Ким Жон Ун жин хаясан нь өвчин үү, эсвэл?

Хуучирсан мэдээ: 2021.06.29-нд нийтлэгдсэн

Ким Жон Ун жин хаясан нь өвчин үү, эсвэл?

Ким Жон Ун жин хаясан нь өвчин үү, эсвэл?

Дэлхийн хамгийн хаалттай орны залуу удирдагч Ким Жон Уны үг, үйлдэл бүр олон улсын хараанд байдаг. Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун сүүлийн үед мэдэгдэхүйц жин хаяж, турсан нь олны анхаарлыг татаж байна. Нутгийн нэгэн иргэн төрийн мэдээллийн агентлагт удирдагч Ким Жон Ун огцом жин хаясанд санаа зовниж буйгаа ярьжээ. Түүнчлэн мэргэжилтнүүд Ким Жон Уны эрүүл мэндтэй холбоотой мэдээллийг олж авахаар хичээж байгаа аж.

Хойд Солонгосын өндөр цензуртай төрийн мэдээллийн агентлаг өнгөрсөн Баасан гаригт удирдагч Ким Жон Ун мэдэгдэхүйц жин хаяж буйд санаа зовниж буй тухай Пёньяны оршин суугчдын сэтгэгдлийг нийтэлжээ. Ийнхүү төрийн мэдээллийн агентлагаар их удирдагчийн эрүүл мэндийн асуудлыг хөндсөн нь ховор тохиолдол учир олон улсын хэвлэлүүд ч анхаарлаа хандуулж байна.

Ким Жон Уны эрүүл мэнд муудсан талаар элдэв таамаг, мэдээлэл өнгөрсөн 2020 оны дөрөвдүгээр сараас гарч эхэлсэн юм. Учир нь Хойд Солонгосыг үндэслэгч Ким Ир Сений төрсөн өдрийг тэмдэглэх дөрөвдүгээр сарын 15-ны уламжлалт арга хэмжээнд удирдагч Ким Жон Ун оролцоогүй. Тухайн үед түүнийг хагалгааны дараа "ком"-д орж ухаангүй байгаа, эсвэл бүр нас барсан гэх мэдээлэл цацагдсан.

Сөүлд төвтэй Хойд Солонгосын мэдээ (Daily NK) вэбсайтад мэдээлснээр Ким Жон Ун нь эрүүл бус амьдралын хэв маяг, хорт зуршлынхаа улмаас зүрхний өвчнөөр өвдөж, мэс засалд орсон гэх мэдээллийг өөрийн эх сурвалждаа үндэслэн нийтэлсэн. Түүнчлэн Ким Жон Ун хагалгааны дараа биеийн байдал нь муу байгаа гэж мэдээлсэн юм. Мөн түүнийг жингийн илүүдэлтэй, тамхи их татдаг, ажлын ачаалал ихтэйн улмаас өвдсөн гэх таамаг бий.

Эх сурвалжийн мэдээлснээр, Ким Жон Ун 2020 оны дөрөвдүгээр сарын 12-нд зүрхний мэс засалд оржээ. Үүний зэрэгцээ Вашингтонд төвтэй 38-р өргөргийг ажиглах бүлгээс Ким Жон Уны галт тэрэг зүүн эргийн Уонсан хотод байгааг хиймэл дагуулын зургаар баталж, түүнийг тэнд амарч, эмчлүүлж байгаа гэх таамгийг дэвшүүлсэн юм. Ким Жон хэсэг хугацаанд олон нийтийн өмнө гаралгүй, олон арга хэмжээг охин дүү Ким Ёо Жон нь удирдан явуулсан. Гэхдээ тэрбээр хэсэг хугацааны дараа бага зэрэг жин хаясныг эс тооцвол эрүүл саруул олон нийтийн өмнө гарч ирсэн. Ким Жон Ун өнгөрсөн оны зургадугаар сарын эхээр олны өмнө дахин гарч, шинээр баригдаж буй үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан юм.

"Өдгөө 37 настай Ким Жон Уныг 170 см өндөр, 136 кг жинтэй" хэмээн Өмнөд Солонгосын тагнуулын агентлаг өнгөрсөн арваннэгдүгээр сард мэдээлж байв. Сөүлд төвтэй АНУ-ын цэргийн тагнуулын офицер Майкл Бродка хэлэхдээ “Ким Жон Ун мэдэгдэхүйц жин хаясан нь тийм ч ноцтой асуудал биш. Гэхдээ энэ нь Хойд Солонгосын дэглэмийн талаар мэдээлэл цуглуулж буй тагнуулын ажилтнуудад олон зүйлийг тайлбарлаж байна. Магадгүй энэ нь ердөө Ким Жон Уны амьдралын хэв маяг өөрчлөгдсөнтэй холбоотой байж болох. Түүний эрүүл мэндэд ноцтой асуудал үүссэн эсэхийг цаашид илүү олон сар ажигласны үндсэн дээр таамаглах боломжтой” хэмээжээ. Ким Жон Ун өмнө нь 2014 онд хэсэг хугацаанд сураггүй болсон. Түүний дараа олны өмнө ил гарч ирэхдээ шагайн гэмтлээсээ болж бага зэрэг доголж байсан юм. Тэрбээр таягтай олон хоног явсан.

Ким Жон Уны эрүүл мэнд бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдалд шууд нөлөө үзүүлнэ. Хэрэв Ким Жон Ун нас барвал албан ёсоор зарласан залгамжлагч байхгүй тул Хойд Солонгост улс төр, цэргийнхний хооронд сөргөлдөөн гарч, тогтворгүй байдал үүсэх эрсдэлтэй.

Үүний зэрэгцээ олон улсын хоригоос үүдэн эдийн засгийн хүнд нөхцөлд байдаг Хойд Солонгосын ард иргэд хоол хүнсний хомсдолд орсныг удирдагч Ким Жон Ун албан ёсоор хүлээн зөвшөөрч байгаагаа өнгөрсөн зургадугаар сард мэдэгдсэн. Тэрбээр намын удирдах албан тушаалтнуудтайгаа уулзахдаа “Ард түмний хоол хүнсний нөхцөл байдал хэцүүдэж байна. Өнгөрсөн жил далайн хар шуурганаас үүссэн үерийн улмаас газар тариалангийн салбар маш их алдагдалтай ажилласан” гэж ярьжээ.

Цар тахал эхэлснээс хойш Умард Солонгос өвчнөөс урьдчилан сэргийлж, хилээ хаасан нь ийнхүү хүнсний хомсдол үүсэхэд ихээр нөлөөлсөн юм. Өдгөө Пёньян хүнс, шатахуун, эрүүл мэндийн бүтээгдэхүүнээ Хятадаас нийлүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж