"Ай Си Ти" групп үндэсний үүлэн технологийг нэвтрүүлнэ

Хуучирсан мэдээ: 2021.06.28-нд нийтлэгдсэн

"Ай Си Ти" групп үндэсний үүлэн технологийг нэвтрүүлнэ

"Ай Си Ти" групп үндэсний үүлэн технологийг нэвтрүүлнэ

Үндэсний хөгжлийн газар нь “Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т тусгагдсан “Цахим засаглал” үндэсний хөтөлбөрийн төрийн мэдээлэл солилцох үүлэн тооцооллын дэд бүтцийг өргөтгөх зорилтын хүрээнд “Тэргүүлэх салбаруудад хэрэгжүүлэх 100 төсөл, арга хэмжээ”-нд багтсан “Үүлэн технологийн платформыг үндэсний хэмжээнд нэвтрүүлэх” төслийг хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах цар хүрээ, чиглэлийг тодорхойлж, шаардлагатай бэлтгэл ажлыг хангах зорилгоор хиймэл оюун ухаан, финтек, үүлэн технологи чиглэлээр дэлхийн зах зээлд амжилттай өрсөлдөж эхэлсэн үндэсний компани болох “Ай Си Ти” Групп ХХК-тай харилцан ойлголцлын санамж бичгийг өнөөдөр/2021.06.28/ байгууллаа.

Үндэсний хөгжлийн газрын дарга Х.БАТЖАРГАЛ:

-Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Үндэсний хөгжлийн газар хамтран үндэсний хэмжээний, урт болон дунд хугацааны хөгжлийн бодлоготой уялдаж, Covid-19 цар тахлын дараах үеийн эдийн засгийн сэргэлт, хөгжилд ихээхэн нөлөө үзүүлэхүйц “Тэргүүлэх салбаруудад хэрэгжүүлэх 100 төсөл, арга хэмжээ”-г эрэмбэлж, үүнийг Засгийн газрын 100 хоногийн хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ олон нийтэд танилцуулсан билээ. Эдгээр төслүүдийн хэрэгжилтийг хангахад төсвийн ачааллыг ихэсгэхгүй, Засгийн газрын гадаад өрийн хэмжээг нэмэхгүйгээр төр, хувийн хэвшлийн түншлэл болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн санхүүгийн шинэлэг арга механизмуудыг нэвтрүүлэх боломжийг Үндэсний хөгжлийн газар өөрийн чиг үүргийн хүрээнд үргэлжлүүлэн судалж, шийдлүүд гарган ажиллаж байна. Үндэсний дата, мэдээллийн аюулгүй байдал түүний тусгаар тогтнол бол бидний нэн тэргүүнд анхаарах чухал шаардлагатай асуудал. Энэхүү төслийн бэлэн байдлыг хангах чиглэлээр хамтран ажиллах гэж буй "Ай Си Ти" группдээ баярлалаа.

 “Ай Си Ти” Групп ХХК-ийн ТУЗ-ийн дарга Г.ЛХАМСҮРЭН:

-Цар тахлын улмаас бидний амьдралын хэв маяг, соёл, аргачлал өөрчлөгдөж байна. Энэ цаг үед бизнес, эрүүл мэндийн үйл ажиллагаа дижитал руу маш хурдан шилжихээс өөр сонголтгүй болжээ. Дэлхийн улс орнуудын 90 хувь нь өөрсдийн гэсэн үндэсний үүлэн систем рүү шилжиж, сервер тоног төхөөрөмж гэхээсээ илүү программ хангамж, дэд бүтэц, стратеги дээрээ анхаарч байна. Монгол Улс ч гэсэн үүн рүү зориг шулуудан орж байгаад баяртай байна. Манай улсыг цаашид 1000 жил оршин тогтноход мэдээллийн аюулгүй байдал, иргэний мэдээлэл, аж ахуй нэгжийн мэдээлэл, улсын мэдээлэл маш чухал үүрэг гүйцэтгэнэ. Улсын төсөв маань технологийн салбартаа харьцангуй бага ногддог. Манайд хэрэгжиж буй ихэнх төсөл хөтөлбөрүүд нь донор байгууллагууд, гадны хөнгөлөлттэй зээл тусламжаар санхүүждэг. Монгол залуучууд технологийн ур чадвар, мэдлэг чадвар хэдийнэ дэлхийн гигант компаниудтай эн зэрэгцэж ирсэн. Монгол залуучууд технологийн салбарыг Монголдоо хөгжүүлэхээр хөдөлмөрлөж байна. Өнөөдөр тэдний минь сэтгэлд гал асаасан, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэнд оруулж буй үйл явдал болж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж