УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус намын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар Covid-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг авч хэлэлцсэн байна. Ардчилсан намын бүлгээс Цар тахлын үеийн хуулийг сунгахаас өмнө тайлангаа дэлгэхийг шаардав.
УИХ-ын гишүүн Б.ПҮРЭВДОРЖ:
-Бид ардчилсан нийгэмд амьдарч, Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж байна. Covid-19 халдварын улмаас нас барсан иргэдийнхээ хойноос эмгэнэл илэрхийлсэн, аж ахуйн нэгжүүд УОК-ын шаардлагыг эсэргүүцсэн иргэдийнхээ шаардлагыг Ардчилсан намын бүлгийн гишүүд бүрэн дэмжиж байна. Ардчилсан намын бүлэг тэвчээр тасарлаа. МАН Цар тахлыг далимдуулж хүнд нөхцөл байдалтай байна гэж наагуураа ярьдаг атал цаагуураа иргэдийн халаасыг хоосолж байна. Ийм систем тогтоож байна. Гашуунсухайтын боомтоор 18 мянган машин тээвэр хийдэг. Үүнээс 6000-д нь зөвшөөрөл олгодог. Хэргээр боож хааж дараалал олгодог. Өмнө нь ачаа тээврийн нэг машинд гурван сарын зөвшөөрлийг 900 мянган төгрөгөөр олгодог байсан бол өнөөдөр 1.5 сая болж өссөн. Нийт зөвшөөрөл авч байгаа зургаан мянган машины авлига 9 тэрбум болж байна. Энэ мөнгө МАН-ын цагаан байшинд орж байна. Цар тахлын үеийн хуулийг сунгах шалтгаан нь өөрсдийнх нь цүнх баригчдын эрх мэдэл дуусч байгаа учраас дахин сунгах гэж байна. Тиймээс Цар тахлын үеийн хуулийг сунгахаас өмнө тайлангаа тавь. Дараа нь сунга.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.ГАНБАТ:
-Өнгөрсөн хугацаанд 2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль, Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол, МАН-ын 100 жилийн ой, бэлэг дурсгал тараах зэрэг арга хэмжээг зохион байгуулсан. Гэтэл аж ахуйн нэгжүүд хаалгаа барьж, аргагүй байдалд орчихоод ажил төрлөө хийе гэхэд нь эсэргүүцдэг, дарамталдаг байж болохгүй. Бидний ярьдгаар нэг намын дарангуйлал руу тогтож байна. Ардчилсан намын бүлэг, Ардчилсан намын гишүүд тэвчээр тасарлаа. Бид Засгийн газрыг хариуцлагагүй ажилласан гэж дүгнэж байна. Үндсэн хуулийн хэмжээнд ажилла. Цаашид Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчилгүй, Гамшгийн тухай хууль эсвэл онцгой байдал зарла. Covid-19 халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хүрээнд хоёр Засгийн газар дамжин 15.1 их наяд төгрөгийг зарцуулсан боловч жирэмсэн ээжүүд, хоёр сартай хүүхэд ч нас барж байна. Гэтэл амьсгалын аппарат, уушги орлуулах аппарат ч дутмаг байна. Уул уурхайгаас олсон орлогыг үр ашиггүй зарцуулж байна. Гашуунсухайтад тэг зогсолт хийгээд 10 орчим хонолоо. Өнгөрсөн хугацаанд томилгоог ар өврийн хаалгаар, хамаатан саднаа томилж байна. Байдал ийм байхад УИХ-ын чуулганы хуралдаанд Ардын хувьсгалын 100 жилийн медалийг нимгэн, зузаан, тоо ширхэг их багыг яриад сууж байна. Анхнаасаа АН-ын бүлэг удаа дараа анхааруулсан.
УИХ дахь Ардчилсан намын бүлэг мэдээлэл хийж байна.2021.06.28#ТөрийнОрдон
Posted by Ардчилсан Намын Бүлэг on Sunday, June 27, 2021
Холбоотой мэдээ