Өндөгний үнэ ирэх өвөл дахин өсөх магадлалтай!

Хуучирсан мэдээ: 2021.06.28-нд нийтлэгдсэн

Өндөгний үнэ ирэх өвөл дахин өсөх магадлалтай!

Өндөгний үнэ ирэх өвөл дахин өсөх магадлалтай!

Өнгөрсөн өвөл өндөгний хомстол үүсэж, үнэ нь 500 төгрөг хүрсэн. Харин одоо хомстол алга болоод хямд өндөг олширсон байна.

Тэгвэл юунаас болж өндөгний үнэ ийнхүү хэлбэлзэж, хомстол үүсээд буй талаар Шувууны аж ахуй эрхлэгчдийн холбооны тэргүүн Ц.Билэгдэмбэрэлээс тодрууллаа.


-Монгол Улсын шувууны аж ахуйн талаар та товчхон тайлбарлаж яриагаа эхлэх үү?

-Монголчууд бид жилд 330 сая ширхэг өндөг хэрэглэдэг. Шувууны буюу өндөглөгч тахианы аж ахуй эрхэлдэг 10 орчим байгууллага дотоодод бий. Эдгээр байгууллага нийлээд нийт өндөгний хэрэгцээний 50 орчим хувийг хангадаг. Үлдсэн 50 хувийг нь импортлогч байгууллагууд ОХУ-аас оруулж ирдэг.

Монголчууд өндөгний хэрэглээгээ дотоодоос бүрэн хангах боломж бий. Энэ нь шийдэж чадахгүй хэцүү асуудал биш. Тахиа шувуу, тэжээл, техник технологийн асуудлыг шийдвэрлэхэд хэцүү биш ээ. Гэвч үүнийг хэрэгжүүлэхийн тулд импорт, дотоодын үйлдвэрлэлийн хоорондоо уялдсан тодорхой зохицуулалт хэрэгтэй байна. Импортыг шат дараатай бууруулж, дотоодын үйлдвэрлэлийг шат дараатай нэмэгдүүлэх арга хэмжээ авах хэрэгтэй. Ингэж байж зах зээлд өндөгний хомстол, үнийн өсөлт бий болохгүй, өндөгний хэрэгцээгээ өөрсдөө хангах юм.

-Өнгөрсөн өвөл яагаад өндөгний хомстол үүсэж үнэ өссөн юм бэ?

-Ковидтой холбоотой хил гааль, тээврийн асуудал хүндэрсэн. Үүнээс болж импортлогч компаниудын импорт буурсан. Хэн ч өндөр зардалтай барааг импортолж ашиггүй ажиллахгүй шүү дээ. Улмаар дотоодын хэрэглээний 50 хувийг үйлдвэрлэдэг байсан компаниуд эрэлт хэрэгцээг хангаж чадахгүйгээс хомстол үүсэж, үнэ өссөн.

-Одоо сүүлийн үед өндөгний хангамж гайгүй болж, үнэ буурсан байна уу?

-Зуны улиралд импортын өндөг маш ихээр орж ирдэг, ер нь бол хойно илүүдэл болсон өндөг гэсэн үг. Орос өндөг өвөл бөөний үнэ 400 байсан ч одоо 200 орчим төгрөг болсон. Учир нь зун болоод ирэхээр Орос дахь өндөгний үнэ буурдаг. Яг үнэндээ тэжээлийн түүхий эдийн үнэ буураагүй, бүтээмж, техник технологийн дэвшил зэрэг өндөгний үнэ буурах бодит шалтгаан байхгүй байхад өндөгний үнэ буурч байгаа нь зарагдахаа больсон импортын өндөгтэй л холбоотой. Оростоо зарагдахаа болиод үнэ нь хямдраад Монголд орж ирж байна. Хэдийгээр үнэ буурч байгаа нь сайн юм шиг боловч хүнсний аюулгүй байдлын хувьд баталгаатай биш.

Өндөг бол эмзэг бүтээгдэхүүн. Орост хугацаа нь дуусаад зарагдахаа болиод импортоор орж ирсэн өндгийг ялгах амархан. Учир нь өндөг бүр дээр он сар байх ёстой. Өндгийг 14 хоног хадгалах ёстой. Гэтэл сар гаруйн хугацаанд хадгалчихсан өндөгнүүд импортоор хямдхан орж ирээд түүнийг нь нарийн боовны газрууд, хоол үйлдвэрлэгч нар авч байна. Учир нь иймэрхүү үйлдвэрлэлд хэрэглэж байгаа өндөгний хэзээ үйлдвэрлэсэн гэдгийг хэрэглэгчид мэдэх аргагүй. Мэдээж тэдгээр газрууд хямдхан өндгийг л хайна.

Ийм үед дотоодын үйлдвэрлэгч нар хэзээ ч үйлдвэрлэлээ өргөтгөж чадахгүй байнгын 50 хувьтай байна гэсэн үг. Магадгүй ирэх өвөл өндөгний хомстол үүсэж үнэ 500 хүрнэ.

Манай холбооноос хүсэж байгаа зүйл маш тодорхой. Шувууны аж ахуйн салбарыг хөгжүүлэхийн тулд хөнгөлөлттэй зээл, ямар нэгэн урамшуулал хүсээгүй. Импорт болон дотоодын үйлдвэрлэлийн зөв зохистой бодлого бодлого хэрэгтэй. 2022 он, 2023 он, 2024 онд хэдэн өндөг импортлохоо тодорхой болгочихвол дотоодын үйлдвэр хэрхэн нэмэгдэх нь тодорхой болно. Үүний ачаар хомстол бий болохгүй, үнэ өсөхгүй.

-Монгол Улсын Засгийн газар хүнсээ өөрсдөө үйлдвэрлэдэг болъё гээд зорилт тавьсан шүү дээ?

-Яг юу хийхээ тодорхой болгоогүй. Зүгээр л өндөг үйлдвэрлэлийг 90% хүртэл өсгөнө гэсэн зорилт бий. Яаж хэрэгжүүлэх нь тодорхой бус. Бидний хувьд төрийн бодлогод нийцүүлэн ажиллахыг хүсэж байна. Өвөл өндөг хомстох үед аж ахуй нэгжүүд бүгд хөрөнгө оруулалт хийж үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхээр ажиллаад эхэлсэн. Гэвч импортын улмаас одоо үнэ нь хямдрангуут ашиггүй болчхож байгаа юм.

Одоо бол Орост өндгийг зарах уу, яах уу дээрээ л тулсан учраас хямдхан зарж байна. Хаяж байхаар гээд зарж байгаа өндгийг нь импортлогчид авч зараад байна шүү дээ.

-Холбооноос Засгийн газарт хандаж хамтран ажиллах албан бичиг явуулсан уу?

-Байнга явуулж байгаа ч одоохондоо хариу ирээгүй байна. Сонгууль, цар тахал гээд анхаарал хандуулахгүй байх шиг. Хэрэв энэ асуудлыг шийдэхгүй бол Монгол улс үйлдвэрлэгч бус импортлогч хэвээр байсаар л байна.

Өмнө ярьсан шиг шат дараатай арга хэмжээ аваад импортыг бууруулбал дотоодын аж ахуй нэгжүүд үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхэд бэлэн, бүрэн боломжтой. Засгийн газраас анхаарч үзвэл дотоодын үйлдвэрлэл хөгжих амархан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж