Явуулын амбулаторийн үйлчилгээг 38 автобусаар үзүүлж байна

Хуучирсан мэдээ: 2021.06.28-нд нийтлэгдсэн

Явуулын амбулаторийн үйлчилгээг 38 автобусаар үзүүлж байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хурлын эхэнд НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга  өнгөрсөн удаагийн шуурхай зөвлөгөөнөөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарын өгсөн 12 үүрэг, даалгаврын биелэлт 87.5 хувьтай хэрэгжиж байгааг танилцуулсан юм. Тухайлбал, коронавируст халдварын тархалтыг бууруулах үүднээс иргэн, аж ахуй нэгж, байгууллагуудын халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж, ариутгал, халдваргүйжүүлэлтийг сайтар хийлгэх, дархлаажуулалтыг эрчимжүүлэх чиглэлээр холбогдох байгууллагуудад үүрэг даалгавар өгсөн билээ.  Тус ажлын хүрээнд зургадугаар сарын 15-24-ний хооронд давхардсан тоогоор 17.443 объектыг хамруулан шалгаснаас 5155 зөрчлийг илрүүлсэн байна. Нийт зөрчлийн 65.7 хувийг газар дээр нь арилгуулж, зөвлөн туслах, сануулах арга хэмжээ авч ажиллажээ.  Түүнчлэн “Шарилжгүй Улаанбаатар-6” аяны хүрээнд нийт 4.465.510 ам метр талбайн шарилж, зэрлэг ургамлыг цэвэрлэв. Мөн нийтийн эзэмшлийн 104 байршил дахь 2500 улиасанд үр хөврөлийг багасгах тарилга хийж байгаагаас өнөөдрийн байдлаар 284 эм улиасанд 743 тариа хийгээд байна. Тус тарилгыг хийснээр эм улиасны унгирал эхний жилдээ 20 хувь, хоёр дахь жилдээ 90 хувь хүртэл хувиар буурах юм.

Нийслэлийн зам, замын байгууламжийн их засвар, нөхөөс, заадасны ажлыг төлөвлөсөн хугацаанд хийж гүйцэтгэх, гүүрийн байгууламж, нүхэн гарцуудын цэвэрлэгээ үйлчилгээ, хайс хашлагын засварын ажлыг тогтмол хийх, аюулгүй ажиллагааг хангах чиглэлийг холбогдох байгууллагуудад өгсөн. Тэгвэл нийт 20 гудамж, замд 289.000 метр урт ан цав, заадас засварлах ажил хийж гүйцэтгэн, төлөвлөгөөг давуулан биелүүлжээ. Авто замын нүхэн эвдрэлийг асфальт-бетон хольцоор засварлах ажил 56 хувийн гүйцэтгэлтэй байна.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж коронавируст цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээний хүрээнд Шуурхай штабаас зохион байгуулж буй ажлын талаар тайлагнав. Төвийн зургаан дүүргийн 108 хорооны нутаг дэвсгэрт 38 автобус явуулын амбулаторийн үйлчилгээ үзүүлж байна. Улаанбаатар хотын хэмжээнд 6369 иргэн хэвтэн эмчлүүлж байгаагаас 41.4 хувь нь хөнгөн шинж тэмдэгтэй аж. Өнөөдрөөс эхлэн 12-оос дээш насны хүүхдүүд Файзер вакцинд хамрагдахтай холбогдуулан 22 суурин, найман явуулын дархлаажуулалтын цэгт 42 багийн 262 эмч ажиллахаар зохион байгуулжээ. Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн засаг захиргааны шинэ байранд яаралтай тусламжийн түр төвийг байгуулсан. Эхний ээлжид 145 орыг тоноглон дэлгэсэн бөгөөд иргэдийг хүлээн авч, шаардлагатай тусламж, үйлчилгээг үзүүлээд байна. Түүнчлэн дахин 140 орыг доод давхарт нь дэлгэх боломжтой хэмээн Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж танилцууллаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч  Д.Сумъяабазар коронавируст халдварын тархалтыг бууруулах арга хэмжээг эрчимжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс аж ахуй нэгжүүдтэй байгуулж буй “Хариуцлыг гэрээ”-ний хэрэгжилтэд хяналт тавихыг холбогдох байгууллагуудад үүрэг болголоо. Мөн дүүрэг, хороодын Засаг дарга, Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын удирдлагуудад цар тахлыг бууруулах ажлын хүрээнд сайн дураар ажиллах эмч, сувилагч нарын бүртгэл, судалгаа гаргаж, ажиллах хүчний нөөц, санхүүгийн тооцоог гарган ажиллахыг  үүрэгдсэн юм. Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтаар хийж байгаа тохижилт, цэцэрлэгжүүлэлт, авто зам болон инженерийн шугам, сүлжээний засвар шинэчлэлтийн ажлыг хугацаанд нь чанартай гүйцэтгэх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайтар хангуулж, хэрэгжилтэд хяналт тавихыг харьяа байгууллагуудад чиглэл болгов.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж