МАН өнгөрсөн Бямба гаригт Бага хурлаараа Н.Энхбаяр тэргүүтэй 55 мянган гишүүнээс Удирдах зөвлөл, Бага хурлын бүрэлдэхүүнд оруулах шийдвэр гаргажээ. Ингэхдээ Удирдах зөвлөлд МАХН-аас найман гишүүн оруулах тохироотой бөгөөд Н.Энхбаярын хүү Э.Батшугар, Ерөнхий нарийн бичгийн дарга асан Б.Тулга, Нийслэлийн МАХН-ын дарга асан Э.Эрдэнэжамъян, МАХН-ын Хэрэг эрхлэх газрын дарга асан Н.Уламбаяр, МАХН-ын Сонгуулийн ерөнхий менежер асан, эдийн засгийн доктор Д.Дуламсүрэн, Баянзүрх дүүргийн МАХН-ын төлөөлж байсан Г.Золзаяа, "Медиа Холдинг компанийн захирал, хуульч П.Баттөр, Татварын Ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байсан А.Энхболд нарыг багтаажээ.
МАН-ын орон тооны гурван нарийн бичгийн даргаар тус намын Намын байгуулалтын газрын даргаар Н.Энхбаатар, Хэвлэл мэдээлэл, цахим бодлогын газрын даргаар Ц.Чулуунзагд, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Б.Тулга нар томилогдсон бол орон тооны бус нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн, НАМЭХ-ны Ерөнхийлөгч Д.Сарангэрэл томилогджээ.
Мөн Бага хурлын бүрэлдэхүүнд 110 гишүүнийг шинээр нэмж, зарим хүмүүсийг Бага хурлын гишүүдээс хасчээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Д.Тэрбишдагва, А.Ундраа, Б.Ундармаа нарын хэд хэдэн хүнийг Бага хурлын гишүүнээс хасч, МАХН-ын 110 хүнийг багтаажээ. Цаашид ч МАХН-ынхан эрх мэдэл, албан тушаалд томилогдох бөгөөд Н.Энхбаярын хэлсэнчлэн 2200 хүнийг намын эрх бүхий албан тушаалд томилно гэдгийг мэдэгдэж байсан юм.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ