🔴 ШУУД | УИХ-ын чуулганы хуралдаан /06.28/ #NewsMN #NewsAgency
🔴 ШУУД | УИХ-ын чуулганы хуралдаан /06.28/ #NewsMN #NewsAgency
Posted by News.mn on Monday, June 28, 2021
"Монгол Улсад дельта хувилбар илрээгүй"
Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Цар тахал эхэлснээс хойш 17 чиглэлээр судалгааны ажлыг эхлүүлсэн. Эхнээсээ мутацийг судлаад үр дүн гарч ирж байна. Энэ вирус шинэ. Байнга хувьсаж байна. Тун удахгүй үр дүн тайлагнаад эхлэх байх.
Вакцины үр дүн синофарм 75 хувийн үр дүнтэй гарч ирсэн. Одоогийн энэ түвшинд яваа нь вакцинжуулалтын үр дүн. Нас барсан хүмүүсийн 85 хувь нь вакцинд хамрагдаагүй байсан бол таван хувь нь нэгдүгээр тунгаа хийлгэсэн байсан. 1500 сорьцонд хийсэн вирусийн вариантуудыг судалж байгаа. Монгол Улсад альфа хувилбар өргөн тархсан бол дельта хувилбар илрээгүй байна. Вакцины үр дүнгийн талаар удахгүй тайлагнана.
УИХ-ын дарга Г.Занданшатар: Дельта вирус орж ирэхэд манай улс бэлтгэлтэй байгаа юу. Сая хийсэн вакцин бүрэн хамгаалах уу.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Дельта вирус хоёр сарын өмнө гарсан. ДЭМБ-аас мутацилагдсан хэлбэрт вакцин ямар үр дүн өгч байгааг судалж байгаа. Монгол Улс 2.5 сая тун Файзер вакцин хийх гэрээ хийсэн. Ковакс хөтөлбөрийн хүрээнд 1.1 сая тун вакцин орж ирнэ.
Гурав дахь тунгийн вакцин хангалттай хүрэлцээтэй. Эхний ээлжид ахмад настнуудад хийхээр гурав дахь тунг судалж байна. Монгол Улсад дельта вариант бол гарч ирээгүй.
Гурав дахь тун аль ч улсад хийгдээгүй
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар covid-19 халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Т.Доржханд: Эрүүл мэндийнхээ салбарт хөрөнгө оруулах нь зүйтэй. Экспортын орлого олдог бүс нутагтаа ажлыг нь эрчимжүүлэх санал санаачилгыг дэмжиж байна.
Өчигдрийн авсан мэдээллээр Израил улсад хоёр хүний нэг нь мутацилагдсан вирусийн халдвартай болоод дахиад чангарсан дэглэм рүү орж ирдэг. Цаашдаа дэлхий вирустэй зохицож амьдрахгүй бол болохгүй гэдэгт эргэж харж байна. Зургаан сараар сунгах нь зүйтэй биш байна. Төсвийн тодотголоо хийх хэрэгтэй. Эрүүл мэндийн салбартаа хөрөнгө оруулалт тавьж өгөх нь зүйтэй байна. Нөхцөл байдал ийм байхад бизнесээ чөлөөлөх хэрэгтэй. Тэвчээр тасарлаа гээд жагсаж буй залуусыг ойлгохгүй байна. Дэлхий тодорхойгүй нөхцөлд байхад дарамт шахалтыг бизнесээ учруулж болохгүй. Бизнесээ нээж хажуугаар нь энэ тохиолдлыг хумих бодлогоо явуулахгүй бол болохгүй.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Нөхцөл байдал хүнд байна. Халдварын тохиолдол буурч байсан орнуудад тохиолдлын тоо нэмэгдсэн. ОХУ-д дельта вирус нийт тохиолдлын 90 хувьд илэрч байна.
Гурав дахь давлагаа явахыг үгүйсгэхгүй. Дельта вирус илүү хоруу чанартай. Вакцины үр дүнд нөлөөлдөг. Илүү тархацтай. Бусад хэлбэрээсээ онцлогтой. Нөөцийн бэлэн байдлыг хангах нэн шаардлагатай. Эрүүл мэндийн салбарын ачааллыг бууруулж, дараа дараагийн арга хэмжээг авахад тодорхой хэмжээний санхүүжилт шаардлагатай.
УИХ-ын дарга Г.Занданшатар: Вакцин хамгаалж чадахгүй. Нөхцөл байдал хүнд байгааг шулуухан хэлсэн дээр. Хорио цээр, бодлого стратегийг илрүүлж харж, иргэдийн амь насыг хамгаалаад гол стратегиэ чиглүүлж, тоо биш эдийн засаг нээх гэдэг асуудлаа цогцоор нь харуулах ёстой гэж Т.Доржханд гишүүн хэллээ. Тодорхой хариулахгүй юу.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Спутникийн хоёрдугаар тун долдугаар сарын эхээр орж ирэх хуваарийг бидэнд өгсөн. Гурав дахь тунгийн асуудал аль ч улсад хийгдээгүй. Судалгааны шатанд явж байна. Монгол Улсад хийсэн Синофарм хийлгэсэн улсууд гурав дахь тунг хийлгэх зөвлөмжүүд гаргаж байгаа. Хугацааны хувьд зургаан сараас хийж эхэлнэ гэсэн судалгаа хийгдээд явж байна.
12-оос доош насны хүүхдүүдийн вакцинжуулалтын асуудал судлагдаж байгаа. БНХАУ-ын Синовак вакцин 3-5 насны хүүхдүүд дээр хийгдээд туршилтын шатанд явж байна.
Улаанбаатарын нөхцөл байдал гамшгийн хэмжээнд байна
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир: Улаанбаатар хот дагуул хот гэж байгаа юм уу. Эсвэл шинээр дагуул хот байгуулах асуудал яриад байна уу. Алслагдсан гурван дүүрэгт дагуул хот байгуулах уу.
ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж: Дагуул хотын асуудалд Засгийн газрын мэдүүлснээр их хурал байгуулна. Дагуул хотын дотор тусгай бүс байхаар зохицуулалт хийсэн. Тусгай бүсийг таван чиглэлд байгуулахаар уг хуулийн төслийн 39 дэх хэсэгт тусгасан байгаа. Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл их хурал дээр ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийн хүрээнд боловсруулагдсан төслийг Д.Тогтохсүрэн гишүүнтэй ярьж байгаад төслийг авсан. Засаг захиргааны шинэ хууль 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөнө. Энэ хуультай хамтдаа Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль намрын чуулганаар батлагдвал цогцоор хэрэгжээд явах хууль зүйн үндэслэл бүрдэнэ.
Хотын дарга Д.Сумъяабазар: Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль цоо шинэ эдийн засгийн харилцааг зохицуулах хуулийн төсөл орж ирж байгаа. Үндсэн таван асуудал дээр суурилан, дагуул хотын асуудал цаашаа явна. Нийслэл хот нь эдийн засгийн тусгай бүсэд байхаар шинэ зохицуулалт орж ирсэн. Тусгай бүсийг дагуул хотод Засгийн газрын шийдвэрээр зохицуулахаар орж ирж байна.
УИХ-ын гишүүн Д.Ганбат: Улаанбаатарын нөхцөл байдал гамшгийн хэмжээнд байна. Энэ хуулийг иргэддээ хэлэлцүүлж тэдний санаа бодлыг тусгасан уу. Үндсэн хуульд заасан эрүүл аюулгүй орчинд амьдарна гэсэн заалт хэрэгжээгүй 20 жил болж байна. Энэ хуулийн концепц чинь буруу яваад байгаа юм биш үү. Бусад улс орнуудад хотынхоо даргыг иргэд өөрсдөө сонгодог. Бид намаар дамжуулаад намчдаа сонгож, цүнх баригчдаа ажил албан тушаалд тавихаар ажил амьдрал сүйрлээ. Нийслэл жорлон ухах газаргүй болчихсон. Хөрс аюулын хэмжээнд хүрчихсэн. Би Хан-Уул дүүрэгт амьдардаг. Нэг метр квадратад хэчнээн хүн ямар орон сууц байх юм. Нөгөөтэйгүүр шинэ нисэх буудал руу явсан зам ашиглалтад ороогүй байхад, эвдэрсэн. Энэ асуудлыг яах юм.
ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж: Үндсэн хуульд аймаг, нийслэлийн Засаг даргыг иргэдийн төлөөлөгч хурал санал болгож, Ерөнхий сайд чөлөөлнө. Үндсэн хууль өөрчлөгдөөгүй цагт хотын даргыг нийтээрээ сонгох бололцоо байхгүй. Монгол Улс нэгдмэл улс. Энэ улсыг нэгдмэл хуулиар яаж авч явах уу гэдэг нь төрийн асуудал. Нийслэлд бусад засаг захиргаанаас илүү эрх өгвөл, нийслэлийн асуудал Засгийн газрын түвшинд захирагдахад төвөгтэй байдал үүсэхийг үгүйсгэхгүй.Ний нуугүй ярихад Нийслэл, салбар яамдын зөрчил байсан. Ойлголцож байгаад энэ төслийг оруулж ирж байгаа юм.
Хотын дарга Д.Сумъяабазар: Хоттой холбоотой шүүмжлэл асар их бий. Нэг өдөр гарч ирсэн асуудал биш. Энэ цаг үед нийслэлийн чиг үүргийг маш тодорхой болгоод өнгөрсөн гучин жилийг ярихгүйгээр ирээдүйг харж яръя.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Хотын эрх зүйн тухай ярихаар заавал удирдлагынх нь тухай буюу Иргэдийн төлөөлөгчдийн хурал гэдэг байгууллагыг ярьдаг. Иргэд төлөөллөө гаргаад асуудлаа шийддэг биш намууд төлөөллөө гаргаад шийддэг намчирхсан байгууллага эцсийн дүндээ Үндсэн хуулийн зорилгоос зөрүүтэй, байгууллага болчихсон. Хотын Ерөнхий архитектур гэдэг хүнийг тогтвортой ажиллуулахын тулд томилгоог нь улс төрөөс хараат бус илүү тогтвортой ажиллуулах асуудал энэ хууль дээр орж байгаа юу. Энэ хуулинд удирдлагаас гадна санхүүгийн эрх чөлөө хумигдаж байгаа юм билээ. Нийслэлд өнөөдөр хэчнээн нийслэлийн өмчийн аж ахуй нэгж байдаг юм.
ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж: Үндсэн хуульд улсын нийслэл Улаанбаатар хот байна гэж заасан. Энэ утгаараа өөр газар нийслэл байгуулах болбол хууль зүйн хувьд хаалттай. Иргэдийн төлөөлөгчтэй холбоотой асуудалд найм орчим сонгууль явагдсан. Намчихрдаг янз янзын асуудал улс төрийн төлөвшилттэй холбоотой. Ер нь нийслэл гэдэг газар өөрсдөө орлого олдог, олсон орлогоор нийслэлээ хөгжүүлдэг, болбол гайгүй болох юм болов уу. Ер нь иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийн тоо Засгийн газрын анхаарлыг татаж байна. Зарим газар хэт олон болчихсон юм байна лээ. Энэ хуулийн төсөлд ерөнхий хязгаарыг Засгийн газар тогтоож өгөхгүй бол дур дураараа орон тоо нэмж буй асуудал харагдаж байгаа.
УИХ-ын гишүүн Н.Ганибал: Нийслэлд Монгол Улсын хүн амын талаас илүү хувь амьдардаг. Энгийн жишээ бол махны асуудал. Малчид бүтээгдэхүүнээ үнэ цэнэтэйгээр борлуулаад өөрсдийн амьдрал ахуйг авч явах үндсэн зорилготой. Харамсалтай нь нийслэл хотынхон тэр бүтээгдэхүүнийг хамгийн хямдаар авч хэрэглэх гэж зөрчилддөг. Энэ ч өнөөдөр Монголын нөхцөл байдлын илрэл болж харагддаг. Хүнсний асуудлаа хэрхэн хангах юм. Бодлогын яам махны нөөц бүрдүүлсэн явж байдаг. Энэ зөрчилдөөнийг засаж залруулах заалтаа энэ хуульд хэр тусгасан бэ.
Хотын дарга Д.Сумъяабазар: Улаанбаатар хотын хувьд хэрэгжүүлэх тусгай чиг үүргээ энэ хуульд нэмж авах шаардлагатай. Нийгэм эдийн засгийн хүндрэлээс гаргах амаргүй. Улаанбаатар хотод улсын хэмжээнд олон улсын ложистикийн төвүүдийг зохицуулах, нийслэлийн нутаг дэвсгэрийн төлөвлөлтийн асуудал дамжин өнгөрөх авто зам, иргэдийн нийгмийн инженерийн дэд бүтцээр хангах, асуудлыг хуулийн төслийн ач холбогдолд оруулсан. Шаардагдах төсвийг улсын төсөвт оруулахаар тусгасан. Бид 30 жилийн хугацаанд захиргаа тал руу явж ирсэн. Одоо захиргаа бизнесийг тэнцвэртэй нөхцөлд явуулж байж эдийн засаг сайжирна гэж харж байгаа.
УИХ-ын гишүүн Т.Доржханд: Хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж байна. Гэхдээ хотын асуудал ярьж буй болохоор ямар агуулгаар хотоо хөгжүүлэх талаар товчхон санал хэлье. Өндөр байшинтай дээрээс нь камераар иргэдээ хянадаг байдал биш ээ. Эсрэгээрээ иргэд нь гудамжаа дүүргэдэг, тархсан хотын иргэд хамгийн аз жаргалтай гэдэг үзүүлэлт дэлхий нийтэд байна. Үүнтэй холбоотой нийслэл энэ жишгийг дагах хэрэгтэй. Монголчууд цөөхүүлээ, өргөн уудам тал нутагт тархсан. Ганцхан дэд бүтцийн асуудалтай. Инженерүүдийн зүгээс нягтрал ихтэй газар өндөр байшин битгий бариулаач ээ гэдэг, шууд хориглооч ээ гэдэг асуудлыг ярьдаг. Үүнийг хуульд тусгамаар байна. Хотоо тэлэхдээ дэд бүтцийг оруулна. Хоёрдугаарт, Монголчуудын давуу тал үүх түүх байдаг. Улаанбаатар хотоо зарах ёстой шүү дээ. Европын хотууд гүүрээ зардаг, бүгдийг нь зардаг. Жуулчид яах гэж очдог юм. Өв соёлоо хадгалж, хамгаалж, урт хугацааны түүхтэй үүнийгээ хадгалж явуулах бодлогыг хотын дарга явуулмаар байна.
Чуулган: Онц байдал зарлан цар тахалтай тэмцэх хэрэгтэй
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Covid-19 халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
УИХ-ын дахь АН-ын бүлгийн дарга Д.ГАНБАТ:
–Цар тахалтай нүүр тулаад хоёр жил өнгөрчээ. Энэ хугацаанд 111 мянга гаруй иргэн халдвар авч, 533 иргэн халдварын улмаас амиа алдаад байна. УИХ 2020 дөрөвдүгээр сарын 29-ны өдөр Covid-19 халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг яаралтай горимоор хэлэлцэн баталсан. 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ны өдөр 2021 оны нэгдүгээр сарын 29-ий өдөр хуульд тус, тус нэмэлт өөрчлөлт оруулан хуулийн үйлчлэлийг удаа дараа сунгасан. Өнөөдрийг хүртэл хуулийн хэрэгжилтийн үр дүн хангалтгүй байгаа бөгөөд УИХ дахь олонхийн бүлэг Засгийн газар, Улсын Онцгой комиссын төлөвлөгөө оновчгүй, хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр арга хэмжээгээ эрэмбэлээгүй зэрэг нь өнөөгийн хүнд нөхцөл рүү оруулах үндсэн шалтгаан гэж дүгнэж байна. Хоёр жилийн хугацаанд хоёр Засгийн газар дамжин нийтдээ 15.1 их наяд төгрөг зарцуулсан хэдий ч цар тахалтай тэмцэх ажил үр дүн муутай. Энэ хуулиар далимдуулан хэсэг бүлэг хүмүүс төсөв, санхүү, зээл тусламжаар мөнгө завшиж үр дүнгүй зарцуулсаар байна. Энэ нь өнөөдрийн нөхцөл байдлаар илэрч байна. Халдварын тархалт хяналтаас гарах хэмжээнд хүрч, хүчин мөхөсдөхөд ойрхон байна. Удаа дараа тогтоосон хөл хорионы улмаас олон мянган бизнес хаалгаа барьж, иргэд ажлын байраа алдаж байна. Өргөн хэрэглээний барааны үнэ өссөн нь ард иргэдийн амьдралд хүндээр тусч эхэллээ. Халдварын тоо сүүлийн нэг сарын хугацаанд огцом өсч байгаатай зэрэгцэн халдварыг оношлох PCR төлбөртэй болж, эмнэлгийг ор олдохгүй байгаа нь иргэдийг бухимдуулж байна.
Монгол Улс хилээ нээсэн ч дэлхийн 78 орон монголоос жуулчин авахгүй гэдгээ зарлаж, 112 орон хязгаарлалт тогтоосон мэдээ байна. Гадаадын нэр хүндтэй хэвлэлүүд 2021 оны зургадугаар сарын 22-нд "Вакцинжуулалтаар тэргүүлж буй арван орноос хүн амынхаа 50-68 хувийг вакцинжуулсан дөрвөн улсын нэгээр Монгол Улс тодорсон. Гэсэн хэдий ч вакцинжуулалт үр дүн муутай.Хүн амтай харьцуулахад халдварын тархалт нас баралт хамгийн их байгаа орон" гэдгийг онцолжээ. Засгийн газар, УОК-оос тавьсан шаардлагыг бүрэн хэрэгжүүлсэн ч халдварын тархалт буурсангүй. Халдварын улмаас нас барсан иргэдийнхээ араас зул өргөж буй иргэдийн эрх чөлөөнд халдаж хууль хүчний байгууллагуудаар далайлгаж байгааг бид хүлээн зөвшөөрч чадахгүй. Covid-19 халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх асуудлаар УИХ дахь АН-ын бүлэг дараах санал, дүгнэлтийг гаргаж байна.
- УИХ ажлаа хийж цар тахалтай тэмцэх бодлого, чиглэлийг хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу гартаа авах хэрэгтэй байна. Одон медалийн нимгэн зузааныг чуулганы танхимд хэлэлцэх атлаа улс орныг нөмөрсөн цар тахлыг хэлэлцэн шийдвэрлэхгүй. Онцгой эрхээ хүртэл шилжүүлж байгаа УИХ-ын гишүүд та бид үүссэн нөхцөл байдалд буруутай. Цаашид шаардлагатай тохиолдолд Гамшгийн тухай хуулийн хүрээнд эсхүл Онц байдал зарлан цар тахалтай тэмцэх хэрэгтэй.
- Төрийн бүх шатны байгууллагууд энэ хуулиар далимдуулан төрийн албанд сонгон шалгаруулалт явуулахгүйгээр томилгоо хийж, дарга эрх мэдэлтний шахаасаар танил талаа томилж байгааг зогсоох.
- Тус хуулийн нэмэлт өөрчлөлтөд оруулсан Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг зарцуулах харилцааг тусгайлсан хуулийн хүрээнд нэмэлт өөрчлөлт оруулан шийдвэрлэх.
- Засгийн газар хил боомтын харилцааг зохицуулахдаа түр хугацаанд хэрэгжих хуулиар бус байнгын зохицуулалттай хуулийн хүрээнд зохицуулах.
УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
- Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.06.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/;
- “Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2021.06.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/;
- “Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2021.05.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/;
- Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.06.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөл /Засгийн газар 2021.06.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.
Холбоотой мэдээ