааруулсан нь гоол алдах гол шалтгаан болсон. Сайн цохилт, сайн гүйцэтгэл, хүчтэй нисч ирсэн бөмбөг. Гэхдээ хааж болох байсан уу гэвэл тийм. 

100 саяыг үнэгүйдүүлсэн нь

Түүхэн дэх хамгийн өндөр үнэтэй залуу хөлбөмбөгчдийн нэг Жоао Фэлишд боломж олгоогүй. Мөн 100 саяын залуу талбай дээр гарч ирээд хаалганы тор хөдөлгөж чадаагүй нь мэргэжилтнүүдийг гонсойлгож байна. 

Newmeta - А.Амаржаргал, Э.Ганбаатар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж