"Хүүгийн минь эмчилгээ дуусвал дүүг нь үүдэл эсийн донор болгож магадгүй"

Хуучирсан мэдээ: 2021.06.28-нд нийтлэгдсэн

"Хүүгийн минь эмчилгээ дуусвал дүүг нь үүдэл эсийн донор болгож магадгүй"

"Хүүгийн минь эмчилгээ дуусвал дүүг нь үүдэл эсийн донор болгож магадгүй"

Монголчуудын хайрыг татсан найман настай Э.Ананд хүү Солонгос улсад эмчилгээ хийлгэж байгаа билээ. Хүнд хэлбэрийн хавдраар оношлогдсон жаахан биендээ баймгүй сэтгэлийн тэнхээ, хатуужилтай хүүгийн биеийн байдал өдөр ирэх бүрт сайжирч байгаа баярт мэдээтэй байна. Монголчууд хүүг эмчилгээнд явуулахын тулд гар сунган тусалсан. Түүнчлэн нэг удаа хандив өгөөд зогсохгүй вакцин хийлгэсэн иргэд 50 мянган төгрөгөө ч хүүгийн хандивт өгсөн билээ. Энэ мэтчилэн сайхан сэтгэлт ард олны тусаар хүү эмчлүүлж байгаа юм. Түүний ээж Ц.Даваагаас эмчилгээний явц болон биеийн байдлын талаар тодрууллаа.

Тэрбээр, санасныг бодвол эхний хими эмчилгээ маань үр дүн сайтай гарлаа. Одоо дахиад нэг хими эмчилгээ хийлгэсний дараа үүдэл эс шилжүүлэн суулгах буюу монголчуудын ярьдгаар чөмөг шилжүүлэн суулгах эмчилгээ хийгдэж байж цусны хавдар маань бүрэн эдгэнэ гэсэн тайлбарыг эмч нар өгч байгаа. Монголд анх нуруу нугасны хавдар гэж оношлогдож энэхүү оношоороо БНСУ руу өвчний түүх явуулснаар эмчилгээний зардал 150 сая вон гэсэн хариу авч хандивын аянаа эхлүүлж байсан.

Сайхан сэтгэлт монголчуудынхаа ачаар энэ зардал маань хэдхэн хоногт л бүрдэж бид хоёр Солонгос улсад цаг алдалгүй ирсэн. Гэвч энд ирээд цусны хорт хавдар гэсэн давхар онош гарсны улмаас эмчилгээний зардал ч, төлөвлөгөөнд ч өөрчлөлт ороод байна. Тухайлбал, тавдугаар сарын 27-ноос зургадугаар сарын 25-н хүртэлх эмчилгээний зардал маань 68 сая вон гарсан. Гэтэл бид дөнгөж л хоёр дахь хими эмчилгээгээ эхэлж байгаа. Цаана нь дахиад хоёр ч том даваа байна.

ХҮҮ МИНЬ ХИМИ ЭМЧИЛГЭЭНИЙ ДАРАА СЭРГЭЖ БАЙГААГ ХАРААД Л ХАМАГ СТРЕСС ТАЙЛАГДДАГ

Эмчилгээний үеэр хүү минь их ядардаг. Хааяа гэрээ санаад уйлна. Хими дуустал зургаан сарын хугацаа шаардлагатай гэсэн. Харин хяналтад байх хугацаа нь хоёр жил. Хими дуусаад нөхөн сэргээлт хийгээд алхаж гишгэдэг болбол үүдэл эс суулгах эмчилгээ хийгдэнэ.Үүдэл эс суулгасан тохиолдолд эрсдэл гарч магадгүй гэж үзээд нэг жилийн турш хяналтад байх ёстой.

Хамгийн гол нь үүдэл эс шилжүүлэхэд донор хэрэгтэй гэсэн. Ерөнхийдөө төрсөн эгч дүүгийнх 25 хувьтай таардаг, эцэг, эх тэрнээс ч бага хувь таардаг болохоор төрсөн ах дүү л донор болох боломжтой юм байна лээ. Эмч нарын хувьд донор дээр санаа зовохгүй байгаа. Одоогоор хамгийн чухал нь хими эмчилгээ дуусаад өтгөн шингэнээ гаргах мэдрэлийн судлуудыг сэргээж өөрөөр нь шээж баадаг болгоно гэсэн.

Бид хоёр одоо бол гуурсаар шээж байгаа. Донорын хувьд охин дүү нь л донор болох боломжтой. Эхлээд гэхдээ шинжилгээ авна. “HLA typing” гэдэг шинжилгээ байдаг юм билээ. Энэ шинжилгээгээр бас донор болох боломжтой эсэх нь гарна. Зарим ах, дүү хоорондоо таарахгүй үе ч байдаг гэсэн. Шинжилгээг Монголд авдаг үгүйг хүнээр асуулгасан. Хариу ирээгүй л байна.

ХҮҮГЭЭ ТЭНХРЭХЭЭР ЦАГИЙН АЖИЛ ХИЙЖ ЭМЧИЛГЭЭНИЙ ЗАРДАЛД НЬ НЭМЭРЛЭНЭ ГЭЭД СОЛОНГОС ХЭЛ СУРЧ БАЙГАА

Одоо энэ удаагийн хоёр дахь эмчилгээ долоо хоног үргэлжилнэ. Нийт гурван хими тариаг 24 цагийн турш хийх юм. Ингээд дархлаа нь хасах руугаа ороод буцаад сэргэх хүртэл хүлээнэ. Гурав дахь хими эмчилгээ тодорхой хугацааны дараа эхлэх байх. Эхний хоёр эмчилгээ ойрхон хийгдсэн учраас. Харин нурууны хавдрын хувьд хими эмчилгээгээр багассанаар дарагдсан мэдрэлийн судлууд ч мөн бага багаар сэргэнэ. Хоёр дахь химийн дараа нөхөн сэргээх эмчилгээ нэлээн түлхүү хийгдэх байх. Алхаж гишгэх, өтгөн шингэнээ мэдэрдэг болох гээд сорилт даваа олон байна.

Хүүгээ жоохон тэнхрээд хажуугаас нь 2-3 цаг холдож болох боломж гарвал цагийн ажил ч болов олж хийе гэж бодож байгаа. Олон нийтийн тусламжийг бишгүй хүртэж байгаа ч өөрөө хөдөлмөрлөх хэрэгтэй гэж бодсон.

Хүүгээ сахиж байхдаа онлайнаар Солонгос хэлээ анхан шатнаас нь үзэж байгаа. Ойр зуурын үгтэй болчихвол ажил хийхэд амар юм болов уу гэж бодсон. Энд байгаа монголчууд их тус болсон. Эхний хими эмчилгээний дараа хүү минь хурдан тэнхэрсэн нь энд байгаа монголчуудын л ач.

Хүүд бантан, шөл гээд тэнхрэх хүртэл нь монгол хоолоороо таслаагүй сайхан сэтгэлтэй бүх хүмүүстээ талархаж байна. Ер нь зөвхөн энд байгаа гэлтгүй Монгол Улсын гурван сая хүн бүгд л хүүд минь тус болсон.

Э.Ананд маань хими эмчилгээний дараа дархлаа нь буцаад сэргэхээрээ хөөрхөн цоглог болдог. Тэр үедээ зурсан зурагнуудыг нь би фэйсбүүктээ тавьсан. Өөр зөндөө зураг бий, хүмүүст бас сонирхолтой байж магадгүй гэж бодоод зургуудыг нь оруулсан юм. Бидэнд давах ёстой олон даваа бий. Хэдийгээр нөхцөл байдал хүнд хүн бүрт эдийн засгийн хувьд хэцүү байгааг ойлгож байгаа ч сайхан сэтгэлт ард түмэн минь хандивын аянд маань нэгдсээр байгаад талархаж байна. Эмчилгээний зардал тооцоолсноос өндөр байгаа учраас хандивын аянаа үргэлжлүүлж байгаа. Бидэнд итгэл өгч, урам зориг харамгүй хайрлаж байгаа монголчууддаа баярлалаа.

ХҮҮД ХАНДИВ ӨГӨХ ДАНС:

  • Төрийн банк 102700381773 Даваа (Ээж)
  • Худалдаа хөгжлийн банк 406084536 Даваа
  • Хаан банк 5447233328 Цэцэг жаргал (Эмээ)
  • Холбоо барих дугаар: 99775557
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж