"Хүүхдийн зурсан зураг сэтгэлзүйн код нь болдог"

Хуучирсан мэдээ: 2021.06.28-нд нийтлэгдсэн

"Хүүхдийн зурсан зураг сэтгэлзүйн код нь болдог"

"Хүүхдийн зурсан зураг сэтгэлзүйн код нь болдог"

"Монгол Арт галерей"-д өнөөдөр /2021.06.28/ "Монгол арт-2021″ хүүхдийн зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ. 


“Монгол Арт Галерей” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Батжав  “Манай галерей  өмнө нь 2014, 2016, 2018 онд "Хүүхдийн ертөнц уралдаан"-ыг зохион байгуулж байсан. Энэ удаа "Монгол арт-2021"  гэж нэрээ өөрчлөн өргөн хүрээнд зохион байгуулж байна. Энэ жилийн хүүхдийн уралдааны төслийг Монгол Улсын Соёлын яамын соёл урлагийг дэмжих сангаас дэмжиж ажилласан. Уралдааны эхний шатанд  1000 гаруй хүүхэд бүтээлээ ирүүлснээс хоёрдугаар шатанд 470 хүүхэд тэнцсэн. Үүнээс 100 гаруй хүүхдийн бүтээл өнөөдөр үзэсгэлэнгийн танхимд  байрласан байна. Өмнө нь бол галерейн бүх танхимд хүүхдүүдийнхээ зургийг дэлгэдэг байсан бол энэ удаа зөвхөн хоёрдугаар давхартаа шилдэг бүтээлүүдээрээ үзэсгэлэн гаргасан. Энэ удаагийн уралдаанд 21 аймгаас Ерөнхий боловсролын зургийн сургуулийн зургийн багш нар нь хүүхдүүдээ оролцууллаа. Мөн Солонгос, Герман, АНУ-д амьдардаг эцэг эхчүүд хүүхдүүдээ уралдаанд оролцуулсан. Уралдаан бага, дунд, ахлах гэсэн гурван насны ангиллаар явагдсан.  Бага болон дунд насны хүүхдүүдийг эцэг эхчүүд нь маш сайн бэлдсэн байна. Бүтээлийн чадвар чансаа өмнөх жилүүдээс эрс сайжирсан харагдаж байна. Ерөнхийдөө  багш нар хүүхдүүдээ сайн бэлдсэн байна.  Үзэсгэлэнгээс харахад  хүүхдүүд бүтээлдээ ач холбогдол өгсөн гэдэг нь тодорхой харагдаж байна.

Энэ бүтээлүүдийн эзэд дундаас авьяаслаг зураач төрөн гарна гэдэгт итгэлтэй байна.

Хүүхдүүд зургийн урланд явснаар  анхаарлаа төвлөрүүлж сурах, өнгөний мэдрэмжтэй болох гоо зүйн мэдрэмж олох гээд  өндөр ач холбогдолтой. Ирэх жилээс эхлээд  энэхүү уралдаанаа олон улсын уралдаан болгох зорилттой байна. 

Дүрслэх урлагийн  чөлөөт дугуйлан клубийн захирал зураач Д.Одгэрэл "Монголын  дүрслэх урлагийн чөлөөт дугуйлан үйл ажиллагаагаа явуулж эхлээд  30 жил болж байна. Миний багш бол Монгол Улсын гавьяат багш Н.Даваажав гэдэг хүн бий.  Багш маань монголын хүүхдийн зургийн уралдаанд номер нэг хэлж болохоор хүн. Учир нь сүүлийн 35 жилд гадаадаас хүүхдийн зургийн уралдаанд медаль авсан хүүхдүүдийн 70 хувь нь манай багшийн шавь байдаг. Миний шавь болох 300 гаруй хүүхэд гадаадын хүүхдийн зургийн уралдаанаас алт, мөнгө, хүрэл медаль тусгай байруудыг авсан. Хүүхдүүд багаасаа зураг зурснаараа гоо зүйн хүмүүжилтэй болно. Гоо зүйн хүмүүжил гэдэг нь хувцсаа зөв өмсөх, гэр орондоо эмх цэгцтэй байх аливаа зүйлийг яруу сайхан гоо зүйн үүднээс харж чаддаг болдог гэсэн үг. Харин энэхүү уралдааны дөрвөн насны ангилалд миний дөрвөн шавь оролцоод бүгд шагнал хүртсэн. Хүүхдийн бүтээлүүд мэргэжлийн дүрслэх урлагийн багш нарын удирдлагад гүйцэд орсон нь харагдаж байна.

Ямар ч цаг үед хүүхдийн зурсан зураг сэтгэлзүйн код  нь болдог. Хүүхэд ямар мэргэжилтэй болох, сэтгэлзүй зэрэг нь хэр байгаа нь зурсан зургаас нь харагддаг.

Монголд хүүхдийн зургийн сэтгэлзүйн судалгааны төв л дутаад байх шиг байна. Сүүлийн үед мэргэжлийн дүрслэх урлагийн багш нараас илүүтэй мэргэжлийн бус сонирхогч  хүмүүс  мөнгө олохын тулд сургалт явуулдаг болчихсон. Тэгж болохгүй. Өнөөдрийн байдлаар энэ чиглэлээр өчнөөн жил тасралтгүй ажилласан  мэргэжлийн багш нар маш цөөхөн.

Уран зургийн сургалт явуулдаг, "Шинэ өнөөдөр" сургуулийн багш, Д.Давааням "Би 40 жил хүүхэдтэй ажиллаж байна. Миний есөн шавь энэ уралдаанд  оролцсон. Бүгд тэнцэж байр эзэлсэн. Хүүхэд болгон бага насандаа зурдаг. Зурж эхлэх нас нь харилцан адилгүй байдаг. Гурван наснаас эхлээд дөрөв, тав, зургаа гээд л. Томроод ирэхээрээ хүүхдийн сонирхол нь өөр болоод уран зургаа орхидог болохоос хүүхэд болгон зурдаг. Тийм болохоор яг тэр онцлогт нь түшиглээд хүүхдүүдийг зургаар хүмүүжүүлж, төлөвшүүлэх боломжтой.  Хүүхэд  дүрсээ зурахаас эхлээд ямар хүүхэд вэ гэдэг нь харагддаг.  Дулаан өнгөнүүдээ түрүүлж тавьж байна уу,хүйтэн өнгөөр зурж байна уу гэдгээс шалтгаалж хүүхдийн доторх сэтгэл харагдана. Гэр бүлийн хандлага мөрөөдөл зэрэг нь шууд харагддаг. Зурсан зураг нь тухайн хүүхдийн сэтгэлийн толь. 

Юм харж зуруулах нь хүүхдэд дадал суулгахаас уран сэтгэмжийг нь  хайрцагладаг. Өнгөний хослолын хувьд хуулж болно. Гэхдээ л хүүхдийн зурсан зураг  чөлөөт байх хэрэгтэй.  Зун гээд сэдэв өгвөл 20 өөр  хүүхдээс 20 өөр зуны зураг гарна шүү дээ. Зурагнаас суралцах зүйл маш их. Бага наснаасаа эхлэн зураг зурснаар хүүхдийн гарын эвсэл сайжирна. Хожим хүүхэд гарын дүйтэй болж, бичиж сурахад нь хүртэл хялбар байдаг. Бас хүүхдийн бүтээлч сэтгэлгээ хөгжинө. Хүүхэд чөлөөтэй сэтгэж, зурсан зургаараа дамжуулан өөрийгөө илэрхийлж сурдаг. Эхэлсэн ажлаа дуусгахын тулд тэвчээртэй сууж сурна гээд олон давуу талтай. Түүнчлэн бид хүүхдүүддээ бусадтай эелдэг харилцах, бусдын орон зай, үзэл бодлыг хүндэтгэх зэрэг ёс суртахууны мэдэгдэхүүн, боловсрол олгохыг хичээж байна. Хүүхэд бүр гайхамшигтай бүтээлч сэтгэлгээтэй, өөр өөрийн өвөрмөц ертөнцтэй бие хүн байдаг. Гэсэн ч сүүлийн жилүүдэд хүүхдүүдийн бүтээлд монгол ёс, монголын үндэсний бахархлууд дутагдаж байгаад харамсдаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
6
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж